Хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх Засгийн газрын байр суурь хэвээрээ болохыг мэдэгдэв (2005.04.26)
Монгол Улсын Засгийн газар 2005 оны дөрөвдүгээр сарын 25-нд мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "сүүлийн үед гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин, ялангуяа, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдалд эргэлзээ төрүүлэхүйц мэдээ, мэдээлэл цацагдаж байгаад Монгол Улсын Засгийн газар харамсч байна” гээд хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдүүлэх явдал Монгол Улсын урьд өмнөх Засгийн газрууд болон энэ Засгийн газрын үндсэн зорилтын нэг байсан, цаашид ч байх болно хэмээн мэдэгдсэн байна.
Татварын дарамт, хүнд суртлыг багасгах зорилгоор Засгийн газар татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Цаашид ч хөрөнгө оруулалтын орчинг илүү таатай, боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай ил тодоор зөвлөлдөж, тэдний саналыг авсны үндсэн дээр цогц арга хэмжээ авах болно" гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.