УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ (2005.04.22)
УИХ энэ хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх юм. Хуулийн төслийг боловсруулж дууссан хэмээн төслийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, С.Оюун, зөвлөх Б.Долгор нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна. УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, улстөрийн намууд, иргэд сонгогчдод танилцуулж, санал авна хэмээн тэд мөн мэдэгджээ.
УИХ-ын ажлын хэсэг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулахдаа Монгол орны өнөөгийн байдал, төрийн болон улстөрийн намуудын төлөвшлийн хэтийн төлөвийг илүүтэй харгалзан үзсэн аж. Тэд парламентын сонгуулийн холимог хэлбэрийн тогтолцоо Монголд илүү тохиромжтой гэж үзэж байна. Энэ нь УИХ-ын 38 гишүүнийг нэг мандаттай тойргоос, 38 гишүүнийг улстөрийн намуудын нэрийн жагсаалтаар олон мандаттай нэг тойргоос сонгох хувилбар аж. Сонгуулийн нэг мандаттай 38 тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 55 хоногийн өмнө байгуулахаар хуулийн төсөлд заасан байна. Уг хуулийн төсөлд зааснаар намууд сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 50 хоногийн өмнө СЕХ-нд бичгээр илэрхийлж бүртгүүлэх, хэрэв эвсэл байгуулсан намууд нь сонгуульд болон цаашлаад шинээр байгуулагдах УИХ-д нэг этгээд болох юм байна. Төсөлд мөн тухайн эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын сан байгуулах, өөр намуудын эвсэлд оролцох, бие даан өөр эвсэл байгуулан сонгуульд оролцох, эвсэл сонгуульд оролцохоо бүртгүүлснээс хойш түүнд аль нэг нам, эвсэл нэгдэж орохыг хориглохоор тусгаад байгаа аж. СЕХ-ноос нам, нэр дэвшигчдэд өгөх хандивын дээд хэмжээг тойргийнх нь хэмжээ, байршил, сонгогчдын тоог нь үндэслэн тогтоож өгөхөөр төлөвлөжээ. Нэг мандаттай сонгуулийн тойрогт нэр дэвшигч болон нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлж буй тал, эвсэл сонгуулийн зардлын сан байгуулж банкинд данс нээж, СЕХ-нд мэдэгдэж нийтэд зарлахаар тусгасан гэнэ. Ингэхдээ нам, эвсэл, нэр дэвшигчийн дэмжигчийн хандив нь /хувь хүн, нэг аж ахуйн нэгж, компани/ гурван саяас дээш төгрөгөөс хэтрэхгүй байхаар төсөлд заасан байна.
Сонгуулийн сурталчилгаанд нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг, бие даан нэр дэвшигч нь өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулсан сонин, ухуулах хуудас хийхдээ хоёр хэвлэлийн хуудаст багтаасан байхаар төсөлд тусгасан байна. Мөн нэр дэвшигчийн намтар болон сурталчилгааны бусад материал нэг хэвлэлийн хуудаст багтсан байх учиртай аж. Түүнчлэн олон нийтийн радио, телевизээр явуулах сонгуулийн сурталчилгаа төлбөргүй байх бөгөөд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчид ижил эрхтэй байхыг СЕХ-ноос тогтоохоор заажээ.
Ажлын хэсгээс СЕХ-г бие даасан, хараат бус, хөндлөнгийн байгууллага байх хуулийн төслийг боловсруулж, СЕХ-ны эрх, үүргийг өргөтгөх чиглэлээр холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Төсөлд зааснаар СЕХ нь есөн гишүүнтэй байх бөгөөд Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх тус бүр гурван гишүүнийг томилох аж. Тэдний тав нь орон тооны, дөрөв нь орон тооны бус байхаар төлөвлөсөн байна.