Нэр дэвшигч Б.Жаргалсайханы нэр холбогдсон шуугиан дахин дэгдэв (2005.04.25)

A- A A+
Нэр дэвшигч Б.Жаргалсайханы нэр холбогдсон шуугиан дахин дэгдэв (2005.04.25)
Нэр дэвшигч Б.Жаргалсайханы нэр холбогдсон шуугиан дахин дэгдэв (2005.04.25)

БНН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Жаргалсайханы сонгуулийн ерөнхий менежер Т.Занашир өнгөрсөн долоо хоногт "Монголын мэдээ" сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, "Б.Жаргалсайхан "Марубени" корпорациас авсан өрөө төлсөн. Хүүтэй нь нийлээд 23 сая ам.доллар төлсөн. Одоо "Марубени"-тэй өр төлбөрийн асуудал байхгүй” хэмээн мэдэгджээ. Тус компани Засгийн газраар баталгаа гаргуулан Японы “Марубени" компаниас 23 сая ам доллар зээлчихээд 18 саяыг нь төлөөгүй гэх хэрэг 2002 онд дэгдэж, Монголын Засгийн газар Английн шүүхэд дуудагдсан бөгөөд Лондон дахь арбитрийн шүүх Монгол Улсын Засгийн газрыг уг хэрэгт ямар ч холбоогүй болохыг баталсан шийдвэр гаргажээ. Лондонгийн шүүх энэ оны дөрөвдүгээр сарын эхээр эцсийн шийдвэрийг гаргахдаа "Буян" ХХК Японы "Марубени" компанид 18 сая ам доллар, харин Монгол Улсын Засгийн газарт нэг сая ам долларыг төлөх болсон. Тэгэхээр "Марубени"-д манай Засгийн газар огт өргүй, харин ч "Буян" ХХК-аас нэг сая ам.доллар авах юм байна” хэмээн Ардын эрх” сонин /¹81, 2005-04-25/ тэмдэглэжээ.

Гэвч “АЭ” сонинд мэдээлснээс үзвэл нэр дэвшигч Б.Жаргалсайхан энэ сарын 23-ны бямба гаригт хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулсан боловч яг өр төлбөртэй холбоотой асуудлаар ямар нэг үг яриа хэлээгүй байна. Тус сонины сурвалжлагчийн "Үнэхээр энэ асуудал дууссан бол "Марубени”-д өрөө төлсөн гэх ямар нэг бичиг, нотлох баримтаа үзүүлэх хэрэгтэй. Ингэвэл асуудал нэгмөсөн дуусч, шуугиан дарагдана" гэсэн асуултад Б.Жаргалсайханы сонгуулийн ерөнхий менежер Т.Занашир "Хоёр компани бизнес хийх нь Монголын ард түмэн, сэтгүүлч та нарт хамааралгүй” гэсэн утгатай хариу өгсөн аж.

Б.Жаргалсайханы сонгуулийн ерөнхий менежер Т.Занаширын ярилцлагын дараахан уг асуудлаар Английн шүүхэд Монголын Засгийн газрыг төлөөлөн оролцсон Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ "Б.Жаргалсайхан Засгийн газарт юу ч төлөөгүй. Засгийн газар ч "Марубени"-д ямар нэг төлбөр төлөөгүй" гэж мэдэгдсэн юм. Ийнхүү Б.Жаргалсайханд холбогдох энэ асуудал дахин нэг шуугиан үүсгээд байна.