М.Энхсайхан “Эх орны баялгийг иргэн бүрт” сэдвээр уулзалт хийв (2005.04.25)

A- A A+
М.Энхсайхан “Эх орны баялгийг иргэн бүрт” сэдвээр уулзалт хийв (2005.04.25)

М.Энхсайхан “Эх орны баялгийг иргэн бүрт” сэдвээр уулзалт хийв (2005.04.25)

Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан ашигт малтмал, газрын ашиглалт, хайгуулын олборлолтын асуудлаар олон нийтийн дунд дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан байна. Тэрбээр «хөдөө орон нутгаар уулзалт хийж явахад иргэдийн хамгийн их хөндсөн асуудал бол эх нутгийнхаа баялагт монголчууд өөрсдөө эзэн нь болох эсэх тухай байлаа. Энэ бол зөвхөн нутгийн иргэдийн эрх ашгийн асуудал биш. Монголчуудын эрх ашгийн, Монголын төрийн бодлогын асуудал» хэмээн тэмдэглэн хэлжээ.

Түүний жишээлснээс үзвэл Дундговь аймагт гэхэд л нутаг дэвсгэрийн 80 хувь нь, Өмнөговь аймаг бараг 100 хувь хайгуулын лицензэд хамрагдсан боловч хайгуулын лицензыг чухам хэн ашиглаж байгаа нь мэдэгдэхээ больжээ. Хайгуулын лицензээр борлуулалт хийдэг. Хайгуул хийнэ, дээж авч байна гэсэн нэрийдлээр хэдэн мянган тонноор нь шороо зөөдөг болсон аж. Төрийн бодлогын хэмжээнд энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй гэж М.Энхсайхан үзэж байна.

Үүнийг түргэн засахгүй байгаа нь авилгал, хээл хахуултай холбоотой. Энэ том орд газруудыг авсан хүмүүс манай хэдэн түшмэдийг авилгадахад асуудал байхгүй гэж М.Энхсайхан мэдэгдсэн байна. Манай төрийн шийд дэндүү удаан байгаагаас баялгаа гарын салаагаар гадагш алдах аюул тулгарах вий гэж тэрбээр болгоомжилж байгаа аж. 1997 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хөгжлийн хурдад түүртэлгүй төрийн бодлогоо засах хэрэгтэй гэж М.Энхсайхан үзэж байна.