Ардчилсан нам, БНН, Эх орон нам хамтран цуглаан зохион байгуулна (2005.05.13)
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Ардчилсан нам, БНН, Эх орон намын сонгуулийн ерөнхий менежерүүд өчигдөр хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэд сонгогчийн үнэмлэхийг 80 мянган хувиар илүү хэвлүүлсэн нь сонгуулийг будлиантуулах оролдлого боллоо хэмээн үзэж үүнд Сонгуулийг ерөнхий хороог буруутгаж байна. Зарим сонгогчийн нэр дээр илүү үнэмлэх тарааж байна гэж тэд мэдэгдээд зарим баримтыг сэтгүүлчдэд үзүүлжээ. Нэр дэвшигчдийн штабынхан зөвхөн Баянгол, Хан-Уул дүүргийн хоёр хороон дээр очиход л ихээхэн зөрчил гарсан гэж мэдэгдсэн байна.
Ардчилсан нам, Эх орон нам, БНН-аас нэр дэвшигчдийн ерөнхий менежерүүд сонгогчийн үнэмлэхийг дахин хэвлүүлж шинээр солихыг СЕХ-ноос шаардсан ажээ. Улсын хэмжээгээр нийт сонгогчдын 11 хувьтай тэнцэхүйц буюу 80 мянгаар илүү үнэмлэх хэвлүүлсэн нь нөөцийн10 хувиасаа дахиад 11 хувь илүү хэвлэгдсэн гэж тэд үзэж байна. Саналын хуудас 1476530, сонгогчийн үнэмлэх 1556100 гэсэн тоотойгоор хэвлэгдсэн нь ийнхүү хардахад хүргээд байгаа ажээ. Саналын хуудсыг аймгуудад илүү хүргүүлж, тухайлбал Хэнтий аймагт 2700, Баян-Өлгий аймагт 2852 саналын хуудас илүү хүргэсэн байна гэж мөн мэдэгджээ.
Энэ гурван намын сонгуулийн менежерүүд Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ сонгуулийг зохион байгуулах ёс суртахууны эрхгүй гэж үзэж, тус хороог шаардлагатай арга хэмжээг авахгүй бол шат дараалсан тэмцлийн алхмыг хийнэ хэмээн мэдэгджээ. Өнөөдөр Ардчилсан нам, БНН, Эх орон намаас хамтран «Сонгуулийг шударга явуулья» уриан дор өдрийн 12 цагт Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулахаар болсон байна. Цуглаанд эдгээр намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид оролцох ажээ .