Б.Эрдэнэбат: Өнөөдрийн харамсал маргаашийн бахархал болно
Энэ үгийг нэр дэвшигч Б.Эрдэнэбат Архангай аймгийн төвийн сонгогчидтой хийсэн уулзалт дээрээ онцолжээ. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа, «би Сэлэнгэ аймгийн сонгогчидтой уулзахдаа газар нутгаас нь алт олборлон ашиглаж байгаа хэдэн уурхайгаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг л аймгийнхаа төсөвт төвлөрүүлэхэд улсаас ганц төгрөгийн татаас авахгүйгээр нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэх боломжтой болно гэдгийг ярьсан юм. Ашигт малтмал ихтэй, нутаг дээр нь олон уурхайтай аймгийн иргэд нь баян чинээлэг амьдрах юм байна, уурхай байхгүй манай Архангай яах болж байна гэж надаас асуух хүн байж магадгүй. Гэхдээ үүнд харамсах биш баярлах учиртай ч байж болно. Газар нутаг нь уурхай, үйлдвэрт эзлэгдээд, монгол хүний төрөлхийн араншин болсон эрүүл агаар, онгон тансаг байгаль нь үгүйлэгдээд ирэхийн цагт үйлдвэржсэн гэх аймгийнхан архангайчуудад атаархах цаг ирнэ. Та нарын өнөөдрийн харамсал маргаашийн бахархал болно гэж мэдэгджээ.
«Монголын мэдээ» сонинд нийтэлсэн түүний үгнээс үзвэл ард түмний татварын хөрөнгийг захиранзарцуулах эрхийг нутгийн удирдлагад өгөхгүй байгаа учраас би мөрийн хөтөлбөртөө өнөөгийн "Төрийн тогтолцоог эрс шинэчлэе, нийгмийн бодлогыг эрс шинэчилье" гэж тусгасан хэмээн Б.Эрдэнэбат ярьсан байна.
Ерөөс түүний хэлсэн үг байгалийн баялгийг ашиглах асуудлыг ихээхэн хөнджээ. Архангай аймгийн Тариат сумын Ангалагийн анар эрдэнийн уурхай нөөцөөрөө дэлхийд томд орно. Анар эрдэнэ нэг үе олборлож гадаадынханд килограммаар нь зарж байсанд би харамсдаг. Учир нь эрдэнийн чулуу ховор байх тусмаа үнэ нь өсдөг, элбэгшчихвэл хэрэгцээ болчихдог юм. Нэг килограмм сайн чанарын эрдэнийн чулуу гэдэг чинь сайн инжааны насан туршийн хоол, ур ухаанаа гайхуулах баялаг гээд Төв Европ даяар алдартай олон зуун жилийн түүхтэй Богемийн анар эрдэнийн уурхайн тухай дурджээ. Юугаар баян байна, түүгээрээ л хөгжинө гэж тэрбээр Б.Эрдэнэбат хэлжээ.
Нэр дэвшигч Б.Эрдэнэбат аймаг , сум бүрт хөгжлийн өөрийн гэсэн арга зам байх ёстой, тэгээд ч бусдаас ялгарах өнгө төрхтэй болж шохоорхох хүслийг нь татаж чадах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр аль ч аймаг, сумын төв дээр очсон шинээр барьж байгуулж байгаа юм ховор, шинэ амьдралын өнгө төрх алга гэж шүүмжилсэн байна.
Улс орон хөгжихгүй, ард түмэн ядуурч, авилгал цэцэглэж, архидалт гэмт хэрэг өсч байгаагийн хариуцлагыг ард түмний өмнө хүлээх эзэн байхгүй байна. Ийм байдал цаашдаа үргэлжилбэл Монголын ирээдүй эмгэнэлтэй болно. Нийгмийг бүхэлд нь хамарсан хямралт байдлын шалтгаан нь өнөөгийн төрийн тогтолцоонд байна. Иймээс эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэж би үзэж байгаа юм. Цаг алдвал түүх биднийг өршөөхгүй. Эрс шинэчлэлийг эрчимтэй, зорьмог, зөв хийж чадвал та бид нар, бидний үр хүүхэд л хожно гэжБ.Эрдэнэбат хэлжээ.