Сонгогчийн үнэмлэх, саналын хуудасны зарцуулалт, үлдэгдлийн тооцоог нарийвчлан гаргаж мэдээлэхийг СЕХ-нд даалгав (2005.05.18)

A- A A+
Сонгогчийн үнэмлэх, саналын хуудасны зарцуулалт, үлдэгдлийн тооцоог нарийвчлан гаргаж мэдээлэхийг СЕХ-нд даалгав (2005.05.18)

Сонгогчийн үнэмлэх, саналын хуудасны зарцуулалт, үлдэгдлийн тооцоог нарийвчлан гаргаж мэдээлэхийг СЕХ-нд даалгав (2005.05.18)

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулан СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгийн мэдээллийг сонссон байна. Хуралдаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн дөрвөн намын сонгуулийн ерөнхий менежерүүд оролцжээ.

СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгийн мэдээлснээр СЕХ санал өгөх нэрсийн жагсаалтад ойролцоогоор 1342300 сонгогч бүртгэгдэх урьдчилсан тооцоо хийж, 10 хувийн нөөцтэйгөөр нийт1476530 ширхэг саналын хуудсыг хэвлүүлэн 1631 хэсгийн хороонд хүргүүлжээ. Харин сонгогчийн үнэмлэх 1556100 хэвлэгдэж, одоо тараалт үргэлжилж байна. Тавдугаар сарын 17-ноос хуульд заасан шалтгааны улмаас урьдчилсан санал хураалтын ажил эхэлжээ.

Ж.Ядамсүрэн хэлэхдээ, "Зарим намынхан намын төлөөллийг тэнцвэртэй оруулаагүй гэж ярьж байна. Хууль эрхзүйн хувьд нэг намын гишүүд давамгайлахыг хориглосон заалт бий. Үүнийг нэг намын гишүүд бүрэлдэхүүний 50 хувиас хэтрэхгүй байх гэж ойлгодог. Сонгуулийн бүх хороодын дарга, нарийн бичгийн дарга нарыг өөр өөр намаас солбиж ажиллуулах бодлогыг баримталсан. Ийм зарчим намуудын төлөөлөл байгаа бүх газар хэрэгжиж буй" гэж  тайлбарлажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын арав гаруй мэдээллийн агентлагийн сэтгүүлчид сурвалжлах,  АНУ, ОХУ, Герман, Швед зэрэг орны 40-өөд төлөөлөгч ажиглах хүсэлтээ ирүүлж холбогдох баримт бичгээ авсан аж.

Мэдээллийг сонссоны дараа СЕХ-ны удирдлагад УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт сонсчээ. Саналын хуудасны 10 хувийн нөөцийг яаж зарцуулдаг, хэдэн хувь нь эргэж ирээд хэрхэн устгадаг талаар мэдээлэл өгөхийг хүссэн УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн асуултад Ж.Ядамсүрэн хариулахдаа, өмнө нь нөөцийн 10 хувиас хэдэн хувь нь эргэж хураагддаг байсныг хэлэх тодорхой тоо одоохондоо алга  гэсэн бол тус хорооны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар  өмнөх сонгуулиудын жишгээр дунджаар 4-5 хувь нь ашиглагддаг байсан гэж хариулжээ.  Илүү хэвлүүлсэн саналын хуудасны тоо 80 мянга гэж яриад байгаа ч сонгогчийн үнэмлэх нь  250 мянгаар илүү байна. Үүнээс болж сонгууль будлиантвал яах вэ гэсэн УИХ-ын гишүүн Б.Батбаярын асуултад Ж.Ядамсүрэн нөөц саналын хуудасны зарцуулалтыг намуудын хяналтын дор тайлагнадаг. Бүх үнэмлэхийг эхнээс нь нэгдсэн дугаартай, саналын хуудсыг найдвартай нууцлал бүхий цаасаар хэвлэсэн болохоор хяналт тавих бүрэн бололцоотой. Сонгуулийн дараа тэдгээрийн гүйцэтгэлийн тооцоог намуудын төлөөлөл бүхий сонгуулийн хэсэг, салбар, нутаг дэвсгэрийн хороодоор нэгтгэн нэг бүрчлэн гаргаж тооцоог хийдэг гэж мэдэгдсэн байна.

Тэрчлэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн гаргасан горимын саналын дагуу Ардчилсан нам, БНН, Эх орон намын нэр дэвшигчдийн ерөнхий менежерүүдийн мэдээллийг сонсохоор болж цаг хожих үүднээс тус бүрийн хоёр минутаасаа татгалзаж, Ё.Гэрэлчулуун бусдыгаа төлөөлж ярьсан гэж «Өнөөдөр» сонин мэдээлжээ. Ё.Гэрэлчулуун  СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа гээд найман үндэслэл гаргаж танилцуулжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 14.1 -д заасан нутаг дэвсгэрийн салбар хорооны бүрэлдэхүүний тоо долоо байх ёстой атал олон суманд энэ тоог хэтрүүлэн байгуулсан. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт заасан тойрог болон хэсгийн хороонд аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн зэргээр зарим тоо баримтыг дурдсан аж. Харин МАХН-аас нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежер С.Баяр сонгуультай холбоотой маргааныг зөвхөн МАХН-тай холбон тайлбарлаж байгаад эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар элдэв маргаан, шаардлагад нэг мөр хариу өгч, асуудлыг нэг тийш нь шийдэхийг тэрбээр хүсчээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас сонгуулийг цаг хугацаанд нь намуудын болон гадаад, дотоодын ажиглагчдын хяналт дор шударгаар явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тэрчлэн сонгуулийн бүх хэсгийн хороодод сонгогчийн үнэмлэхийг тараах, сонгогчдод хүргэх үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж, зөрчил гарсан тохиолдолд түүнийг арилгах талаар шуурхай арга хэмжээ авах, СЕХ-ны хуралдаануудад нэр дэвшүүлсэн намуудын ажиглагчийг оролцох боломжоор хангах, сонгуулийн дүнг танилцуулахдаа сонгогчийн үнэмлэх, саналын хуудасны зарцуулалт, үлдэгдлийн тооцоог нарийвчлан гаргаж мэдээлэхийг СЕХ-нд үүрэг болгосон тогтоол гаргасан байна.