Ардчилсан нам, Эх орон нам, БНН-аас мэдэгдэл гаргалаа (2005.05.12)

A- A A+
Ардчилсан нам, Эх орон нам, БНН-аас мэдэгдэл гаргалаа (2005.05.12)

Ардчилсан нам, Эх орон нам, БНН-аас мэдэгдэл гаргалаа (2005.05.12)

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй Ардчилсан нам, БНН, "Эх орон" намаас өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд хандаж мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд дурдахдаа:

Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдахаас өмнө сонгогчийн үнэмлэхийг ямар ч хяналтгүйгээр 1556100 ширхэгээр хэвлэсэн нь намуудын хяналттайгаар арван хувийн нөөцтэйгөөр 1476530 ширхэг хийгдсэн саналын хуудасны тоотой харьцуулахад 80 мянган ширхэгээр илүү байгаа нь сонгуулийг будлиантуулах гол нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй болжээ. Сонгуулийн будлианыг хянах, таслан зогсоох гол байгууллага болох нутаг дэвсгэрийн болон хэсгийн хорооны бүтцийн талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн  тов зарлагдахаас өмнө сануулсаар байтал нэг нам давамгайлсан бүтэцтэйгээр байгуулан ажиллуулж байгаа нь намуудын сонгуулийн штабаас өгсөн олон удаагийн шаардлагыг үл хайхран цаг нөгцөөж худал мэдээллээр сонгогчдыг төөрөлдүүлж байгааг та бүхний санаатай үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. СЕХ-ноос 2005 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ "Нутаг дэвсгэрийн 30 хорооны 282 хүнээс 94 нь МАХН, 63 нь АН, 30 нь Эх орон нам, 17 нь БНН, хэсгийн 1631 хорооны 13044 хүнээс 5296 нь МАХН, 4331 нь АН, 949 нь "Эх орон" нам, 286 нь БНН байхад аль нэг нам давамгайлаагүй байна" гэж мэдэгдсэн байгааг бид хэрхэн ойлгох вэ гэжээ.

Тэрчлэн сонгууль эрхлэн явуулах байгууллагад намуудын төлөөллийг тэнцвэртэй байлгах талаар та бухэн огт санаа тавихгүй байгаа бөгөөд "нам бусчууд" хэмээх нэрийн дор МАХН-ын дэмшигчдийг олноор оруулах ажиллагааг зохион байгуулсан гэж үзэх бүрэн үндэслэл байна гээд намууд "Шударга өрсөлдөх гэрээ" байгуулсантай холбогдуулан нэр дэвшигчдэд бие биедээ хяналттай, шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлэх талаар СЕХ анхаарах цаг болсныг хатуу сануулж байна гэж дурдсан байна.

Мэдэгдэлд тавдугаар сарын 15-ны дотор СЕХ илүү хэвлэгдсэн 80 мянган ширхэг сонгогчийн үнэмлэхийг нутаг дэвсгэрийн хороодоос татан авч намуудын хяналтын дор устгах, сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнд намуудын төлөөллийг тэнцвэржүүлэх, дарга, нарийн бичгийн дарга нарыг МАХН ба бусад намуудын төлөөллөөр байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг байлцуулан бүх намын төлөөлөлтэй нээлттэй хамтарсан уулзалтыг зохион байгуулж хийлгэх арга хэмжээ авахыг шаарджээ.