Геологийн судалгаа хийсэн талбайг дуудлага худалдаагаар олгоно (2005.05.09)

A- A A+
Геологийн судалгаа хийсэн талбайг дуудлага худалдаагаар олгоно (2005.05.09)

Геологийн судалгаа хийсэн талбайг дуудлага худалдаагаар олгоно (2005.05.09)

Төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, эрлийн ажил хийсэн талбайг дуудлага худалдаагаар олгох тогтолцоонд 2005 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн шилжинэ хэмээн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд мэдэгдсэн байна. Лиценз эзэмшигчдийн төсвийн хөрөнгөөр хийсэн геологи, хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийг барагдуулах, энэ үйл явцын эрхзүйн орчинг бүрдүүлэн хуульчлах нь зүйтэй гэж тэрбээр үзэж байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Үндэсний аудитийн газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийн лиценз олголт, түүнийг шилжүүлэх явц, улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын төлөвлөлт, хэрэгжилт болон энэ зардлын нөхөн төлөлтийг хангах байдалд ихээхэн зөрчил, дутагдал байгааг тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан АМГТХЭГ-аас хэвлэлийн бага хурал хийлгэж багц арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсноо мэдээлжээ. Ялангуяа лицензтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулдаг журмуудыг шинэчлэх ажлыг энэ оны тавдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн байна. Геологи, уул уурхайн кадастрын газрын лицензийг шинээр олгох болон лиценз шилжүүлэх, цуцлах, дуусгавар болгохтой холбоотой бүх мэдээллийг интернэтэд ил тод байрлуулна гэж ноён Лу.Болд мэдэгджээ. Одоогоор лиценз шилжүүлсэн тухай мэдээллийг татварын газарт тогтмол хүргүүлж орлогын албан татварт хамруулах асуудлыг Үндэсний татварын ерөнхий газартай хамтран судлахаар болжээ. Мөн лицензийн өргөдлийн зураг зүйн шүүлтийг хийхэд давхар хяналтын тогтолцоог бүрдүүлэх аж.

Ашигт малтмалын тухай хуульд заасан төлөвлөгөө, тайланг ирүүлэхгүй байгаа лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, хэрвээ үүргээ биелүүлээгүй бол тэдэнд тохоох арга хэмжээг журамд тодорхой заахаар төлөвлөж байгаа аж. Байгаль орчны нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа аж ахуйн нэгжийг холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж, зөрчил дутагдалд авах арга хэмжээ, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх болон Байгаль орчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт оруулахаар болжээ.