A- A A+

"Айвенхоу майнз" компанитай хэлэлцээ үргэлжилж байна (2005.04.22)

"Айвенхоу майнз" компанитай Монголын Засгийн газрын байгуулах тогтвортой байдлын гэрээний төслийн талаар Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул, уурхайн хэлтсийн дарга Д.Галсандоржоос “Зууны мэдээ” сонин /¹93/ тодруулга авчээ.

"Айвенхоу майнз" компанитай тогтвортой байдлын гэрээний төслийн талаар тус компанитай хэлэлцээ хийх ажил үргэлжилж байна гэж тэрбээр өгүүлээд Оюу толгойн ордын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, зургадугаар сард тайланг нь гаргана хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл "Айвенхоу майнз" компани катодын зэс боловсруулах гэж байгаа аж. Иймд ямар аргаар зэсээ боловсруулах, бүтээгдэхүүнээ хаашаа экспортлох, үйлдвэртээ хэчнээн хүн ажиллуулах зэрэг судлах асуудал олон байгаа гэнэ. Манай талаас ажиллах хүчний асуудалд онцгой анхаарч ажилчдын олонхи нь тухайн орон нутгийнх байх шаардлага тавьсан аж. Мөн эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангаж чадах уу, эсвэл өөр газраас татах шаардлагатай юу гэдгийг Түлш, эрчим хүчний яамныхан судалж байна. "Айвенхоу майнз" компани байгаль орчны үнэлгээгээ Австралийн компаниар хийлгэсэн. Энэ үнэлгээг Байгаль орчны яамныхан мөн судалж байна хэмээн Д.Галсандорж хэлжээ.

Тэрчлэн Оюу толгойн ордын ашгийг 50:50 хувиар хуваах тухай саналыг зарим хүн тавьж буй талаар Үйлдвэр худалдааны яамны дэд сайд Ц.Энхтүвшин хэлэхдээ «уул, уурхайн үйлдвэрлэл асар их хөрөнгө, тоног төхөөрөмж шаарддаг эрсдэлтэй, бүтээгдэхүүний үнэ нь дэлхийн зах зээлээс шалтгаалан хэлбэлзэж байдаг. Ер нь гаднын компани 100 хувь хөрөнге оруулалт хийгээд хайгуул хийсэн байхад 50 хувийг авна гэдэг олон улсын практикт байдаггүй зүйл. 50 хувийн хөрөнгө оруулалтыг манай улс хийлээ гэхэд эрсдэл гарвал хэн хүлээх вэ» гэж мэдэгдсэн болохыг «ЗМ» сонин мөн тэмдэглэжээ. Дэд сайд Ц.Энхтүвшний хэлснээр "Айвенхоу майнз" компани хайгуулын ажилдаа нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ. Дэд бүтэц, барилга байгууламжид дахин хоёр тэрбум ам.доллар зарцуулах гэнэ. Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг хоёр тал 51:49 хувиар эзэмшдэг тухайд тэрбээр ярихдаа, тухайн үед манай улс зээл авч, түүнийгээ бүтээгдэхүүнээр нөхөн төлж байсан хэмээн тодотгосон байна.