Сонгуулийн явцын хэвлэл, мэдээллийн мониторингийн эхний үе шатны дүн гарчээ ( 2005. 04.26 )

A- A A+
Сонгуулийн явцын хэвлэл, мэдээллийн мониторингийн эхний үе шатны дүн гарчээ ( 2005. 04.26 )

Сонгуулийн явцын хэвлэл, мэдээллийн мониторингийн эхний үе шатны дүн гарчээ ( 2005. 04.26 )

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хэвлэл, мэдээллийн мониторингийн эхний гурван долоо хоногийн дүнг " Глоб интернэшнл" төрийн бус байгууллага өчигдөр олон нийтэд мэдээлжээ. Мониторингийг АНУ-ын Вашингтон хот дахь Үндэсний ардчилсан хүрээлэнгийн санхүүжилтээр хийж буй бөгөөд санал хураах өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчид, тэдний мөрийн хөтөлбөрийн талаар бодитой болоод тэнцвэртэй мэдээлэл хүргэж буй эсэхэд мониторинг хийхдээ сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн зургаан телевиз, дөрвөн өдөр тутмын сонин, Монголын үндэсний радиог хамруулжээ. Дүн шинжилгээний тоон болон чанарын арга зүйг хэрэглэсэн гэнэ. Тоон шинжилгээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан сонгуульд хамааралтай нийтлэл, талбай, нэвтрүүлгийн цаг хугацааг хэмжих аргачлалаар хийж, чанарын дүн шинжилгээгээр тухайн мэдээлэл агуулгын хувьд эерэг, сөрөг, эсвэл төвийг сахисан эсэхийг үнэлж дүгнэсэн байна.

Энэ удаагийн дүнгээр Монголын үндэсний радио, телевизийн мэдээ, нэвтрүүлгээр нэр дэвшигчдийн талаар сөрөг мэдээлэл бараг гараагүй аж. Харин бусад таван телевизээс "Ийгл" телевиз нэр дэвшигч М.Энхсайханы талаар эерэг мэдээлэл, нэр дэвшигч Н.Энхбаярын талаар сөрөг мэдээлэл их гаргасан бол TV 5 телевиз нэр дэвшигч Н.Энхбаярын талаар дан эерэгээр, нэр дэвшигч М.Энхсайханы талаар сөргөөр мэдээлсэн нь ажиглагджээ.

Өдөр тутмын сонинуудын хувьд олон ургальч үзэл бодлыг гаргаж байсан ч аль нэг нэр дэвшигчийн талд орох юмуу, эсвэл нэг талыг барих байдал ажиглагдсан байна. "Өдрийн сонин" нэр дэвшигч М.Энхсайханы талаар хамгийн их эерэг мэдээллийг өгсөн атал нэр дэвшигч Н.Энхбаярын талаар гарсан мэдээллийн 80 хувь нь сөрөг мэдээлэл байжээ. Гэтэл "Зууны мэдээ" сонин нэр дэвшигч Н.Энхбаярын талаар хамгийн их эерэг мэдээллийг гаргасан бол нэр дэвшигч М.Энхсайханы талаар сөргөөр мэдээлжээ. Харин "Ардын эрх" сонин нэр дэвшигчдийн талаар нэлээд тэнцвэртэй мэдээлэл түгээсэн болох нь ажиглагджээ. Тухайлбал, нэр дэвшигч М.Энхсайханы тухай мэдээлэл 46 хувь, нэр дэвшигч Н.Энхбаярын тухай мэдээлэл 42 хувь, нөгөө хоёр нэр дэвшигч тус бүрийн зургаан хувийг эзэлжээ.

Нэр дэвшигчдийн талаарх телевизийн мэдээллийн эзэлж буй хувь

Нэр дэвшигчид   МҮТВ UBS ТV5 TV 9 Еаglе 25-р суваг Радио

Н.Энхбаяр

51

79

47

69

16

8

28

М.Энхсайхан

22

10

37

14

34

87

31

Б.Жаргалсайхан

17

6

6

10

28

2

11

Б.Эрдэнэбат

7

5

14

6

22

3

30

Нэр дэвшигчдийн талаарх өдөр тутмын сонины мэдээллийн эзэлж буй хувь

Нэр дэвшигч

Ардын эрх

Өнөөдөр

Өдрийн сонин

Зууны мэдээ

Н.Энхбаяр

42

14

27

85

М.Энхсайхан

46

41

43

7

Б.Жаргалсайхан

6

9

6

3

Б.Эрдэнэбат

6

36

24

5