Б.Эрдэнэбат Монголын хөгжлийг уул уурхайн салбартай түлхүү холбож байна
Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн хүн учраас энэ салбарын асуудлаар сонгогчидтой уулзахдаа байр сууриа түлхүү илэрхийлж байжээ. Тэрбээр улс орны хөгжлийг уул уурхайн салбартай хэрхэн холбон авч үзэж буйг “Өдрийн сонин” 2005 оны тавдугаар сарын 17-ны /¹119/ дугаартаа багцлан толилуулжээ.
Өмнөговь аймгийн сонгогчидтой уулзахдаа нэр дэвшигч Б.Эрдэнэбат хэлсэн үгэндээ, Монголын говьд ашигт малтмалын арвин их нөөц баялаг байгаа нь хөгжлийн гол түлхүүр гэж тэрбээр хэлсэн байна. Энэ давуу талаа ашиглан улсын эдийн засгийн чадавхийг өсгөх, хөрш зэргэлдээ улс орнууд, тивийн эдийн засгийн хөгжилд хурдасгуур болох хүчин зүйл байна гэж Б.Эрдэнэбат хэлжээ. Монголын говь бол аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн тааламжтай бүс нутаг учраас их говийн байгалийн тогтоц, экологи, эрдэс баялгийг судлах, байгаль орчинд халгүй технологийн судалгаа хийх Говь судлалын олон улсын академи байгуулахыг Б.Эрдэнэбат уриалсан байна. Энэ бол Өмнөговийн хөгжлийн загвар мөн гэж тэрбээр үзэж байгаа ажээ.
Харин Монголын зүүн бүсийн хувьд уран, газрын тосоо ашиглавал Монголыг дэлхийд гаргах шинэ гарц, үндэсний эдийн засгийг тэтгэх шинэ боломж бий хэмээн тэрбээр онцолжээ.
Нэр дэвшигч Б.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзахдаа "Өнгөрсөн жил Монгол улс 19 тонн алт олборлосны 8 тонныг нь танай аймгийн нутаг дээр "Бороо гоулд" компани олборлосон юм. Үлдсэн 11 тонн алтны талаас илүү хувийг нь бас Сэлэнгэ аймгийн нутгаас олборложээ. 1996-2000 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг байсныг 2000 онд МАХН Засгийн эрхийг аваад өөрчилж улсын төсөвт авдаг болгосон. Хэрвээ ингэж өөрчлөөгүй байсан бол танай аймаг 2004 онд нутгаасаа олборлосон 14 тонн алтны нөөц ашигласны төлбөрөөс 9 тэрбум төгрөгийн орлого олох байлаа. Дээр нь танай аймгийн төсвийн бусад орлого болох дөрвөн тэрбумыг нэмбэл жилийн нийт орлого 13 тэрбум төгрөг болох байжээ" гэж хэлсэн ажээ. Ноён Б.Эрдэнэбат “ашигт малтмалын хуулийн цоорхойг өөрсдөө бий болгож түүнийгээ ашиглан ашигт малтмалын лицензийг хэсэг бүлгээрээ өмчлөн авч дамлаж зардаг эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй» хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр «хаягдал төмрөө хятадад худалдаад дуусч байна. Харин Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт сайн чанарын төмрийн хүдрийн ордын хайгуул хийж нөөцийг нь тогтоогоод 20-40 жил болж байна. Төмрийн үйлдвэрийнхээ дэргэдэх ордыг эзэмших эрхийг бусдад атгуулчихсан орон манайхаас өөр байхгүй. Тэрхүү ордыг монголчууд ашигласнаар Дархан, Сэлэнгийн бүс нутагт хөгжлийн загвар аяндаа босч ирнэ» гэж тэмдэглэн хэлсэн байна.
Харин Багануурын иргэдтэй уулзахдаа «нүүрсийг уурхайг монголчууд ашиглаж эхлээд 80,90 жил болж байгаа ч цогцоор нь шийдэж байсан нь нэг ч үгүй» гээд Монгол орон чанар сайтай нүүрсээр баян. Газар Дундын тэнгис орчмын орнууд 2800-3500 ккал илчлэгтэй нүүрс ашигладаг бол манай нүүрсний илчлэг 4000-9000 ккал хүрдэг. Монгол орны нүүрсний нөөц баялгийг 20 гаруй жилийн өмнө 150 тэрбум тонн гэж тооцоолсон ч дахин нэмэгдэх боломжтой гэж геологичид үзэж байна. Багануурын уурхайн дэргэд эрчим хүчний цогцолбор байгуулж нийслэл рүү дулаан, цахилгаанаа түгээсэн бол үйлдвэрлэж байгаа эрчим хүчний үнэ өртөг хямд, бас нийслэлийн агаарын бохирдол үлэмж бага байх боломжтой гэж хэлжээ. Багануурыг тойрсон аймгийн төв, суурин газар, төмөр замын дагуух эрчим хүчний хангамж ч сайжрах боломжтой юм. Энэ бол ганцхан жишээ. Шинэ зууны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ үүнийг харгалзаж үзэх нь чухал гэж Б.Эрдэнэбат үзэж байгаа аж.
Газрын тосны салбарын ирээдүйн талаар Б.Эрдэнэбат: «газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдал Монгол Улсын эдийн засгийн хамгийн хөндүүр асуудал болж байна. Геологичдын үзэж буйгаар бол Монгол улсын дотоод хэрэгцээг хэдэн арав, зуун жилээр хангаж чадах газрын тосны баялаг манай газрын хэвлийд бий. Тэгвэл бид хараат байдлаас хэзээ ангижрах юм бэ? Үүний тулд хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хайгуул судалгаанд ихээхэн хөрөнгө оруулалт, технологийн мэдлэг, туршлага шаардлагатай учир гадаадын херөнгө оруулагчдыг урьж дуудахаас өөр арга одоохондоо үгүй. Газрын тосны судалгааны өнөөгийн бодлогыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Харин "саалиа бэлтгэхээр саваа бэлд" гэдэг ардынхаа мэргэн сургаалийг санаж монгол газрын тосны физик-техникийн чанарт тохирсон орчин үеийн технологи бүхий боловсруулах үйлдвэрийг төр, засгаас дэмжиж байгуулъя. Бид газрын тосны бэлэн бүтээгдэхүүн импортлохын зэрэгцээгээр түүхий тосыг Орос, Хятадын зах зээлээс, тэр байтугай Ойрхи Дорнодоос импортлох бололцоо бий» гэх зэргээр ярьсан байна.