Ашигт малтмалын лицензийн далд наймааг АМГТХГ-ын дарга Л.Болд үгүйсгэсэнгүй (2005.05.17)

A- A A+
Ашигт малтмалын лицензийн далд наймааг АМГТХГ-ын дарга Л.Болд үгүйсгэсэнгүй (2005.05.17)

Ашигт малтмалын лицензийн далд наймааг АМГТХГ-ын дарга Л.Болд үгүйсгэсэнгүй (2005.05.17)

Уул уурхайн салбарын хүрээнд ихээхэн анхаарал татаж буй зарим асуудалд хариу авах  зорилгоор “Өдрийн сонин” /¹119/  Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга /АМГТХГ/ Л.Болдтой ярилцлага хийжээ. Тухайлбал, "Айвенхоу майнз" компанийн хувьцааны үнэ Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр буурч буурч, хөрөнгө оруулагчид үүнийг манай улсын хууль, эрхзүйн орчин тогтвортой бус байгаатай холбон тайлбарлаж байгаа бол Монголд УИХ-ын зарим гишүүн Оюутолгойн ашгийг 50:50 хувиар хуваах, гадаадын хөрөнгө оруулагчдад ногдуулах татварын хэмжээг нэмэх, гадаадын хөрөнгө оруулалт болон ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзэж буй зэрэг асуудлаар Л.Болд өөрийн байр сууриа энэ ярилцлагад илэрхийлсэн байна.

Ноён Л.Болд ярихдаа, “ Оюутолгой шиг хэмжээний том том ордыг ашиглах нь Монголын ард түмэнд ашигтай. Харин газрын доорх баялгийн нөөцийг одоогийн зах зээлийн ханшаар үржүүлэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ёстой гэж үзэж буй нь эдийн засгийн үндэслэлгүй хийсвэр тооцоо хэмээн мэдэгджээ. Ямар нэг тодорхой үндэслэлгүйгээр элдэв хэл ам гараад ирэхээр гадаадын хөрөнгө оруулагчид хохирол амсч, улмаар бид хариуцлага хүлээнэ гэж тэрбээр үзэж байна.
Бүх татварыг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдгээс үүдэн орон нутагт очих дэмжлэг бага байна. Иймээс орон нутгийн нөөц ашигласны төлбөрийн 50 хувийг тухайн орон нутагт нь өгөх талаар хуулийн төсөл санаачилаад байна гэж Л.Болд ярьжээ. 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн үр дүн одоо л гарах гэж буй энэ үед хуулиа өөрчлөх нь ашиггүй. Харин үр дүнг нь үзээд, тогтворжоод, арай өөр нөхцөл санал болгох боломжтой болоод ирэхлээр өөрчилж болно гэж Л.Болд үзэж байгаа аж. Гэхдээ тэр үед одоогийнх шиг хий улстөржүүлэхгүйгээр долоо хэмжиж нэг огтлох зарчмаар үзэх хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ.

Дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгохгүйгээр Монголын баялгийг гадагш нь цацлаа гэх шүүмжлэлийн тухайд АМГТХГ-ын  дарга Л.Болд өгүүлэхдээ, ”Манайд хөрөнгө нь ч, хөрөнгөтөн нь ч одоогоор алга. Байгалийн баялаг, бас гадаадын хөрөнгө оруулалтын хүчээр  шинээр хөрөнгөтөн бий болж байгаа ч манай хөрөнгөтөн ядуу. Иймээс гадаадын том хөрөнгө оруулалтаар дотоодын том хөрөнгөтөнг бий болгосны дараа өөрсдөө уул уурхайн салбараа дангаар эзэмшиж болно” гэжээ. Тэрбээр сайн, муу жишээ олон байдаг гээд манайхан аль мууг нь дурдаад байна хэмээн хэлжээ.

Тэгвэл ноён Р.Фридланд таны хэлсэн муу жишээнд хамаарахгуй гэх баталгаа бий юу гэсэн сэтгүүлчийн асуултад Л.Болд: “Р.Фридланд бол бизнесмэн хүн. Энэ том төсөлдөө хөрөнгө оруулалт олж ирэхийн тулд "давсалж" ярих үе байдаг бололтой. Бизнест ийм юм байдаг. Харин бид хүний энд тэнд ярьсныг иш татаад, мушгиж тайлбарлаад байх хэрэггүй болов уу” гэж хариулсан байна. Монголдоо хамгийн ашигтай хувилбарыг сонгож л түүнтэй гэрээ байгуулах нь бидний хувьд чухал гэж Л.Болд мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын лицензийг ил тод биш, хуйвалдааны зарчмаар олгодог гэх  тухайд Л.Болд “Саяхан АМГТХГ-т Үндэсний аудитын газар болон Улсын мэргэжлийн хяналтын газраас томоохон шалгалт хийсэн. Эдгээр шалгалтын дүнг сайдын зөвлөлөөр нухацтай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдын 66 тоот тушаал гарч ашигт малтмалын лицензтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулж, лиценз эзэмшигчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Энэ дагуу ажил хийж эхэлж байна. Мөн лиценз олгох журмыг шинэчлэн мөрдөж байна. Лиценз тойрсон ил, далд хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.

Гэхдээ Л.Болд лицензийн далд наймаа байгаа гэдгийг үгүйсгэхгүй гэж хэлжээ. Түүний хэлснээс үзвэл одоогийн байдлаар 1997 оноос хойш нийтдээ 2895 лиценз "шилжих хөдөлгөөн"-д орсон. Үүний шалтгааныг бэлэглэсэн, тохиролцоод шилжүүлсэн гэх мэтээр тайлбарладаг аж. Тэрбээр далд наймааг ил тод арилжаа болгох зорилтыг тавьж, 2005 оны зургаадугаар сараас эхлэн төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийсэн талбайг олон нийтийн дунд дуудлага худалдаагаар өрсөлдүүлж олгохоор болсон байна. 2004 онд улсын төсвөөс геологийн судалгаанд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан бол хувийн хөрөнгө оруулалтаар 100-гаад сая ам.долларын судалгаа хийжээ..

Сүүлийн үед Үйлдвэр худалдааны сайд С.Батболдыг Монголын бүх баялгийг эрх мэдлээрээ далимдуулан гартаа оруулсан гэх ярианы тухай тэрбээр хариулахдаа ”Үйлдвэр худалдааны сайд лиценз олгодоггүй. Манай улсад хуулийн дагуу лиценз олгох эрх бүхий ганц л хүн байдаг. Тэр нь Кадастрын албаны дарга. Гэхдээ хэнд лиценз өгөх вэ гэдэг үндэслэл нь хуулинд тодорхой бий. Хэн түрүүлж хүсэлт гаргана, тэр хүн л лиценз эзэмшинэ” гэж өгүүлсэн байна. 

Гар аргаар алт олборлогчдын тухайд Л.Болд  “тэднийг нийгэм, эдийн засгийн хүрээнд хүлээн авч, харилцаанд оруулж, шинэ сэтгэхүйгээр хандах хэрэгтэй. Тэднийг хүлээн зөвшөөрөхгүй, үйл ажиллагааг нь хорьж цагдах нь эерэг үр дүн авчрахгүй. Энд хуулийн тодорхой зохицуулалт хийх цаг нь болсон” гэжээ. Түүний хэлснээр одоо Монголд олон улсын шинжээчдийн хийсэн дүгнэлтээр энэ үзэгдэл улирлаас шалтгаалан 50-100 мянган хүнийг хамарч 100-гаад сая долларын бүтээгдэхүүн гаргаж байгаа нь манай ДНБ-ний 10 хувьтай тэнцэх ажээ.