М.Энхсайхан мөрийн хөтөлбөрөө тайлбарласан нь
Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхсайханы МN 25-р телевизэд өгсөн ярилцлагыг “Өдрийн сонин”-д сийрүүлэн толилуулсан байна.
М.Энхсайхан мөрийн хөтөлбөртөө тусгасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх цогц бодлого явуулна” гэсэн тухайгаа тайлбарлахдаа, хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг бол ардчиллын хэм хэмжээ. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр шоронд ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнхи нь дундаж амьдралтай бөгөөд ядуу хүмүүс байна. Тэгэхээр хууль хэнд үйлчилж байна гэдэг нь ойлгомжтой. Ямар хүмүүст үйлчлэхгүй байна гэдэг нь харагдаж байна. Хууль, шүүх, засаглал ард түмний өмнө тэгш шударга үйлчлэхгүй байгаа учраас ийм асуудал гарч байна. Тэрбээр мөн эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Жишээ ньө свөр насны хүүхэд гэнэн болчимгүй зангаасаа болж нэг удаагийн үйлдлээр таван жил хорих ял авна гэдэг бол эцэг эхчүүдийн сэтгэл эмтэрч, харамсмаар зүйл гээд энэ хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэж ярьжээ.
Нийгмийн баялгийг шударга хуваарилж ядуурал, ажилгүйдлийг бууруулах, "Чинээлэг дундаж давхарга" хөтөлбөр гаргах талаараа М.Энхсайхан ярихдаа, “сүүлийн жилүүдэд эдийн засаг өссөн ч түүнтэй адил ядуурал ч ихэссэн. Бидэнд ядуурлыг өсгөдөг эдийн засаг хэрэггүй, бидэнд ядуурлыг бууруулдаг эдийн засгийн өсөлт хэрэгтэй. Эдийн засаг 10.6 хувиар өссөн гэдэг. Энэ нь улсын төсөв 150-160 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн үг. Үүнийг хүн амдаа хуваавал нэг хүний орлого 90,000 төгрөгөөр өсөх ёстой. Гэтэл өсөөгүй. Энэ нь нийгмийн баялгийг цөөхөн хүн л хүртэж байна гэсэн үг. Иймд би нийгмийн баялгийг шударга хуваарилах нь онцгой чухал гэж үзээд өөрийнхөө хөтөлбөрт оруулсан” гэжээ.
Итгэлийн мөнгө гэсэн санааг зүгээр нэг гаргаад ирээгүй. Итгэлийн 10000 төгрөг нь нийгмийн баялгийг жигд хуваарилж, хүүхдээр нь дамжуулан өрх гэрийг тэтгэх зорилгоор бодож гаргасан санаа. Өнөөдөр Засгийн газар "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрөө хэрэгжүүлж 450000 хүүхдэд 3000 төгрөг олгож байна. Ардчилсан нам үүнийг сэдээгүй бол хүүхдэд мөнгө өгөөгүй л байгаа.
Ер нь эдийн засгийн өсөлт гарч, баялаг бүтээх тутам хүүхдээрээ дамжуулан тэр баялгийг зөв хуваарилах ёстой гэж үзэж байна М.Энхсайхан хэлсэн байна.
Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй гадаад бодлого явуулна гэсэн тухайгаа "Монгол хүний толгой дээр нар шингэдэггүй" гэсэн үг байдаг. Монголчууд маань олон оронд явж байгаа нь тэдний буруу биш, амьдралын эрхээр ч явж байна, боловсрол эзэмшихийн тулд ч явж байна. Тэгэхээр тэдний эрх ашгийг хамгаалах нь манай дипломат байгууллага, ЭСЯ, консулуудын хамгийн тэргүүн зэргийн үүрэг байх ёстой. Тэдний эрх ашгийг хамгаалж чадаж байгаа байгууллагыг ажлаа сайн хийж байна гэж үзье. Ер нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого бол манай гадаад бодлогын тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас би энэ асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулсан гэжээ.
Иргэд, эрдэмтэн судлаач, улстөрчдийн оролцоотойгоор "Үндэсний үзэл санаа"-г 2006 онд болох Тулгар төр байгуулагдсаны их ойн баяраас өмнө боловсруулж Монгол хүн бүрийн хүртээл болгоно гэдэгт тайлбар өгөхдөө М.Энхсайхан: «Би Үндэсний үзэл санаа гэдгийг хэлэхийн өмнө Америкийн үндэсний үзэл санаа тулгын гурван чулуу шиг байдаг гэдгийг хэлмээр байна. 1-р тулгын чулуу нь Америкчууд ардчиллыг шүтэн биширдэг. Ямар ч америк хүнээс асуухад бүгд мэднэ, ардчиллаа хайрладаг, хүндэтгэдэг түүнийхээ төлөө тэмцдэг. 2-р тулгын чулуу нь долларын дэвсгэрт дээр байдаг "In God we trust" (бид бурханд итгэдэг) гэсэн үг байдаг. Энэ бол бие биеэ хайрлая, бие биедээ энэрэнгүй нигүүлсэнгүй хандъя гэсэн үг. Хэрвээ бид бурханд итгэхгүй бол бие биеэ хайрлаж чадахгүй, энэрэнгүй биш болно, хоёрдогч амьдралдаа итгэхгүй хүмүүс бие биеэсээ булааж амьдарч байна гэсэн үг. Тийм учраас бурхандаа итгэж амьдрах түүнийхээ төлөө тэмцье гэсэн үг. 3-р тулгын чулуу нь American dream буюу ард түмэн мөрөөдөлтэй байя, томыг мөрөөдвөл томыг бүтээнэ, багыг мөрөөдвөл багыг бүтээнэ гэсэн санаа. Иймд монголчууд бид өөрийн үндэсний үзэл санаатай байх ёстой. Удахгүй тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой болох гэж байна. Бид 800 жилийн түүхтэй ард түмэн. Энэ үзэл санааг ганц хүн хийчихгүй. Ард иргэд, эрдэмтэн мэргэдийнхээ, улстөрч, судлаачдынхаа оролцоотой хийх ажил. Энэ ажлыг 800 жилийн ойн өмнө нийтийн хүртээл болгох ёстой гэж үзэж байна гэжээ.
Газрын баялгийг яаж хамгаалах, эззмших тухайд М.Энхсайхан: «уул уурхай, газрын баялгийг илрүүлэх, хайж олох, авах нь зүйн хэрэг. Гэхдээ монголчууд бид өөрсдөө эзэн нь байх ёстой. Хувийн хэвшил, эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүн хуваарилах хатуу бодлого явуулах цаг нь болсон. Гадаадын хөрөнгө оруулагчид яг нарийндаа хэлбэл энэ асуудалд сорчилж хандаж байна, үүнийг ялгаатай харах цаг болсон» гэж өгүүлжээ.
Хутагт хувилгаадыг Монголоос төрүүлдэг байсан тасалдсан уламжлалыг сэргээх бодлогыг дэмжинэ гэдэг тухайгаа М.Энхсайхан: «Манайх өөрсдийн гэсэн Хутагт хувилгаадтай тэдэнд гадныхан ирж мөргөдөг байсан түүхтэй. 1929 онд Засгийн газар Хутагт хувилгаадыг тодруулахыг хориглосон шийдвэр гаргасан нь одоо болтол үйлчилж байгаа. Өнгөрсөн 15 жилд Хутагт хувилгаадыг Монголдоо тодруулах үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй гэж ярьсаар ирсэн. Энэ бол төрийн тэргүүний анхааралд байх ёстой асуудлын нэг гэж үзэж хөтөлбөртөө оруулсан» гэжээ.