Татварын хуульд оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэв (2005.05.10)
Хуулийн төсөлд татварын баазыг өргөтгөн татвар хураалтыг сайжруулах, татвар төлөгчдийн эрхийг нэмэгдүүлэх, татварын албаны үйлчилгээг сайжруулж үүргийг тодорхой болгох, татварын ачааллыг бууруулахад голлон анхаарсан хэмээн ноён Л.Зоригт ярьсан байна.“Зууны мэдээ” /¹108/ сонинд мэдээлснээс үзвэл гол нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг адил дэмжих эрхзүйн орчинг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийн өнөөгийн түвшинг хадгалах, нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилж байгаа аж. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт зөвхөн үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгийн хэмжээнд нь таван хувийн хөнгөлөлт үзүүлдэг байх, мөн эхний жилдлээ алдагдалтай ажиллавал уг алдагдлыг нь дараагийн 3-5 жилд шилжүүлэн, татвар ногдуулах орлогоос нь хасч тооцох, бизнесийн зорилгоор гарсан зардлыг татвар ногдуулах орлогоос хасахаар хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, уул уурхай, зам тээвэр зэрэг эхний жилдээ алдагдалтай ажилладаг салбарыг үүнд багтаажээ.
Хүн амын орлогын албан татварын одоогийн мөрдөж байгаа 10, 20, 30 гэсэн шатлалыг хэвээр үлдээж, харин татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, жилийн хөнгөлөлтийн хэмжээг 54 мянган төгрөг байхаар төсөлд тусгажээ. "Өнөөдөр” /¹110/ сонин мэдээлснээс үзвэл хуулийн төсөлд хүн амын орлогын албан татварт ажил олгогч 14, тухайн ажилтан зургаан хувийг төлөхөөр тусгаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн 19 хувийг ажил олгогч, үлдсэн 10 хувийг тухайн ажилчин өөрөө төлдөг бөгөөд нийт 29 хувийн татвар төлдөг. Үүнийг ҮТЕГ-аас есөн пунктаар бууруулах төлөвлөж байна гэж Л.Зоригт хэлжээ. Тэрбээр тэтгэврийн насны иргэд өмнө нь ажиллаж байхдаа татвараа төлсөн байдаг учраас тэднийг дахин татвараас чөлөөлөх ёстой гэж үзэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах, 10 сая төгрөгийн босгыг багасгах, бага хэмжээний борлуулалтын орлоготой татвар төлөгчдөд НӨАТ төлөх хялбаршуулсан тогтолцоо бий болгохоор судалж байна хэмээн ҮТЕГ-ын дарга Л.Зориг ярьсан байна. Мөн дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, ой, ан агнуурын анхдагч түүхий эдийг үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн зардлыг НӨАТ-д тооцон хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгаад байгаа ажээ.
Үндэсний татварын алба 2005 оны эхний дөрвөн сард орлогын төлөвлөгөөг 119.2 хувиар биелүүлж, улсын төсөвт оруулж буй орлогын хэмжээ 2004 онд 296979.7 сая төгрөгт хүрсэн гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна. 2005 оны эхний дөрвөн сард нийт 3625 татвар төлөгчийг шалгалтад хамруулж 33.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 3.5 тэрбум төгрөгийн нөхөн татвар, хүү торгууль тавьж, нэг тэрбум төгрөгийн нөхөн татвар, хүү торгуулийг барагдуулсан аж.