Б.Эрдэнэбатын машиныг мөргөсөн гэж мэдэгджээ (2005.05.12)
Эх орон намаас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж мэдэгдэл гаргаснаа дуулгасан байна. “Өнөөдөр” сонинд мэдээлснээр тус намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын баг Шарын голоос нисдэг тэрэг хөлөглөн Буянт-Ухаад тавдугаар сарын 9-ний өдөр 19.30 цагт газарджээ. Гэтэл угтан авах ёстой төрийн тусгай хамгаалалтын машин урьдчилан мэдэгдсээр байтал ирээгүй тул хэсэг хүлээзнээд тус багийнхан Улаанбаатарыг зорин гурван машинтай хөдөлжээ. Эхний машинд нэр дэвшигч Б.Эрдэнэбат явсан бөгөөд энэ удаа тэрбээр өөрийн байнга сууж явдаг УБЯ 0201 дугаарын машинд суугаагүй гэнэ. Гэтэл нисэхийн цагаан хаалга өнгөрч явтал тэднийг тосч аван хамгаалах ёстой байсан төрийн тусгай хамгаалалтын УБЗ 0004 дугаартай улаан өнгийн "Форд” машин гэнэт урдаас нь урсгал сөрөн ирж, цувааны хоёр дахь машиныг мөргөн осол гаргажээ.
Хэрэв нэр дэвшигч Б.Эрдэнэбат төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудтай хамт хоёр дахь машинд урьдын адил сууж явсан бол амь насанд нь аюул учрах байсан гэж Эх орон намаас өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Энэ явдлыг Эх орон намын удирдлагууд жирийн нэг санамсаргүй тохиолдол гэж үзэхгүй байна. Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлага болсон явдлын учир шалтгааныг Эх орон намын сонгуулийн штабт одоо болтол мэдээлэхгүй байгааг тус намаас гаргасан мэдэгдэлд дурджээ.