Гадаадын димломат төлөөлөгчдийн газрын хүсэлтээр СЕХ мэдээлэл хийв (2005.05.17)
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дуусахад тав хоног үлдээд буй энэ үед Монголд суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон гадаадын хэвлэл, мэдээллийн агентлагуудын сурвалжлагчид Гадаад хэргийн яамаар дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд /СЕХ/ хандан мэдээлэл авахыг хүссэн байна. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар өчигдөр мэдээлэл хийжээ. Тэрбээр сонгуулийн бэлтгэл ажил ерөнхийдөө жигдэрсэн бөгөөд сонгогчийн үнэмлэх олгохтой холбоотой зөрчил гаргуулахгүй байх, гарсан тохиолдолд дутагдлыг арилгах тал дээр илүү анхааран ажиллаж байна гэж мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл энэ удаагийн сонгуулиар сонгогчид 1631 хэсэгт санал өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд хэсгийн хороог ч нэмж байгуулах боломжтой аж.
Ардчилсан нам, Эх орон нам, БНН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн штабуудын хамтран гаргасан мэдэгдлийн талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар дараахь тайлбарыг хийсэн байна. Сонгууль болох жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс сонгуулийн насны иргэдийн урьдчилсан тоог гаргадаг бөгөөд энэ оны тооцоогоор нэг сая 513 мянга 40 хүн санал өгөх ёстой гэж гарчээ. Гэхдээ СЕХ УИХ-ын 2004 оны сонгуулиар нэрсийн жагсаалтад нэг сая 330 мянга, 610 сонгогч бүртгэгдснийг хамгийн бодитой байж болох тоо хэмээн үзэж байгаа аж. Эдгээр зөрүүтэй тоог дундчилж нэг сая 414 мянга 652 сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө гэж СЕХ тооцолсон байна. Түүний мэдээлснээс үзвэл саналын хуудас хүчингүй болох зэрэг бусад болзошгүй эрсдлийг тооцож нийт санал өгөх сонгогчийн арван хувьтай тэнцэх тооны саналын хуудас илүү хэвлүүлсэн нь 80 мянган ширхэгт хүрч байгаа аж. Ж.Сүхбаатар сонгуулийн дараа нутаг дэвсгэрийн хороо, хэсгийн хороо бүрээр саналын хуудасны зарцуулалтыг гарган авч, намуудын хяналтын доор тайлангаа тавина хэмээн мэдэгджээ.
Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг намуудын тэнцвэргүй төлөөлөлтэй байгуулсан гэсэн шүүмжлэлийн талаар Ж.Сүхбаатар ярихдаа, нутаг дэвсгэрийн 30 хороонд ажиллаж байгаа 283 гишүүний 94 нь МАХН-ын, 57 нь нам бус байгаа бол 132 нь Ардчилсан нам, Эх орон нам, БНН-ын төлөөлөл байна гэж мэдэгджээ.