Ж.Ядамсүрэн: УИХ шийдвэр гаргавал СЕХ огцроход бэлэн байна (2005.04.27)

A- A A+
Ж.Ядамсүрэн: УИХ шийдвэр гаргавал СЕХ огцроход бэлэн байна (2005.04.27)

Ж.Ядамсүрэн: УИХ шийдвэр гаргавал СЕХ огцроход бэлэн байна (2005.04.27)

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны /СЕХ/ дарга Ж.Ядамсүрэн өчигдөр мэдээлэл хийсэн байна. Тэрбээр энэ хэвлэлийн бага хурлын үеэр хэрэв УИХ шийдвэр гаргах юм бол СЕХ огцроход бэлэн байна хэмээн мэдэгджээ. “Өнөөдөр” сонины мэдээлснээс үзвэл ноён Ж.Ядамсүрэн хэлэхдээ, "зарим намын сонгуулийн штаб, хөдөлгөөнийхөн сонгуулийг хуулийн хүрээнд шударга явуулахыг дэмжихийн оронд СЕХ руу тодорхой үндэслэл баримтгүйгээр дайрч давшлан, худал мэдээлэл тараан олон нийтийг төөрөгдүүлж, бодит байдлыг гуйвуулсан сурталчилгаа явуулж байгаад гүнээ харамсаж байна" гэжээ. Сонгууль хаяанд тулаад ирсэн үед энэ ажлыг хаях эрх бидэнд байхгүй ч тус хороог томилох эрхтэй УИХ-д баримт нотолгоогоо гаргаад тэндээс огцруулах шийдвэр гаргах юм бол энэ ажлыг өгөхөд бэлэн байна гэж Ж.Ядамсүрэн хэлсэн хэмээн “Өдрийн сонин”-д мөн мэдээлжээ.

Одоо сонгогчдын үнэмлэхийг олгох бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан ч сонгогчдын тоон дээр баримтын зөрөөд байна гэж ноён Ж.Ядамсүрэн мэдэгдсэн байна. Тухайлбал Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төв сонгогчдын тоог нэг сая 513 мянга, Үндэсний статистикийн газар нэг сая 579 мянга, СЕХ нэг сая 414 мянган хэмээн зөрүүтэй тоог гаргаад байгаа аж. 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр гаргасан тоог илүү бодитой гэж СЕХ үзэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг зарласнаас хойш нутаг дэвсгэрийн 30 хороо, сонгуулийн хэсгийн 1631 хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталжээ.
Нутаг дэвсгэрийн болон хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа намуудын төлөөллийг тэнцвэргүй оруулсан, СЕХ-ны удирдлага МАХН-д уйлчилж байна гэдэг талаар СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар тайлбар хийхдээ, нутаг дэвсгэр, хэсгийн хорооны бүрэлдэхүүнд аль нэг намын давамгайлал байхгүй гээд дараахь мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна. Тухайлбал, улсын хэмжээний 1631 хэсгийн хорооны 13044 гишүүний 5296 нь буюу 40.6 хувь нь МАХН-ын, 4331 /33.2 хувь/ нь АН-ын, 949 /7.28 хувь/ нь Эх орон намын, 192 нь /1.47 хувь/ ИЗБНН-ын, 286 нь /2.19 хувь/ нь БНН-ын, үлдэх 1943 нь буюу 14.9 хувь нь нам бусчуудын төлөөлөл байгаа ажээ.

Хуулийн дагуу тавдугаар сарын 17 гэхэд саналын хуудсыг нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодод хүргэж дууссан байх ёстой. Харин нэр дэвшигч нэрээ татах эцсийн хугацаа мөн сарын 1, нөхөн дэвшүулэх эцсийн хугацаа нь тавдугаар сарын 4-нөөр дуусах ажээ.