Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов (2005.04.22)
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2005-2010 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд өчигдөр НХХЯ, ХХААЯ-ны холбогдох мэргэжилтэн, ажил олгогч эздийн болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагынхантай уулзаж санал солилцсон байна.
Сайд С.Батболдын үзэж байгаагаар дараахь үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж чадвал жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой ажээ. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрийн шалгуур үзүүлэлтийг тоггоож, тэргүүлэх чиглэлд ямар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг оруулахаа судлах хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ. Эдүгээ бичил аж ахуйн нэгж гэж хэчнээн ажилчинтай, борлуулалтын төчнөөн орлоготойг хэлнэ гэсэн нарийн үзүүлэлт байдаггүй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих удаахь зорилт нь мэдээлэл, харилцаа, холбоо болон импортыг орлох бүтээгдэхүүнийг тэргүүлэх чиглэлд авч үзэж эхний гурван жилд тэдгээрийг татвараас чөлөөлөх, гаалийн татвараас хөнгөлөх нь чухал хэмээн үзэж байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 9.5 хувиар хөнгөлөх гэнэ. Эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхийн тулд бизнес, нийгмийн даатгал, төрийн хяналт шалгалтад холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа ажээ.