Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өчигдөр халз ярилцлаа. Энэ ярилцлагыг Монголын үндэсний телевиз, Монголын радиогийн нэг, хоёрдугаар сувгаар орон даяар шууд нэвтрүүлэв. Халз ярилцлагын журам ёсоор сүүлийн өдрүүдэд Монголын радио, телевизэд иргэдээс бичгээр болон факсаар ирүүлсэн асуултыг нэр дэвшигчдэд тавьж хариулт авсан юм. Ялангуяа Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Хэнтий зэрэг аймгийнхан асуултаа идэвхтэй ирүүлснийг хөтлөгч дурдаж байлаа. Энэ бүх асуултыг нэгтгэн хоёр цагийн турш үргэлжилсэн ярилцлагад нэр дэвшигч бүр нэг асуултад хоёр минут хариулах зарчмаар оролцлоо. Нэр дэвшигчдийг танилцуулах болон асуултад хариулах дарааллыг шууд ярилцлагын өмнө шодсоны дагуу хамгийн түрүүнд “Эх орон” намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатыг танилцууллаа. Дараа нь Ардчилсан намаас нэр дэвшсэн М.Энхсайхан, МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Б.Жаргалсайхан нарыг танилцуулснаар халз ярилцлага эхэллээ.
Асуулт 1: Та мөрийн хөтөлбөрийнхөө онцлогийг тайлбарлаж хэлнэ үү?
Б.Эрдэнэбат:
-Миний мөрийн хөтөлбөрийн бусад нэр дэвшигчийнхээс ялгарах онцлог нь өөрчлөн байгуулалтад уриалан дуудсан явдал. Улс төр, эдийн засаг, оюун санаа, нийгмийн хувьд 15 жилийн турш тогтсон энэ царцанги байдлыг өөрчилье гэж уриалсан. Өнөөдөр баруун Европ, Зүүн өмнөд Ази, Скандинавын орнуудын хөгжлийн загварыг монгол хөрсөн дээр буулгах гэж бид 10 гаруй жил ажиллалаа. Yнэндээ болж өгөхгүй байна. Бид өргөн уудам нутагтай, газрын их баялагтай, хүн ам цөөтэй, дэд бүтэц хөгжөөгүй, мал аж ахуйн их баялагтай. Бид монгол хүний оюун ухаанаар монгол хөгжлийн загварыг бий болгож, улс орноо хөгжүүлж, өөртөө итгэж, өөрсдөө хийж бүтээе гэж сонгогч олон түмэндээ уриалж байна.
М.Энхсайхан:
-Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ богино хугацаанд бүх аймаг, сумаар орно гэдэг үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ өнгөрсөн 15 жилийн улс төрийн туршлагаасаа харвал миний очиж үзээгүй аймаг сум гэж үнэндээ байхгүй юм байна. Хамгийн гол нь олон түмэнтэй уулзаж, тэднээс сонсч байгаа зүйл бидний хийх ёстой ажил болдог юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд 10 зүйлийн зорилт тавьж байгаа. Энд гол нь үе үеийн Ерөнхийлөгчдийн бодлогыг залгамжлан үргэлжлүүлэх, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллана гэдгийг би хамгийн эхэнд нь бичсэн. Мөн нийгмийн баялгийг шударга хуваарилах, хууль, шүүхийн өмнө хүн бүр, иргэн бүр тэгш байх зарчмыг хэрэгжүүлэх, авилгал, хээл хахуультай тууштай тэмцэж, авилгачдад хуулийн дээд цээрлэл үзүүлэх бодлого явуулах, 2006 онд Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө үндэсний үзэл санаа гэдгийг гаргаж ирж нийт ард түмнээ зэвсэглэх, бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудын сургалтын хөтөлбөрт оруулах зорилгыг дэвшүүлж байгаа. Энэ санаанууд маань гол нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хадгалан хамгаалахтай холбоотой. Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд багтдаг асуудлууд юм. Ялангуяа үндэсний үзэл санаа бол монголчууд бие биенийхээ төлөө тэмцэж чаддаг, бие биедээ эх орон, өмөг түшиг байхыг хэлж байгаа юм. Би энэ бүхнийг хийхийг зорьж байна.
Н.Энхбаяр:
-Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой мөрийн хөтөлбөр боловсруулж оролцож байгаа. Гэхдээ мөрийн хөтөлбөрийн маань онцлог нь энэ бол нээлттэй мөрийн хөтөлбөр. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Ерөнхийлөгч бол нийт ард түмний саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтан. Тиймээс хувийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас илүү ард түмний эрх ашгийг илэрхийлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой юм. Тиймээс би мөрийн хөтөлбөрөө ард иргэдэд илгээж, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулж байгаа. Одоогоор 200 орчим мянган захидал ирээд байна. Нэг захидлыг бичихэд дөрвөн хүн оролцсон, айл гэрээрээ хэлэлцэж байж саналаа бичсэн байх. Тэгэхээр 800 мянган сонгогчийн саналыг аваад байна гэсэн үг. Саналуудыг багцлаад үзэхэд ядуурлыг арилгах, цалин тэтгэвэр нэмэх, ялангуяа доогуур төвшинд хүмүүсийн авч байгаа цалин, тэтгэврийг нэмэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгох, шударга ёсыг тогтоох, шүүхийн алдаа дутагдлыг засах, хээл хахуультай тэмцэх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах асуудал зонхилж байна. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит стипенд бий болгох, ахмадуудыг Ерөнхийлөгчийн ивээлд авах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих санал их ирж байна. Би энэ саналуудыг дэмжиж байгаа. Учир нь энэ бол манай ард түмний надад илгээж байгаа санал юм. Өөр нэг онцлог нь энэ бол хөгжлийн төлөө мөрийн хөтөлбөр, ирээдүй рүү харсан мөрийн хөтөлбөр. Бид ирээдүй рүү харж байж хөгжинө, тэгж байж сэтгэл зүрхээ зангидаж, хөгжлийн төлөө хамтдаа явна. Мөн энэ бол эв нэгдлийн мөрийн хөтөлбөр. Яагаад гэвэл энэ мөрийн хөтөлбөрийг хамтарсан Засгийн газар, УИХ дахь олонхи дэмжинэ. Тиймээс хэрэгжих хамгийн их баталгаатай.
Б.Жаргалсайхан:
-Юуны өмнө нэг зүйл хэлье. Хүнд зовох цаг байхад жаргах өдөр бас ирдэг гэдгийг бид мэднэ. 15 жил бол хүний амьдралд нэлээд их хугацаа. Иймээс би мөрийн хөтөлбөрөө гаргахдаа өнөөгийн ядуурал, ажилгүйдэл, архидан согтууралтыг богино хугацаанд засч залруулж, улс орноо хөгжил дэвшлийн замаар хөтлөх “Монголын хөгжлийн гарц” гэдэг хөтөлбөрийг та бүхэнд дэвшүүлсэн. Бидэнд цаашаа яг энэ хэвээр явах боломж алга. Хүн амын 70-80 хувь нь туйлын ядуу, ажилгүй, тэр дундаа залуучууд тэр чигээрээ ажилгүй байгаа нь улстөрчид цаашид зүгээр ингээд сууж болохгүй гэдгийг харуулж байна. Бид хөгжлийн тухай ярихдаа хамгийн бодитой, биелэгдэх зүйлээс эхлэх ёстой. Мэдээж, хөгжих олон аргачлал байдаг. Yүнд миний яриад байгаа хамгийн богино хугацаанд хөгжих аргачлал бол Өмнөговийн Оюутолгой, Тавантолгойд монголчууд бид өөрсдөө эзэн болж, мөн олон улсын корпорацуудыг татан оруулж, хөгжлийг ардаас нь биш, угтаж амдаж, импортлох, хөгжлийнхөө эзэн нь болох явдал юм.
Асуулт 2: Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та бүхэн хэрхэн үнэлж байна вэ?
-Б.Жаргалсайхан:
-Манай өнөөгийн амьдрал туйлын хүнд байна. Ялангуяа жирийн ард түмний амьдрал. Манай ард түмэн зорилго, зорилтоо олж авч чадаагүй явна. Энэ бол улс орныг сүүлийн 15 жил удирдсан МАХН, Ардчилсан намаас үүдэлтэй. Монгол орон дэлхий дээр хамгийн хоцрогдсон бүдүүлэг, хамгийн ядуу орны тоонд орох хандлага та бидний өдөр тутмын амьдралаас харагдаж байна. Амьдрал тааруу байна. Жишээ дурдъя. Өнөөдөр төрийн албан хаагчид 50-60 долларын цалин авч байна. Өөрөөр хэлбэл 60-70 мянган төгрөг. Социализмын үед төрийн албан хаагч 750-1200 төгрөгийн цалин авдаг байлаа. Тэр үед нэг доллар хоёр төгрөг 80 мөнгө байсан гэж үзвэл үндсэндээ 300-350 долларын цалингаар бүтэн сардаа дөнгөж хүрэлцэхүйц л амьдардаг байлаа. Гэтэл өнөөдөр 50-60 доллараар дөнгөж амьдрах гэж оролдож байна. Энэ янзаараа 4-8 жил үргэлжилбэл нийгэм, эдийн засгийн маш том хямрал нүүрлэнэ.
Н.Энхбаяр:
-Өнөөдрийн улс төрийн байдал ээдрээтэй, хямралтай байна. Yүнийг бүгд мэдэж, ард иргэд ч ярьж байна. Учир шалтгаан нь юу вэ гэж асуух ёстой. Шалтгаан нь гэвэл улс төрийн хүчнүүд төлөвшиж чадахгүй, улс төрийн өрсөлдөөн гүжирдлэг, гүтгэлгээр, худал хоосон амлалтаар дүүрэн, улстөрчид өөрсдөө мэдлэг боловсрол, хүн мөсөөр дутуу байна. Ардчилал маань хэлбэрийн төдий болчих вий, агуулга нь алдагдчих вий гэж ард иргэд санаа зовж байна. “Хөнжилдөө орох завгүй хөлөө жийлцэж байна аа даа, улс төрчид маань” гэж нэг ахмад надад хэлсэн. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг бие биеэ гүжирдэх, худал, хоосон ярих байдлаар солих гэж зүтгэж байна. Улс төрийн хямралт байдал гүнзгийрвэл нийгмийн хямралт байдалд шилжиж орно. Тэгвэл ард түмэн, төр засгийн хоорондын итгэлцэл алдагдах, бүр мухардмал байдалд орох аюултай. Гэхдээ энэ бол хэзээ ч засагдахгүй байдал биш. Энэ байдлаас гарч болно. Гарах гарц нь хариуцлагатай улс төр, хариуцлагатай, эв нэгдэлтэй төр засаг. Эв нэгдлийг эрхэмлэе. Энэ удаагийн сонгуульд бүгдээрээ хэрэлддэгт нь биш хэлэлцдэгт нь, хийдэгт нь саналаа өгч, энэ хямралт байдлыг давъя. Ард түмэн үүнд хамгийн чухал оролцоотой. Тэр оролцоо нь тавдугаар сарын 22 юм.
Б.Эрдэнэбат:
-Хөдөө орон нутагт сонгогч түмэнтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж явахад бүгд л улс төр, нийгмийн гүн хямралд орлоо гэж нэгэн дуугаар дүгнэж байна. Өнгөрсөн 15 жилд улс төрийн ололт амжилт байсан хэдий ч нийгэмд бүхий л салбарт ажилгүйдэл, ядуурал, авилгал, хээл хахууль, архидалт маш ихэсч байна. “Бид ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, эх орондоо хэрэггүй хүн боллоо” гэж ард түмэн ярьж байна. Хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцооноос ангижрахыг ард түмэн хүсч байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн судалгаанаас үзэхэд хүн амын 90 гаруй хувь нь хариуцлага хүлээдэг, хэлсэн ярьсан зүйлээ ажил болгож чаддаг, сайн ажиллавал дахин сонгогддог, муу ажиллавал огцордог, хээл хахуульд орооцолдвол шийтгэл хүлээдэг төр засагтай болъё гэж байна. Ард түмэн хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж хүсч байна. Энэ асуудлыг ард түмний санал асуулгаар шийдэх хэрэгтэй гэж үздэг. Yнэндээ Монгол Улс нийгмийн гүн хямралд орж, хийж бүтээснээ балгас болгож, олон мянган хүн ажилгүй болж, нийгэмд бухимдал үүсчээ. Yүнийг өөрчлөхийн тулд хариуцлагатай, ард түмний төлөө тодорхой шийдвэр гаргадаг тогтолцоог ард түмэн хүсч байна. Yнэндээ төрийн тогтолцоо маань ажилгүйдэл, ядуурал, авилгал, хээл хахууль, эрх мэдлийн төлөө өрсөлдөөнийг бий болгож байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг. Эхнийх нь булингарыг тунгалаг болгоё гэж ард түмэн хүсч байна.
М.Энхсайхан:
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди энэ хаврын УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ улс төрийн нөхцөл байдлыг хамгийн оновчтой тодорхойлсон. Өнөөдөр монголчуудыг хамгийн их зовоож байгаа асуудал бол шударга бус байдал, авилгал, хээл хахууль. Монголын ардчиллыг “хөгцөрсөн гүзээтэй тос” болчих вий гэж дүгнэсэн. Хөгц гэж юуг хэлээд байна вэ гэхээр ядуурал, ажилгүйдэл, хээл хахууль, авилгал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулахыг л хэлээд байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд Монголд ядуурал хоёр дахин нэмэгдэж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдаж, зөвхөн өөрийгөө магтуулж өрөөлийг муулуулдаг сэтгүүлч, сонин хэвлэлийн сүлжээ бий болж, төрийн мөнгөөр тэтгэгддэг болсон гэж Ерөнхийлөгч хэлсэн. Энэ бол Монголын нийгэмд учраад байгаа хамгийн ноцтой асуудал. Тиймээс хариуцлагатай төр, хяналттай төр хэрэгтэй. Хяналттай төр хариуцлагатай байж чадна, хяналттай төр төрийн мөнгө, түмний мөнгийг зөв зарцуулж чадна.
Асуулт-3: Монголын хөгжлийн гарц юу вэ?
М.Энхсайхан:
-Би Н.Багабанди Ерөнхийлөгчийн үгийг дахин сануулмаар байна. Өнөөдөр монголчуудад агаар ус мэт дутагдаж байгаа зүйл бол ардчилал гэж. Ардчилал Монголын нийгмийг ариун байлгаж чадна. Ардчиллыг гүнзгийрүүлж чадна гэмээнэ Монгол Улс урагшаа давшингуй хөгжиж чадна. Хөгжил гэдгийг өндөр сайхан байшин барьснаар биш, урт урт зам тавьснаар биш, хүний хөгжлөөр хэмжих ёстой юм. Энд ялангуяа боловсролын асуудлыг хөндье. Манай ирээдүй болсон залуучуудад орчин үеийн боловсрол олгох нь, мянган хүүхдийн тархинд тавьсан зам биднийг хөгжилд дагуулна гэж би хэлэх дуртай. Боловсрол бол манай ирээдүй. Боловсролтой иргэд л Монгол Улсыг хөгжүүлнэ.
Нөгөө талаар бид баялагтаа эзэн болох хэрэгтэй. Дэлхийн орнуудын жишгээс харвал эрдсийн баялаггүй хэрнээ өндөр хөгжсөн Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон байна. Гэтэл эрдсийн баялагтай хэрнээ ядуу амьдардаг орнууд бас байна. Тиймээс бид эх орныхоо баялагт эзэн байж, түүндээ хяналт тавих нь Монгол Улсын хөгжлийн гол зөв зам байх болно.
Б.Эрдэнэбат:
-Монгол Улс маань өргөн уудам нутагтай, газрын их баялагтай. Ямар ч улс орон өөрсдийгөө баялгаараа хөгжүүлдэг. Монгол Улс Эрдэнэт шиг 7-8 орд эзэмшиж чадвал богинохон хугацаанд хөгжих боломжтой. Засгийн газрын хөрөнгөөр өдгөө Монголд 30-аад том орд илрүүлчихээд байна. Түүнээс 10 гаруй нь эдийн засгийн эргэлтэд ороод үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 7-8 үйлдвэрийг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар, Монголын ард түмний сайн сайхны төлөө, харилцан хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр бий болгох ёстой. Ийм системээр Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Манайд өнөөдөр 1:200000 зураглалыг 80 хувьд нь, 1:50000 зураглалыг газар нутгийн 20-хон хувьд нь хийсэн байгаа. Өнөөдөр бид 8000 гаруй орд илрүүлчихээд байна. Yүнийхээ 10-хан хувийг л эргэлтэд оруулах хэрэгтэй. Жишээ нь Баянхонгор аймагт жилдээ 200-250 тн түүхий ноолуур бэлтгэж байна. Улс орны хөгжил хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулахаас эхэлнэ. Тэгээд олон улсад хэд дахин өндөр үнээр зарах, малчдынхаа ахуй амьдралыг сайжруулах бүрэн боломжтой юм. Ийм л төрийн бодлого байх ёстой.
Б.Жаргалсайхан:
-Ю.Цэдэнбал төрийг 40 жил удирдахдаа 300 гаруй тэрбум долларын зээл тусламж авч ирж өнөөдрийн Дархан, Эрдэнэт, Багануур, Улаанбаатар гэсэн энэ том хотууд, аж үйлдвэрүүдийн цогцолборуудыг босгосон шүү дээ. Энэ бүхэн бүгдээрээ ЗХУ-ын зээл тусламжаар боссон. Тэгэхээр эхлээд мөнгөө босгосон нь зүйтэй болов уу гэж бодож байна. Монголын хөгжлийн гарцыг бий болгохын тулд бид эхлээд маш оновчтой, зөв төслүүд боловсруулах ёстой. Тэр төслөө маш сайн боловсруулаад олон улсын болон дотоодын төрийн байгууллагаар маш сайн хянуулж, баталгаажуулж авч чадах юм бол бид гадаадаас, ялангуяа энэ хөгжилтэй орнуудаас асар их хэмжээний мөнгө зээл авах боломжтой. Тухайлбал, сүүлийн 15 жилийн турш Япон улс гэхэд л хоёр триллион ам.долларын хөгжлийн зээл тусламж өгсөн юм гэнэ лээ. Тэгэхээр бид юуны түрүүнд Өмнөговийн Тавантолгой, Оюутолгойг эхлээд өөрсдийн эзэмшилд авах ёстой. За яахав, өнөөдөр Оюутолгойг манай дарга нарын хариуцлагагүйгээс болоод “Айвенхоу майнз” компанийн канад нөхөрт өгсөн юм гэнэ лээ. Гэхдээ бид зөвхөн геологи хайгуулын лицензийг нь өгсөн. Энийгээ эргүүлж авна. Тэгж байж Тавантолгой, Оюутолгой маань миний оруулж ирэх гээд байгаа 30 тэрбумын баталгаа нь болж өгөх юм. Ингэж мөнгөө оруулж ирсэн хойноо бид үйлдвэрээ байгуулах нь зүйтэй байх.
Н.Энхбаяр:
-Монгол Улс хөгжихийн тулд ард түмэн ажилсаг байх ёстой. Монгол Улс хөгжихийн тулд хариуцлагатай төр, засагтай байх ёстой. Монгол Улс хөгжихийн тулд дэлхийн жишигт нийцсэн хууль тогтоомжтой байх ёстой. Хууль тогтоомжтой байгаад зогсохгүй хуулиа дээдэлдэг, хэрэгжүүлдэг болох ёстой. Монгол Улс хөгжихийн тулд эв нэгдэлтэй байх ёстой. Монголд шударга ёс тогтох ёстой. Мөн манай залуучууд боловсролтой болох ёстой. Эрүүл саруул оюун ухаантай, эрүүл саруул бие бялдартай болмоор байна. Тэгж байж Монгол хөгжинө. Нээлттэй, ардчилсан Монгол хөгжинө. Ганцхан юманд биш, бүхэлдээ улс орондоо эзэн нь болохын төлөө монгол хүн зүтгэх ёстой. Төр, засаг тийм бололцоог олгох ёстой. Тэгж байж жинхэнэ хөгжлийн гарц гарч ирнэ. Ард иргэд төр, засгаа хянадаг байж хөгжлийн гарц гарч ирнэ гэж би боддог. Өөрөөр хэлбэл, “Монголын мөрөөдөл” гэсэн ойлголтыг бий болгох ёстой. “Монголын мөрөөдөл” бидний өвөг дээдсийн хэлсэн мэргэн үгэнд “эзэн хичээвэл заяа хичээнэ” гээд байж байгаа. Монголчууд, хүн болгон хичээх хэрэгтэй. Төр, засаг нь хичээсэн хүнд тусалдаг, ингэж байж хөгждөг орон болцгооё.
Асуулт-4: -Эдийн засгийн өсөлтийг Та хэрхэн дүгнэж байна вэ?
Н.Энхбаяр:
-Эдийн засгийн өсөлтийн асуудлыг ярихад хөгжлийн асуудлыг зайлшгүй ярих хэрэг гардаг. Өөрөөр хэлбэл, хөгжиж чадах эсэхийг эдийн засгийн өсөлт харуулдаг. Тэгвэл бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Монголчууд хөгжиж чадах юм уу. Чадна аа. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэвэл Монгол Улсын эдийн засаг 2004 онд 10,6 хувиар өссөн. Түүхэндээ анх удаа шүү. Дараагийн асуулт тавигдах ёстой. Энэ өсөлт эргээд ард иргэдэд юу авчирсан юм бэ. Ганцхан жишээ хэлье. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ядуу айлуудын мөнгийг чухамхүү 2004 онд улсын эдийн засаг 10,6 хувиар өссөний ачаар Монгол Улсын төсвийн орлого дээр нэмэгдэж буй болсон 25 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэрээс өгч байгаа юм. Тийм учраас эдийн засаг өснө гэдэг ард иргэдэд тодорхой мөнгө очиж байна гэсэн үг. Энэ ажлыг цааш нь улам боловсронгуй болгож ядуу айл байвал заавал гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэлгүй нэг, хоёр хүүхэдтэй ч байсан өгөх хэрэгтэй. Ингэж эдийн засгийнхаа өсөлтийг хүн болгонд хүртээх ёстой. Энэ арга хэмжээ 400 гаруй мянган хүүхэд, 120 гаруй мянган өрхийг хамарч байгаа. Энэ удаагийн Засгийн газар урьд өмнөх Засгийн газрын хүрсэн арван хувийн өсөлтийг доош нь оруулах эрхгүй болсон. Яагаад гэвэл эдийн засгийн өсөлттэй байж хөгжил ирнэ. Хөгжиж байж хүн болгонд юм “наалдана.” Тийм учраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, арван хувиас” доош буулгахгүй байх зорилтыг хэрэгжүүлж ажиллая. Ард иргэд маань надад итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонговол Засгийн газрыг шахаж, УИХ-тайгаа хамтарч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг арван хувиас доош буулгахгүй, энэ төвшинд нь барьж ажиллахын төлөө, эргээд хүн болгонд энэ өсөлтөөс хүртээхийн төлөө ажиллах болно.
Б.Жаргалсайхан:
-Эдийн засгийн өсөлтийн талаар би арай өөр бодолтой байгаа. Ер нь сүүлийн дөрвөн жилд эдийн засгийн өсөлт гээд байгаа юмыг бүрдүүлсэн хэдэн хүчин зүйл байна л даа. Энэ нь дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өссөн. Дараа нь ноолуурын үнэ өссөн шүү дээ. Гэхдээ үүний эсрэг шатах, тослох материалын үнэ дэлхийн зах зээл дээр бараг хоёр дахин өссөн. Ер нь эдийн засгийн өсөлт гэж байдаг юм бэ гээд улс орнуудын хөгжлийг харж байхад нэгдүгээрт, нэг хүнд ногдох үндэсний орлого хэдэн хувиар өссөн юм бэ, ажилгүйдлийг хэдэн хэдэн хувиар шийдэж чадсан юм бэ зэргийг хардаг юм байна. Тэрнээс дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөр, зөвхөн бараа таваарын үнийн өсөлтөөр эдийн засгийн өсөлтийг тодорхойлж болдоггүй. Манай ард түмэн залхуу, боловсролгүй биш ээ. Ухаантай, боловсролтой Энгийн жишээ хэлье. Яахаараа манай залуучууд АНУ, Солонгост очихоороо тийм сайн, өдөрт хоёр гурван газар ажиллаад болоод байдаг юм. Яахаараа дэлхийн том сургуулиудад манай залуус очоод сурахаараа бусдаас илүү дүн авч, сурч чаддаг юм. Тэгэхээр энэ залуучуудын муу биш юм шиг байгаа юм. Бид энэ улс оронд сүүлийн 15 жил залуучуудын ажил хөдөлмөр хийх, жинхэнэ эдийн засгийн өсөлтийг бий болгох тэр боломж нөхцөлийг маш муу хангасан юм болов уу гэж би боддог.
М.Энхсайхан:
-Манай эдийн засгийн өсөлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулган дээр юу хэлж байснаас би ишлэл авъя. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 10,6 хувьд хүрлээ гэж хөөрцөглөн шоудлаа. Телевиз, радиогийн хэдэн цаг, сонин хэвлэлийн хэчнээн хуудас үүнд зориулагдсан билээ. Эдийн засаг хурдацтай өсвөл монгол хүн баярлалгүй яахав. Тэгэхдээ энэ юун өсөлт вэ” гэж асуулт тавьсан байгаа юм. Ямар ч байсан 10,6 хувийн өсөлтийн 4,4 нь буюу бараг тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарсан, мал 2,5 саяар нэмэгдсэний 1,5 сая нь ямаан сүргийн тоо толгой өссөн. Ямаа өсөхөд Засгийн газар ямар оролцоотой байсныг дор бүрнээ бодоод үз л дээ. Ямааг ухна хээлтүүлж, малчид төлөө бойжуулан хөрвөжүүлсэн болохоос биш Засгийн газар хээлтүүлэг хийж, төл бойжуулан таргалуулаагүй биз дээ гэж Ерөнхийлөгч хэлсэн. Хүний хэлснээр хүүдэгнэн, хий хоосон хөөрцөглөж, үндэс муутай тооны өсөлт ярьж түмэн олныхоо толгойг бүү эргүүлээ, жинхэнэ бодит тогтвортой өсөлтийг бий болгоход тусалж, дэмж гэж хэлэх гээд байгаа юм гэж Ерөнхийлөгч хэлсэн байгаа. Ер нь манай эдийн засаг цаашид хөгжих бололцоотой. Гэвч эдийн засгийн өсөлтийг дагаж ядуурал өсч байгаа нь зохимжгүй. Тийм учраас бидэнд ядуурал, ажилгүйдлийг бууруулсан эдийн засгийн өсөлт хэрэгтэй. Yүнийг шийдвэрлэхийн тулд нийгмийн баялгийг шударга хуваарилах хэрэгтэй гэж хэлсэн. Yүнийг бид хэрэгжүүлэх ёстой юм.
Б.Эрдэнэбат:
-Эдийн засгийн өсөлтийн асуудлаар ард түмэн бүгд нэгдмэл байр суурьтай байна лээ. Yнэндээ өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газар ажилгүйдэл, ядуурлыг 50 хувь бууруулна, төсвийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмнэ, тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмнэ, татварыг 30 хувь хөнгөлнө гэсэн. Бүх юм эсрэгээр эргэсэн шүү. Өнөөдөр шатах тослох материал, цахилгаан дулааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ахмадууд маань арга ядахдаа тэтгэврийн зөрүү арилгаад өг гэсэн чинь харин бүр холтгоод өгчихлөө. Өнөөдөр өдрөөс өдөрт ядуучуудын эгнээ нэмэгдэж байна. Ямар өсөлт яриад байна вэ. 10,6 хувь өсөлт гэдэг бол дэлхийн орнуудын эдийн засгийн өсөлттэй харьцуулбал бараг эхний таван байрт орохоор өсөлт. Өнөөдөр та бүхэн дараагийн Засгийн газрыг эдийн засгийн өсөлтийг 10,6 хувиас бууруулж болохгүй гэж яриад байна. Монгол Улсын нийт газар нутгийн 400 мянган км шоо талбай гаднын хүний мэдэлд орчихоод байна. Дөрвөн жилийн хугацаанд гэсэн үг шүү дээ. Тэр нутаг дээр амьдарч байгаа хүмүүс өвөлжөө, хаваржаа, хадлан тэжээлтэйгээ гаднын хүний мэдэлд орж байна. Оюутолгой, Бороогийн алтны уурхайг гадны хүмүүст 100, 98 хувийн тусгай зөвшөөрлөөр өгөх хэрэг байсан юм уу. Хэрэв ийм өсөлтөөр явах юм бол Монголын ард түмэн маш богино хугацаанд эх орондоо гишгэх газаргүй болох нь. Энэ бүх тусгай зөвшөөрлүүдээ хүчингүй болгож, Монгол Улс байгалийнхаа, эх орныхоо баялгаар хөгжих ёстой.
Асуулт-5: -Ажилгүйдэл, ядуурал, архидалт?
Б.Жаргалсайхан:
-Энэ бол нийгмийн маш том асуудал. Хоёр минутын дотор хэлэлцэж дуусна гэдэг их учир дутагдалтай. Гэхдээ би товч ярья. Ажилгүйдлийг шийдэхийн тулд ажлын байр бий болгох хэрэгтэй. Ажлын байр бий болгоход үйлдвэрийн тоног төхөөрөмж авах хэрэгтэй. Гэтэл мөнгө байдаггүй. Төсөвт маань дөнгөж 700 тэрбум төгрөг байна. Эндээс мөнгө гаргаж, үйлдвэр барья гэвэл тэтгэвэр, тэтгэмж авагчид үүнийгээ авч чадахгүйд хүрнэ. Нэг бол татварыг нэмэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр татвар нэмэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр бид санхүүгийн цоо шинэ эх үүсвэрийг нэн даруй бий болгох хэрэгтэй. АНУ, Япон, дэлхийн санхүүгийн байгууллагуудад мөнгө байгаа. Ганцхан бид түүнээс нь хүртэхийн тулд тэдний гаргасан журмуудыг сайн мөрдөөд, тодорхой зорилго, зорилттой төслүүдийг маш сайн боловсруулж, баталгаажуулах ёстой. Ингэж чадвал бид хөгжлийн зээл авч чадна. Эхний ээлжинд 30 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж бодож байна. Энэ асуудлыг би Ерөнхийлөгч болчихоод шийдье гэж бодож байна. Харин мөнгөө авсныхаа дараа ямааныхаа ноолуурыг самнаад утсаа хийгээд цамцаа нэхнэ үү, энэ бол дараагийн асуудал. Yүнийг бид дотооддоо ярьж байгаад шийдчихэж болно. Тиймээс мөнгөний асуудлаа эхлээд шийдье. Тэдэнд зөвхөн геологи хайгуулын лиценз өгөөд дээр нь үйл ажиллагаа явуулах эрхийг л өгсөн болохоос газраа өгөөгүй, бид газар доор байгаа баялгаа өгөөгүй байгаа шүү дээ. Бид байгалийнхаа баялгийг авна. Зөвхөн Оюутолгойгоос л гэхэд 280 тэрбум доллар, Тавантолгойгоос 500 тэрбумыг олж чадна. Yүнийг хөгжлийн баталгаа болгох хэрэгтэй болов уу.
Б.Эрдэнэбат:
-Ажилгүйдэл, ядуурал, архидалт нийгмийг бүрхэж байна. Энэ гурав Монголын нийгмийг тэр чигт нь бүрхсэн аалзны тор болж байна. Өнөөдөр Монгол Улс архинд живж байна. Өнөөдөр ажилгүйдэл, ядуурал дээр архидалт нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс аймаг, сумын төв дээр архи спиртийн үйлдвэртэй байна. Өнөөдөр хээл хахууль, авилгал дээрээсээ эхтэй болоод байна. Ард түмэн ядуурч байна. Архидалт, ядуурал, ажилгүйдэл хоорондоо нягт уялдаа холбоотой. Энийг бий болгоод байгаа эх булаг нь ажилгүйдэл. Тийм учраас аль болохоор хүн болгоныг ажилтай болговол тэр ардчилал гэж би ойлгож байна. Хүн болгон маань ажилтай болчихвол ядуурал, архидалт багасна. Тийм учраас төрөөс үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор хөхиүлэн дэмжих ёстой. Бид 15 жил ажилгүйдэл, ядуурлыг арилгах гэж төрийн бодлогоор ажиллаж үзлээ. Гадаадаас маш их хэмжээний зээл, тусламж орж ирлээ. Гэтэл өнөөдөр ядуурал, ажилгүйдэл буурахгүй, жил ирэх тусам өрөнд орж байна. Эндээс гарах гарц бол Монголын эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг хэсэг, траншейнд амьдарч байгаа Монгол Улсын ирээдүй болсон үр хүүхдүүдийг боловсролтой, Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй хүн болгох нь ядуурлаас гарах нэн том гарц юм. Манай эмэгтэйчүүд УИХ, Засгийн газарт 30-аас доошгүй хувиар гарч нийгэмд байр сууриа эзлэх нь үүнээс гарах хамгийн том гарц. Өнгөрсөн 15 жилд эмэгтэйчүүд том ачаа үүрсэн. Yнэндээ эмэгтэйчүүд маань л тууштай, шударга бодит байдлыг арилгахад бодитой хувь нэмэр оруулж чадна гэж би бодож байна.
Н.Энхбаяр:
-Нэр дэвшигч нэг зүйлийг андуурч байх шиг байна. Манай Засгийн газрын үед доод тэтгэврийг, цалинг хоёр дахин нэмсэн. 2000 онд 16 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан хүн 2004 онд 32 мянган төгрөгийн тэтгэвэртэй болсон. Харин одоо Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед доод тэтгэврийг багахан, дээд тэтгэврийг илүү нэмсэн нь ийм зөрүү гаргасан. Юу ч болж байсан Н.Энхбаяр л буруутай гэсэн зарчмаар хандаж байх шиг байна. Би үүнийг үүрээд сурчихсан юм. Гэхдээ тодруулаад хэлчихье. Ажилгүйдэл, ядуурал бол үнэхээр нийгэмд тулгамдсан том асуудал. Ядуурлын гол шалтгаан нь яах аргагүй ажилгүйдэл. Одоогийн байдлаар тодорхой шалтгаангүйгээр 180 мянга орчим хүн ажилгүй байна. Ажлын байрыг бий болгох нь ядууралтай тэмцэх хамгийн гол, сайн арга. Өнгөрсөн дөрвөн жилд 84 мянга ажлын байр бий болсон. Гэхдээ 12 сая толгой малаа алдаж, 70 мянган өрх малгүй болж, 280 мянган хүн өрхийн орлогогүй болсон учраас ядуурлыг тэр дор нь, хэдхэн жилийн дотор шийдэхэд хүнд хэцүү байсан гэдгийг ард түмэн ойлгодог. Гэхдээ бид зүтгэх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ дөрвөн жилд 100 мянгаас дээш ажлын байрыг нэмэгдүүлж байж ажилгүйдлийн асуудал дээр онцгой дэвшил гаргана. Тийм учраас бүгдээрээ хамтран 100 мянга гаруй ажлын байр бий болгохын төлөө зүтгэсэн. Тэгэхийн тулд жижиг бизнесийг дэмжье, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлье, банкныхаа зээлийн хүүг бууруулъя, хугацааг нь уртасгая, бага оврын тоног төхөөрөмжийг удаан хугацаатайгаар өрх гэрт түрээсэлъе, гэр бүлийн бизнесийг дэмжье. Энэ бүхэн шийдэгдэх юм бол архидалт аяндаа алга болно. Энэ бол хоорондоо холбоотой асуудлууд.
М.Энхсайхан:
-Өнөөдөр манай нийгэмд тулгамдаад байгаа асуудал бол ядуурал. Ядуурлын гол шалтгаан нь ажилгүйдэл. Ядуурал, ажилгүйдлийн үр дагавар нь архидалт. Yүнтэй манай үе үеийн Засгийн газар тэмцэж ажиллаж байсан. Өнөөдрийн Засгийн газар бол хамтарсан Засгийн газар. Болж буй үйл явдалд заавал ч үгүй хэн нэгийг буруутгах нь учир дутагдалтай. Хамтарсан Засгийн газрын үед аливаа шийдвэрийг заавал зөвшилцлөөр гаргадаг. АН шийдвэр гаргахын тулд МАХН-тай бүрэн зөвшилцсөн байх шаардлагатай байдаг.
Хүүхдийн мөнгийг өгье ч гэсэн, ажлын байрыг бий болгоё ч гэсэн заавал МАХН-аас зөвшөөрөл авч байж шийддэг учраас хүндрэл бэрхшээл байдаг гэдгийг энд хэлмээр байна. Хариуцлагыг хамт үүрэх ёстой юм. Засгийн газар 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. 40 мянган айлын орон сууц гэдэг бол зөвхөн нийгмийн асуудал биш, давхар олон мянган ажлын байр бий болгох юм. Нэг барилгачны ажил, гурван ажлын шинэ байрыг бий болгоно. Шинэ орон сууцтай болно гэдэг гэрийн тавилга, бусад жижиг бизнесийг хөгжүүлэхэд түлхэц өгнө. Тиймээс 40 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж үзэл баримтлалыг нь боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гэж байна. Энэ нь иргэдээ ажилтай байлгах, ажилгүйдлийг шийдэх, ядууралтай тэмцэх, архидалт, нийгмийн бусад сүүдэртэй талыг арилгах боломж бүрдэх юм.
Асуулт-6: -Yндэсний үзэл гэж юу вэ. Түүнийг төлөвшүүлэх арга замын талаар?
Н.Энхбаяр:
-Ажлын хүндийг үүрч яваа бид шалтаг л гарвал чичлүүлж байдаг хувь заяатай хүмүүс. Хажуугаар нь шүүмжлэл ч ирдэг. Yүнээс ухарч буцах зам байхгүй. Yндэсний үзлийн хувьд монголчууд олон ном судар бүтээсэн. Би нэг түүх яръя. Ренчин гуай Хятадын Цагаан хэрмийг үзэж явахад хятадууд, агуу үндэстэн энэ хэрмийг босгосон юм гэжээ. Хариуд нь Ренчин гуай сахлаа имрэн бодолхийлснээ агуу үндэстэн энэ хэрмийг бариулсан юм биш үү гэж хэлсэн гэдэг. Монголчууд үнэхээр гайхамшигтай, бахархаж болох түүхтэй ард түмэн. Өвөг дээдэс минь үүргээ биелүүлж, ийм түүхийг бидэнд өвлүүлсэн. Гэхдээ түүхээ харж уяраад, өнөөдрөө харааж, маргаашдаа итгэл алдарч амьдрах юм уу. Yгүй, бид хөгжих, хөгжлийн төлөө хамтдаа эв нэгдэлтэй ажиллах учиртай. Эцсийн дүндээ хөгжил бидний тусгаар тогтнолыг баталгаажуулна. Тэр утгаараа үндэсний үзэл хөгжлийг бий болгодог. Ирээдүй, түүний хөгжлийг бүтээх үзэл ч мөн үндэсний үзэл юм. Тиймээс Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, эрчимжүүлэх үндэсний үзэл бодлыг боловсруулж хэрэгжүүлье.
М.Энхсайхан:
-Yндэсний үзэл санаа бол бидэнд тулгамдсан асуудал юм. Чингисийн үеийн монголчуудыг үзэж харж байсан Европын аялагч Марко Поло, Карпини Ромын папд очоод, монголчуудын тухай айлтгахдаа тэд их зоригтой, бас бие биеийнхээ төлөө тэмцэж, амьдарч чаддаг юм байна гэжээ. Тэр үеэс хойш долоо, найман зуун жилийн дараа одоо монголчуудад энэ шинж байна уу гэж бодож үзэх хэрэгтэй. Би мөрийн хөтөлбөртөө Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө үндэсний үзэл санааг боловсруулж нийт олны хүртээл болгохоор тусгасан. Ийм үзэл санаа бусад оронд ч байдаг юм байна. АНУ-ын үндэсний үзэл гэхэд ардчилал, (америк хүн ардчилалгүйгээр амьдралаа төсөөлдөггүй) бурханд итгэх, аливаа итгэл үнэмшил (ёс суртахуунтай хүн бусдыг золиосолж амьдардаггүй), мөрөөдөлтэй амьдрах (том мөрөөдөлтэй байж том амьдарна) гэсэн тулгын гурван чулуутай юм. Энэ бүх үзэл санаа тухайн орны хөгжлийг хөдөлгөгч хүч, хөдөлгүүр, цохилох зүрх нь болдог. Иймээс монгол үндэсний үзэл санааг эрдэмтэн мэргэд, түүхчдийн оролцоотойгоор Ерөнхийлөгчийн ивээл дор боловсруулж түмний хүртээл болгоно. Би үүнийг хийнэ.
Б.Эрдэнэбат:
-Yндэсний үзэл өнөөгийн нийгэм эдийн засгийн хямралтай үед хамгийн чухал. Аль ч улс хамгийн хүнд үедээ улс орныхоо төлөө бүхнийг зориулдаг. Өнгөрсөн мянганд гэхэд монголчууд дэлхийн хүн төрөлхтөний өмнө соёл, иргэншил, философиороо нэгд орсон. Ийм том үндэстний залгамж үе нь та бид. Энэ зуунд бид цөөхүүлээ үлдсэн ч өвөг дээдэс маань тусгаар тогтносон энэ том газар нутгийг хүлээлгэж өгсөн. 1921 онд 600 мянган хүнтэй бараг колонийн колони мөхлийн ирмэгт байсан бол өвөг дээдэс минь халуун амиа зориулж ийм орныг бидэнд өгчээ. Монгол Улс өнөөдөр эдийн засгаараа дамжаад тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь маш хүнд байдалд тулж ирлээ. Монгол түмэн бүх л бие сэтгэл, эрдэм мэдлэгээ эх орныхоо төлөө зориулах түүхэн цаг үед ажиллаж, амьдарч байна. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, монгол амьдрах ухаан, эх оронч үзлээр гагнагдаж байж, эх орноо хөгжүүлэх сайхан боломжийг олгоно. Бидний түүх соёл, урлагийн их өв, шашин шүтлэг, амьдрах ухаан энэ бүхэн судлах сурталчлан дэлгэрүүлэх, эх оронч үзэл. Монгол Улсын иргэний болон үндэсний бахархлыг бадраах үйлсийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгоно гэж бодож байна.
Б.Жаргалсайхан:
-Yндэсний үзэл бодол гэдэг асуудалд би арай өөр байр суурьтай байна. Сүүлийн үед үндэсний эв нэгдэл гэж их ярих боллоо. Гэхдээ эв нэгдэлгүй байдал намууд, улстөрчдийн хооронд байгаа болохоос ард түмний дунд эв нэгдэлгүй байдал байхгүй шүү дээ. Yүнийг бүгд мэдэж байгаа. Намууд үндэсний үзлийг ард түмэндээ тулгаад байх биш, намууд улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөөх үзэл баримтлалыг тодорхой болгох хэрэгтэй байх аа. Хоолгүй ард түмэнд юу ч яриад бүтэхгүй. Иймээс үндэсний үзэл бодлыг төлөвшүүлэхийн тулд ард түмнээ өлсгөлөнгөөс гаргах хэрэгтэй. Энэ талаар хөтөлбөртөө тодорхой тусгасан. Юуны өмнө үндэсний хүнсний нөөцийг бий болгоё, газар тариалангаа хөгжүүлье, Хятадаас хүнсний ногоо оруулж ирдгийг больё. Мах бэлтгэлийг Засгийн газар явуулж байх. Ингэвэл ард түмэн хоолтой болно. Ажил хөдөлмөртэй, өндөр цалинтай байх хэрэгтэй. Ер нь ард түмэн эх орноо орхиогүй, эх орондоо хайртай хэвээрээ байгаа. Гагцхүү энэ зовлон, жаргалаас болжтэрийгээ бодох боломж нь өөрөө хомсдсон. Бид энэ ажилгүйдэл, өлсгөлөнг шийдэх ёстой болов уу. Зөвхөн боловсрол гэж ярьж байна, компьютер, интернэт, англи хэл гээд. Энэ бол та бидний ажил хөдөлмөрөө явуулах зөвхөн аргачлал. Боловсролоос гадна залууст хүмүүжил, соёлыг, бага балчраас нь эхэлж олгох ёстой. Дунд, дээд сургуульд энэ цогц төлөвшлийг зааж, сургаж байж үндэсний үзэл бодлыг бий болгоно.
Асуулт-7: -Хэрэв Та Ерөнхийлөгч болбол авилгал, хээл хахуультай хэрхэн тэмцэх вэ?
Б.Эрдэнэбат:
-Авилгал, хээл хахуулийг бий болгож буй эх булгийг таслах ёстой. Сонгогч түмэн миний мөрийн хөтөлбөрийг дэмжиж Ерөнхийлөгчөөр сонговол хамгийн түрүүнд хийх ажил маань бүх ард түмний санал асуулга. Ард түмэн Монгол Улсын Yндсэн хуулиар олгогдсон төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн эрхээ эдэлж хариуцлага хүлээдэг, тодорхой эзэнтэй болох гэсэн хүсэмжлэлийг хэрэгжүүлэх нь зүй ёсны асуудал гэж үзэж байна. 1945.10.20-нд бүх ард түмэн 100 хувь тусгаар тогтнолоо авч хэлэлцсэн. Энэ нь БНХАУ-ын Засгийн газрын хяналт дор явагдсан санал асуулга. Одоо ч бид Монгол Улсынхаа төрийн тогтолцоог хээл хахуульгүй, ажилгүйдэл, ядууралгүй, архидалт, гэмт хэрэггүй тогтолцоо бий болгоход бүх ард түмний санал асуулгаар хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Yндсэн хуулиар олгогдсон эрхээрээ УИХ-д бүх ард түмний санал асуулгыг оруулах бүрэн эрхтэй субъект. Тиймээс оруулаад үзье. Ард түмэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дамжуулан УИХ-д санал оруулахад хүлээж авах нь уу, үгүй юу цөмөөр харъя л даа. Бидний төлөөлөл болсон 76 гишүүнээр төр улсаа удирдуулах гэж оролдлоо. Yнэндээ болж өгөхгүй байна. Тиймээс авилгал хээл хахуулиас ангижрах ганц гарц нь хуйвалдаантай энэ тогтолцооноос ангижръя, хариуцлага хүлээдэг болъё. Ард түмний хөгжилд сөрөг нөлөөтэй. Ямар нэгэн буруу хууль санаачилж баталсан хүмүүс нэр устайгаа ард түмний өмнө хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байя. Монголын ард түмэн 16 жил хууртлаа. Энэ бол хүний амьдралын их урт хугацаа. Монголчууд бид нэг жарнаар нэг үеийг хэмждэг. УИХ-ын гишүүд сонгогдохын өмнө их зүйл амладаг. Гишүүд болмогц ус руу хаясан чулуу шиг алга болж байна. Амласан амлалт нь хэрэгжихгүй болохоор ард түмэн хохирч байна. Эрх мэдэлтэй хүмүүс өглөө босоод ард түмний гарт эрх мэдэл ирлээ гэдгийг санаж байгаарай. Тэднийг дэндүү басамжилж байна шүү.
Б.Жаргалсайхан:
-Авилгал гэдэг юм энэ сонгуулийн үеэр гараад ирлээ л дээ. Би ойлгохгүй байгаа юм. Сүүлийн 15 жилд төрийн эрх ээлжилж барьж байгаа намын дарга нар энэ асуудлыг их хөндөх боллоо. Урьд нь үүнийг яагаад шийдэж болоогүй гэнэт шийдэхээр болчихов гэдэг асуудал гарч ирж байна. Ард түмэн авилгал гэдгийг амьдралын эрхээр авдаг. Мэс заслын эмч мэс заслаас ядраад гараад ирэхэд эмчлүүлсэн хүний ар гэрээс дөрвөн бууз, нэг шил архи өгдөг. Энэ бол 60, 70 мянган төгрөгийн цалинтай амьдралд авилгал юм уу даа. Цалин нь үнэндээ хүрэлцэхгүй байна. Харин төрийн дээд байгууллагад авилгал гэдэг нэр томъёог хэрэглэмээргүй байна. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж луйврын чанартай зүйл хийж байгаа болов уу. Жишээлбэл, өмч хувьчлал, газар хувьчлал, байгалийн баялаг, геологи, хайгуулын лиценз, энэ бүхнийг албан тушаалаа ашиглан өөрсдөдөө эрх чөлөөтэйгээр авч цааш борлуулах эрхээ хуульчлан баталгаажуулж байгаа. Тэгэхээр энэ бол авилгал биш албан тушаалаа ашиглаж багаа луйвар юм даа. Мөн гадаадын зээл тусламж. Yүнийг намын харьяалал, найз нөхөд, хамаатан ах дүү нартаа хуваарилж үүнээс ашиг орлогыг бий болгодог. Төрийн том байгууллагууд Эрдэнэт, цахилгаан станцуудад хоёр гурав дахин их үнээр элдэв бараа таваар, запас сэлбэг шахаж бизнес хийж ашиг олдог. Энэ ашгаа хувааж авдаг юм билээ. Төрийн албан хаагчдын хийж байгаа энэ зан авирын үйлдлүүдийг зогсоох нь илүү бүтэмжтэй байх болов уу. Мөн бүх төрлийн тендерүүд байна. Яамны хэмжээнд тэрүүхэн хүрээнд шийдэгдээд яваад дуусчихдаг, үүнийг ил тод хийдэг болох хэрэгтэй.
М.Энхсайхан:
-Хүн амын дунд авилгал байна уу гэж асуувал 90 гаруй хувь нь байна гэж хариулдаг. Хамгийн гол нь авилгалыг хэн авч, хэн өгч байна вэ гэдгийг хэлж чаддаггүй. Авилгалтай тэмцэх уур амьсгалыг нийгэмд бий болгох шаардлага байгаа юм. Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “Авилгал, хээл хахууль, шударга бус байдал ард түмнийг хамгийн их зовоож байгаа асуудал” гэж хэлсэн. АНУ-ын Элчин сайд саяхан нэгэн илгээлтдээ Монголд авилгал байгаад зогсохгүй эрчимтэй томорч байна гэж дохио сануулга өгсөн байгаа. Авилгал гэдэг бол зөвхөн хоёр хүний хооронд болдог биш нэг нь авсан, нэг нь өгсөн гээд дуусдаг биш. Авилгал төлсөн хүн оруулж ирсэн барааныхаа үнэнд төлбөрөө шингээдэг. Ингэхээр авилгалын төлбөрийг ард түмэн төлдөг. Тиймээс авилгал бол ард түмний эсрэг хийж байгаа гэмт хэрэг юм. Авилгал гэдэг нь төр, ард түмний хоорондын итгэлцлийг алдагдуулах, хамгийн ноцтой хэрэг. Цаашид ийм байдлаар явбал Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд заналхийлсэн хамгийн ноцтой гэмт хэрэг болно. Би өөрийнхөө хөтөлбөрт авилгачдад өршөөл байхгүй гэж хэлж байгаа. Авилгалтай тэмцэх олон арга байна. Авилгалын эсрэг олон улсын конвенцод нэгдэж, өөрийн дотоодын хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, авилгалтай тэмцэх тусгай зохион байгуулалт бүхий байгууллага байгуулах хэрэгтэй байна. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа авилгал авдаг хүнийг шийтгэдэг, өгсөн нь нотолдог, гэрчилдэг болох нь зүйтэй гэж боддог. Ийм нөхцөлд авилгалтай үр дүнтэй тэмцэж болно. Харамсалтай нь манай хүн амын 13 хувь нь авилгалтай тэмцэх хэрэггүй гэж хэлсэн байдаг юм. Энэ хэрийн соёл байж болохгүй шүү гэж хэлмээр байна.
Н.Энхбаяр:
-Авилгал, хээл хахуультай хамгийн хатуу аргаар тэмцэх ёстой. Энэ нь хууль гаргаж тэмцэнэ гэсэн үг. Би УИХ-ын даргын хувьд Авилгалын эсрэг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн С.Оюун нар ахалж байна. Ажлын хэсэг сайн ажиллаж хуулийн төсөл бэлэн болсон. Энэ хаврын чуулганаар багтаж Авилгалын эсрэг хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуулийг батлаад зогсохгүй хэрэгжүүлнэ. Авилгалыг арилгах арга хэмжээг авна. Татварын хувь хэмжээг бууруулж, бизнесийг элдэв дарамтаас ангижруулна. Шүүх, хууль хяналтын бай- гууллагыг ард түмэн маань авилгалтай холбож ярьдаг. Эдгээр байгууллагад байгаа шударга бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоохын төлөө ажиллах болно. Мөн төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах ёстой. Жишээ татахад, иргэн хүний нэг захидлыг 30 хоног дарж болохгүй. Yүний цаана хүнд суртал байна. Хүнд суртлыг заавал авилгал дагадаг. Авилгалтай тэмцэхэд хүмүүсийг айлгаж сүрдүүлээд үр дүнд хүрэхгүй. Төр, засгаас цалинг нь нэмэх хэрэгтэй. Нийгмийн асуудлуудыг нь анхаарч шийдэх ёстой юм. Авилгалтай тэр утгаараа амаараа биш, ажлаар тэмцэнэ. Хуулиа гаргана, нөгөө талаас нийгмийн асуудлыг нь шийдэж өгч тэмцэх нь хамгийн үр дүнтэй хэлбэр гэж бодож байгаа.
Асуулт-8: -Yндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын талаар Таны байр суурь юу вэ?
М.Энхсайхан:
-Сүүлийн 15 жилд Монгол Улсад хувийн хэвшил зонхилсон эдийн засаг бүрдлээ. 1990 онд манай улсад үндсэн- дээ хувийн хэвшил байгаагүй бол өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй ху-вийг энэ салбар бүтээдэг болжээ. Хувийн хэвшилд шинэ технологи бүхий шинэ төрлийн олон жижиг үйлдвэр байгуулагдаж байгаа. Yндэсний үйлдвэрийг дэмжих гэдэг асуудал ардчилал, зах зээлийн нөхцөлд бий болсон үйлдвэрүүдийг дэмжиж, тэднийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах гэж ойлгох нь зүйтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид гол төлөв манай эдийн засгийн салбарыг сорчилж ханддаг. Энэ байдлыг халах цаг болсон. Ялангуяа монголчуудын хийж чадаж байгаа салбарт гадаадын хөрөнгө оруулалт, гаднаас оруулж ирж буй бараанд хаалт, хориг тавих ёстой. Ингэснээр манай үндэсний үйлдвэрлэл дээшээ босч ирэх бололцоо бүрдэнэ. Мөн үндэс-ний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд татварын ачааллыг бууруулах, түүхий эд, тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэхэд татварын хөнгөлөлт үзүүлдэг бодлого чухал юм. Ингэж байж шинэ үеийн зах зээлийн эдийн засгийн үндэсний үйлдвэрүүд бий болно. Yүнийг эрчимтэй дэмжих төрийн бодлогыг явуулах болно.
Н.Энхбаяр:
-Монголчууд хөгжих хэрэгтэй. Yүний тулд хийж бүтээх ёстой. Аливааг хийж бүтээнэ гэдэг нь үндэсний үйлдвэрлэл хөгжинө гэсэн үг юм. Yндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг авах ёстой. Юуны өмнө улстөрийн нөхцөл байдал тогтвортой байх. Улстөр өөрөө бужигнаантай байвал үйлдвэрлэл тэр дотор үндэсний үйлдвэрлэл ерөөсөө хөгжихгүй. Хоёрдугаарт, татварын дарамт, ачааллыг бууруулмаар байна. Татвар хураах ажиллагааг хялбар, ойлгомжтой болгомоор байна. Нэг байцаагчийн эрхшээлд үндэсний бүхэл бүтэн том үйлдвэр, салбараа өгч болохгүй. Би үндэсний үйлдвэрлэлийг дэмжихдээ ийм зарчмыг баримталж байгаа юм. Төр, засгаас бизнесийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахдаа урьдчилж хэлж, судалж, санаа бодлыг нь сонсч, түүнийг тусгаж байж гаргах хэрэгтэй. Аж ахуйн байгууллага, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг ил тод гаргадаг журамд шилжих ёстой гэж үзэж байна. Энэ салбарыг дэмжсэн гаалийн, импортын, татварын системийг тогтоох хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчдыг гадаадын хөрөнгө оруулагчидтай яг адилхан дэмждэг байх, Монголд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг дэлхийн томоохон зах зээлд гаргахын тулд Засгийн газар тэр зах зээлийг ард түмний өмнө нээж өгөх нь зүйтэй гэж үздэг. Төр, засгийн байгууллагууд аливаа бараа, үйлчилгээг худалдаж авахдаа эхлээд үндэсний үйлдвэрлэлийг сонгодог. Yнэхээр Монголд үйлдвэрлэдэггүй бол гадаадынхыг авч болох юм. Хамгийн наад зах нь чихэр байна. Миний өрөөнд гэхэд монгол чихэр байдаг. Yндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд дэмжлэг жижигдэнэ гэж байхгүй.
Б.Жаргалсайхан:
-Yндсэндээ миний сүүлийн 15, 16 жилд хийсэн ажил бол Монголд үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх. Yүний тулд ханцуй шамлан зүтгэж, хоногт 13, 14 цаг ажиллаж байсан. Тэгэхдээ ажлын долоон өдөрт шүү. Энэ хугацаанд асар их зовлон, бэрхшээлийг туулсан. Надад үйлдвэр байгуулах тийм хэцүү байсан юм чинь энэ ядарсан ард түмэнд мөнгө олж үйлдвэр байгуулна, түүнийгээ хөгжүүлнэ гэдэг ямар хүнд байх нь ойлгомжтой. Миний хувьд гадаадаас зээл тусламж авч дөрвөн үйлдвэр босгосон. Энэ маань улстөрчдийн нүдийг их хорсгож байгаа. Yүнийг би ойлгодоггүй. Намайг дэмжих болов уу гэж аминдаа их горьдож, мөрөөддөг байсан. Улстөрчид, ялангуяа сонгуулийн үеэр үндэсний үйлдвэр гэдэг асуудлыг их ярих болжээ. Өнгөрсөн 15 жилд манай намууд, улстөрчид улс орныг хөгжүүлэхдээ зөвхөн бизнес, арилжааны хүрээнд хийх ажлыг ярьж байгаа. Харин сүүлийн нэг жилд аж үйлдвэрээ хөгжүүлье, өөрсдөө юм үйлдвэрлэдэг болъё гэх болсонд нь их баяртай яваа. Дэлхийн зах зээл бол их боловсронгуй, соёлтой болсон. Олон улсын аж үйлдвэр, үйлчилгээ өөр өөрийн байр суурийг эзэлж хувааж авсан. Тэр дунд монголчууд бидэнд суудал үлдэж үү гэдгийг нухацтай бодох ёстой. Мэдээж үйлдвэр бол хоёр чиглэлийн байх юм. Нэг хэсэг нь экспортод зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нөгөө хэсэг нь импортыг орлуулж өөрсдийнхөө хэрэгцээг хангах үйлдвэрлэл эрхлэх болов уу. Yүнийг шийдэхийг тулд маш их хэмжээний мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг эхэлж хийгээд, урт хугацааны зээлүүдээр үйлдвэрлэгчдийг хангая гэсэн бодолтой явдаг. Түүнчилэн гар ажиллагаагүй, бүрэн автомат орчин үеийн компьютероор ажилладаг үйлдвэрүүдийг бий болгож байж дэлхийн зах зээлд гарна.
Б.Эрдэнэбат:
-Yндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг хамгийн чухал. Yүний тулд хээл хахууль, авилгалтай төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй юм. Жишээлбэл, манай улсын нийт газар нутгийн 70 гаруй хувьд нь хайгуул ашиглалтын лиценз эзэмших эрх олгожээ. Эдгээрийн дөрөвний нэгийг гадаадын иргэд эзэмшиж байна. Бусад нь эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн арилжааны хэрэгсэл болж. Манай орны хувьд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол баялаг нь уул уурхайн баялаг. Өөрөөр хэлбэл, газрын, хэвлийн баялаг юм. Гаднын хүмүүсийн гарт байгаа 50, 100 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийн лицензийг эргэж харж өөрчлөх ёстой. Тухайлбал хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар нутгийн уугуул иргэд, энэ баялгаа эзэмшиж орон нутаг, улс орноо хөгжүүлэх учиртай. Ахуй амьдралаа сайжруулж, орлогоо нэмэгдүүлэхэд энэ баялаг эх сурвалж нь байх ёстой юм. Төрөөс ийм бодлого явуулахыг цаг үе шаардаж байна. Өнөөдрийн хээл хахууль авилгалтай тогтолцоонд ямар ч шинэ хууль гаргаад үндэсний үйлдвэрлэлийг сэргээх бодлого явуулаад хэрэгжинэ гэж байхгүй. Авилгал, хээл хахууль өөрөө ажилгүйдэл, ядуурлыг цэцэглэн хөгжүүлж байгаа хуйвалдааны шинжтэй төр, засаг болж хувирчихаад байгаа юм. Ард түмэн ч үүнийг шүүмжилж байгаа. Yндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гаалийн, худалдааны, хөрөнгө оруулалтын, банк санхүүгийн орчноор хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Бүх ард түмний санал асуулгаар үүнийг хийх нь чухал. Орчин үеийн техник технологитой уул уурхайн, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэр оруулж ирэхэд бүх төрлийн татвараас чөлөөлөх, тэдгээр тоног төхөөрөмжийг оруулж ирсэн, үйлдвэр худалдаж авсан хөрөнгөө нөхтөл орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөх хэрэгтэй байгаа юм. Ингэж байж Монголын ард түмэн, Монгол Улсаа орчин үеийн техник технологитой, үндэсний үйлдвэрлэл бүхий орон болгоно. Тэргүүлэх салбарууд уул уурхай, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэр, эрчим хүчний салбарт ийм бодлого хэрэгжүүлж байж үндэсний үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлнэ.
Асуулт-9: -Монгол Улсын өрийн асуудалд та ямар бодолтой байдаг вэ?
Н.Энхбаяр:
-Өрийн асуудлыг бид сүүлийн хэдэн сая их шуугилаа. Ялангуяа ОХУ-д Монгол Улсаас төлөх ёстой өрийн асуудлыг нэн ашигтайгаар төлсөнтэй холбогдуулж элдвээр мушгин гуйвуулж, гүжирдэн гүтгэж баахан улстөржлөө. Бид уг нь 11,4 тэрбум шилжих рублийн өртэй байсан улс. Түрүүн Б.Жаргалсайхан нэр дэвшигч андуураад Цэдэнбал дарга 30 гаруй сая доллар оруулж ирсэн юм шиг ярина лээ. Yнэн тоо нь бол 11,4 тэрбум шилжих рублийн хөрөнгө байсан. Yүнийг Парисын клубын зарчмаар долларт шилжүүлвэл 11,4 тэрбум болж байсан юм. Оросууд бидэнтэй хэлэлцээ хийхдээ Монголын нөхцөл байдлыг ойлгож, сайн хандаж 98 орчим хувийг нь хөнгөлж, 250 сая доллараар ердөө хоёр, гаруйхан хувийг нь төлүүлсэн. Оросууд бидэнд их сайн хандсан. Гэтэл оросууд руугаа дайрч, доромжилж, сэжиглэж, хардах хэрэг байна уу даа. Өргүй бол баян, өтгүй бол тарган гэж Монголын ард түмэн ярьдаг, өрнөөс айдаг, залхдаг. Өргүй боллоо гээд баярлах байх гэж бодсон. Гэвч зарим нэг хүн уурлаж байгааг хараад би гайхдаг юм. Гэхдээ яахав дээ, яваандаа ойлгох байх гэж бодож энэ асуудалд уужуу тайван ханддаг. Орост төлсөн өр маань эцсийн эцэст Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулахад, монгол хүн зовхи дээшээ ирээдүйдээ итгэлтэй явахад асар их чухал алхам болсон юм. Тийм учраас 20 дугаар зууны Монголын хөгжил дэвшил өргүй болсон шүү. XXI зуундаа бүгдээрээ ирээдүй рүүгээ харж Монгол Улсаа цогцлоон бүтээн байгуулъя.
Б.Эрдэнэбат:
-Өрийн асуудал гэхээр би ОХУ-д төлсөн өртэй холбож бодохгүй байна. Өнөөдөр Монголын ард түмэн нэг улсад өгөх өрөө хаана гэдэг сайхан хэрэг. Yүнийг би зүйтэй гэж үзэж байна. Хамгийн гол нь маргаантай байгаа 50 тэрбум төгрөгийн асуудалд хууль хяналтын байгууллага цэг тавьж ард түмэнд бодит үнэн зүйлийг хэлж өгөх ёстой. Бид сүүлийн 10 жилийн дотор гадаад оронд хоёр тэрбум долларын өрөнд орж байна. Монгол Улсын төвлөрсөн төсвийг бүрдүүлэх гэж улсынхаа нэрээр бадар барьж, нэрийг нь гадаадад гаргаж, Монголд хандивлагчдын зөвлөгөөн зохион байгуулж жилдээ 350-400 тэрбум төгрөгийн зээл авч байна. Ингэж улс орноо өрөнд оруулж 30, 40 жилийн дараа хүүхдүүд маань энэ өрийг төлнө. Эдийн засгаараа дамжиж улс маань хараат орон болох ийм байдал руу бид явж болохгүй. Ийм их өргөн уудам нутгийн баялаг дээр өөрсдөө үндэсний үйлдвэрээ сэргээж, хөгжүүлж байж хөгжилтэй орны өрхийн орлогод хүрсэн иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх бүрэн боломжтой болно. Саяын ярьсан өрийг бодоод үзэхэд өдөрт л нэг тэрбум төгрөгийн өртэй болж байна гэсэн үг шүү дээ. Монгол Улсын Засгийн газар санхүүгийн үр ашигтай зээлийг ашиглах хэрэгтэй. Харин төслийн зээл нэртэй тив дэлхийгээр нэрлэчихсэн олон улсын байгуулагуудаас авсан дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарт оруулж байгаа эдийн засагтаа маш ухаалаг, зөв хандах хэрэгтэй байна. Жишээлбэл таван сая долларын ажлыг хийх гэж 17 тэрбум долларын өрөнд орж, 20 жилийн хүү төлөх болдог. Энэ асуудлыг бид сайтар бодох ёстой юм. Нэмж хэлэхэд бид аль болох жил болгон гадаад өрөө багасгаж, хөрөнгө оруулалтыг дотоодоосоо бий болгох ёстой.
Б.Жаргалсайхан:
-Цэдэнбал даргын үед бий болсон өрийг түрүүн ярилаа. Би тэр өрийг нийтдээ 300 сая доллар гэж үнэлж байгаа. Энэ мөнгийг бид ажил хөдөлмөр хийж тухайн үедээ эргүүлж төлсөн шүү дээ. Бид экспорт гаргадаг байсан. Yүний үлдэгдэл 11 сая орчим америк долларын асуудал яригдаж байсан. Ер нь бол хүнээс авсан юм чинь өгөх нь ойлгомжтой. Ашигтай ажиллаж байж өрөө төлөх нь бас бидний зорилго байх ёстой. Өр төлснийг миний хувьд сайшааж байгаа. Энэ бол буруу зүйл биш. Зөв зүйтэй алхам. Нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд орсон хэрэг. Одоо бид хуанлийнхаа хуудсыг шинээр эхлэхэд энэ нь бидэнд тулгуур суурь болж өгнө. Ер нь өр зээл хэрэгтэй юм уу, гэвэл би хэрэгтэй гэж хэлнэ. Би 30 сая доллараар дөрвөн үйлдвэр бариад ихэнх өрөө төлөөд өнөөдөр гурван сая доллар төлөх дутуу байгаа. Yүнийгээ үйл ажиллагаагаараа төлж дуусган. Харин би Ерөнхийлөгч болчихвол 30 сая биш 30 тэрбум долларыг оруулж ирье. Энэ 30 тэрбум доллараар бид маш сайн ажил хэрэгч байр сууринаас хандаж улс орноо бөгөөд хувийнхаа амьдралыг өөд татахад зарах юм. Ингээд үйл ажиллагаа явуулж байгаад 30-40 жилийн дараа төлнө шүү дээ. Зүгээр АНУ, Япон гэсэн хөгжилтэй орнуудыг харъя л даа. Тэнд бидэн шиг өргүй хоосон өлсөөд үхье, явган явъя машин унахгүй гэдэггүй шүү дээ. Тэнд бүх хүн ажил хийж, орлогоо баталгаажуулаад, 10, 20 жилийн хугацаатайгаар орон сууцаа зээлээр авдаг. Мөн унах унаа, машин тэргээ урт хугацаатайгаар лизингээр авч байна. Тэгэхээр өр зээл гэдэг маань дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг. Бид өр зээл тавьснаараа хожсон уу гэхээс алдаагүй. Өр гэдэг хадны мангаа мэт ярьдаг нь дэлхийн эдийн засгийн хөгжил, эдийн засаг гэж юу байдгийг ойлгодоггүй улсуудын яриа юм болов уу даа.
М.Энхсайхан:
-Өрд төлсөн 250 сая доллар их мөнгө үү, бага мөнгө үү гэдгийг эхлээд бодох ёстой. 250 сая доллар бол өнөөдөр Монголын 100 мянган өрхийг орон сууцтай болгох мөнгө, 30 сая хонь, ямааны үнэ. Бид өнөөдөр 250 сая долларыг өгсөн, үгүй гэж маргалдах ямар ч шаардлагагүй болсон. Ямар ч байсан Монгол Улс 250 доллараа гадагш нь гаргаад явуулсан. Харин 70 жил бид хамтарч ажилласан Оросын ард түмэнд энэ мөнгө бүтнээрээ очсон уу, үгүй юу гэдэг л асуудал байна. ОУВС-гийн мэдээллээр бол Монголын Засгийн газар 250 сая доллараа өгсөн гэдэг. Гэтэл Оросын Засгийн газар 200 сая доллар авсан гэдэг. Завсарт нь 50 сая доллар байдаггүй. Мэдээж ОУВС Чех, Оросоос үүнийг асуудаггүй. Монголын Засгийн газраас 50 саяынхаа тайланг тавь гэж удаа дараа шаардаж байсан юм билээ. Yүнийгээ нийтэд мэдээлдэггүй байсан. Тийм ч учраас ОУВС 50 сая долларынхаа тайланг тавихаас нааш Монголтой ажиллах, тусламж хөтөлбөрөө зогсооё гэсэн шийдвэр гаргасан. Энэ байдал монголчуудыг хүнд байдалд оруулж байгаа. Асуудлын гол нь ардчиллын хаягаар ард түмэнд очих ёстой зээл тусламж авилгачдын гарт очиж байна гэдэг болгоомжлол дэлхийн олон оронд төрсөн байна. Тийм ч учраас ОУВС-гийн тавьж байгаа шаардлага, мөн Мянганы сорилтын сан зэрэг тусламж үзүүлдэг байгууллага эргэлзэх болсон учраас ОУВС-гийн шаардлагад Монголын Засгийн газар ямар хариу өгөхийг хүлээж ханддаг болсон байна. Гол нь бид төлбөр төлсөн эсэхийг бус, эзэндээ мөнгө нь бүтэн очсон уу үгүй юу гэдгийг шалгах шаардлагатай байгаа юм.
Асуулт-10: -Монгол Улсын гадаад бодлогын талаар Та санал бодлоо хэлнэ үү?
Б.Жаргалсайхан:
-Хаданд хуцсан нохой гэдэг шиг дэлхийн улс төрийн амьдралыг бид шийддэггүй. Тийм учраас бидний хувьд гадаад бодлого маань Монгол Улсын эрчимтэй хөгжлийн асуудлыг илүү их тавих нь зүйтэй юм болов уу. Yүний дотор ялангуяа хөгжлийн зээлүүдийг маш сайн бүрдүүлэх, тэргүүний техник технологиудийг бий болгох утгаар гадаад бодлогынхоо үйл ажиллагааг чиглүүлэх хэрэгтэй. Ялангуяа, ЭСЯ-ны ажилтнуудыг үүн дээр илүү анхаарч ажиллаасай билээ гэж бодож байна. Ямарваа нэг юмыг хийе гэхээр бидэнд мэдээлэл байдаггүй. Тийм учраас энэ асуудлыг илүү их тавьсан нь дээр болов уу гэж бодож байна. Улс төрөөр дамжуулж бид хоёр хөршөө дэндүү их дайрч доромжилдгоо болих нь зүйтэй байхаа. Энэ хоёр хөрш хэр хөгжинө, төдий зэрэг бид хөгжинө. Хөгжил дунд бид сайн зуучилж чадвал тэр зэргээр бидний амьдрал хөгжинө. Гадаад бодлогодоо үүнийг их анхаарах хэргтэй юм болов уу. Дээр нь манайх гадаад бодлогодоо улсынхаа хөгжлийн зорилго, зорилт, хөгжлийн стратеги гэж чухам юу юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ тухай гаднынхан мэддэггүй. Танай улс ер нь яаж хөгжих гээд юу хүсээд байгаа юм бэ гэж асуудаг. Yүнийгээ сайн тодорхойлж гадаад бодлого болгох нь зүйтэй болов уу. Түүнээс биш тунхаг, дэлхийн чанартай асуудлыг биш, өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг гадаад бодлогодоо тусгах нь зүйтэй байхаа.
М.Энхсайхан:
-Өнөөдөр гадаад ажиллаж амьдарч сурч байгаа монгол иргэдийн тоо асар их болсон байна. Солонгост 20 мянга, Европт 20 мянга, АНУ, Япон гээд хаа л бол хаа монголчууд байна. Өөрөөр хэлбэл, улс орны хоорондын харилцаа иргэн, ард түмний хоорондын харилцаа болох чиглэлээр хөгжиж байна. Манай гадаад бодлого иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг байх ёстой. Бид олон Элчин сайдыг гадаадад томилдог, ЭСЯ-дыг ажиллуулдаг, олон зуун сая төгрөгийг тэнд зарцуулдаг. Гадаад бодлогын гол шаардлага, шалгуур бол тухайн орондоо амьдарч, ажиллаж байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалж чадаж байна уу үгүй юу гэдгээр нь дүгнэх ёстой. Иргэд хоорондын харилцаа илүү хөгжсөнөөр улс орны баталгаа найдвартай болно гэж бодож байна.
Б.Эрдэнэбат:
-Монгол Улсын гадаад харилцааны бодлого даяаршлын үйл явц, тив дэлхийгээрээ хоорондоо уялдаж хөгжлийн бодлого тодорхойлогдож байна. Европын холбоо, Зүүн өмнөд Ази гэдэг шиг Зүүн хойд Азийн хөгжлийн асуудлын тухай олон жил ярилаа. Манай улс олон зуун жилийн турш хоёр том хөрштэй хамтарч ажиллаж ирсэн онцлогтой. Иймээс манай тэргүүлэх гадаад бодлогод ОХУ, БНХАУ орох нь лав. 1992 онд баталсан Yндсэн хуульдаа бид гадаад бодлогодоо олон тулгуурт нээлттэй бодлогыг хэрэгжүүлж ажиллахаар заасан. Энэ нээлттэй гадаад бодлогын уламжлал, залгамж шинж чанарыг хадгалж гадаад харилцаагаа улам бэхжүүлж, эдийн засагжуулж, дипломат бодлогыг улс орныхоо хөгжил, ард түмнийхээ нийгмийн асуудалд чиглүүлэх ёстой. Манай улс олон оронтой дипломат харилцаатай. Өнөөдөр бид гадаад харилцаагаа эдийн засагжуулна гээд байна. Тэгвэл эдийн засагжуулах ажил маань үндэсний үйлдвэрээ сэргээх, тусгаар тогтнол хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон улсын бүс нутгийн аюулгүй байдал, даяаршлын үйл явцтай уялдуулж гадаад бодлогодоо өөрчлөлт хийсэн. Бид аль болох тэргүүлэх чиглэлд эдийг засаг, үндэсний үйлдвэр оруулж үүнийгээ түлхүү хөгжүүлэхийн тулд гадаад бодлогоо хандуулах ёстой.
Н.Энхбаяр:
-Монгол бол азтай орон. 20 дугаар зуунд өвөг дээдэс маань гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ гадаадын ямар ч улстай эх орноо зөрчилгүй болгож чадсан. Дэлхийд ийм орон цөөхөн байдаг байх. Энэ бол гадаад нэн тааламжтай орчин юм. Монгол өнөөдөр ардчиллын загвар орон гэж гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, АНУ-ын Гадаад хэргийн сайд Монгол бол ардчилалын загвар орон гэж мэдэгдсэн. Энэ нь бидэнд улам их хариуцлага ногдуулж байгааг ойлгох хэрэгтэй. Иймээс ч бид гадаад бодлогоо улам идвэхижүүлэх хөршүүдтэйгээ маш сайн харилцаатай байх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд хоёр хөрштэйгээ тогтоосон харилцаа маань шинэ үе шатанд гарсан. АНУ-тай, Японтой, Европын орнуудтай, Энэтхэгтэй, Солонгостой гээд бусад улстай гуравдагч хөршийн зарчмаар хандаж, орон болгонтой онцлогтой харилцах хэрэгтэй. АНУ-тай магадгүй бид улс төрийн, ардчиллын, Европтой эдийн засаг, боловсролын, Японтой түүхийн, Энэтхэгтэй соёл, шашны хөршүүд байж болно. Бид гадаад орчноосоо шалтгаалж хөгжиж буй учраас хөгжилтэй орнуудын бодьтой, эдийн засгийн ашиг сонирхлыг Монголд бий болгох ёстой болов уу. Yүний тулд улстөрийн намууд эв нэгдэлтэй байж, алив асуудлаа улстөржүүлэлгүйгээр нэгдсэн байр суурьтай байх ёстой. Харамсалтай нь сонгуулийн үед бид энэ зарчмаа алдаж гадаадын зарим орныг эмзэглүүлдэг явдал бий. Энэ алдааг дахин давтахгүй байх хэрэгтэй.
Асуулт-11: -Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд та юу хийх вэ?
Б.Эрдэнэбат:
-Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгохын хамт зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа сонгодог. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг тэргүүлдэг. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бол зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг тууштай дэмжигч байх ёстой. Батлан хамгаалах яамыг даяаршлын үйл явц, олон улсын аюулгүй байдалтай уялдуулж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу орон нутгийн хамгаалалтын тогтолцоог тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Би Батлан хамгаалахын сайдаар таван сар ажилласан. Монгол Улсын Yндсэн хуульд Зэвсэгт хүчин нэгдмэл байна гэсэн байдаг. Yүнийг би тууштай дэмждэг. Зэвсэгт хүчний анги салбарууд, Хилийн болон дотоодын цэргүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Зэр зэвсэгээ шинэчлэх, бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчноо боловсронгуй болгох, гээд. Энэ дотроос хамгийн тулгамдсан нь нийгмийн асуудал, түүний дотор хөдөө орон нутагт алслагдсан ахлагч офицеруудаа орон сууцаар хангах гэж бодож байна. 2005-2008 оны хооронд жилдээ 150-200 айлын орон сууцыг Улаанбаатар хотод барина. Жинхэнэ эх оронч үзэлтэй, шилдэг залуус энэ салбарт ажиллаж байна. Энэ салбарт ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хүмүүс бидний бахархал байх ёстой. Ийм хүмүүст төрөөс онцгой анхаарч, тэдний төлөө цогц арга хэмжээ авах ёстой гэж боддог.
Н.Энхбаяр:
-Улсын сүр нь цэрэгтээ, цэргийн сүр нь жагсаалдаа гэсэн үг байдаг. Yнэхээр зэвсэгт хүчин бол олон зуун жилийн түүхэн гавьяатай төрийн том институци. Эзэн Чингисээс эхлээд бид цэргээрээ, дайчдаараа бахархаж ирсэн. Өнөөдөр манай ахлагч, түрүүч, байлдагчид Иракт цэргийн албыг нэртэй, төртэй хааж байна. Тэд маань Монголын тусгаар тогтнолын төлөө хүнд, хэцүү алба хааж байгаа. Тийм учраас бид өөрсдийгөө хамгаалуулж байгаа хүмүүсээ эргээд хамгаалах ёстой. Нийгмийн асуудлуудыг нь шийдэж өгөх, цалин урамшууллыг нь нэмэх, орон сууцаар хангах, зэр зэвсгийг нь шинэчилж өгөх ёстой. Мөн гадаадад мэргэжлийн чадварыг нь дээшлүүлэхэд анхаарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд энэ чиглэлээр нэлээд ажил хийсэн. Одоо манай цэргүүдийг гадаадад үнэлж эхэлж байна. Арми маань цомхон, дайчин, түүхэн уламжлалаа мэддэг, нэр төрөө боддог болж энхийг сахиулах үйл ажиллагаанд идвэхитэй оролцох хэрэгтэй. Би Ерөнхийлөгч болвол ийм өөрчлөлтүүдийг хийхийн төлөө хичээн зүтгэх болно.
М.Энхсайхан:
-Би мөрийн хөтөлбөртөө зэвсэгт хүчний энхийг сахиулах чадварыг нэмэгдүүлнэ гэж зорилго тавьсан. Манай ахлагч, орфицерүүд өндөр боловсролтой, техник хангамж нь олон улсын стандартад хүрсэн байхыг хүсч байна. Тулгамдаж байгаа гол асуудал бол ахлагч, офицер нарын амьдрал. Цалин, 5-6 төрлийн нэмэгдлийн асуудал байдаг. Би эдгээрийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах нь гарцаагүй. Хамгийн гол нь ахлагч, офицер нарт газрын хувьчлалд давуу эрх олгох хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл эдгээр хүмүүс хувийн эрх чөлөөгөө хаалган байж төрийн ачаа үүрч буй. Би олон хилийн застав, цэргийн ангиар орж уулзсан. Өнөөдөр цэргийн ор, дэвсгэр 1984 онд миний алба хааж байх үеийнхээрээ байна. Хэдийгээр манай эдийн засаг хүнд байгаа ч гэсэн сэтгэл дутдаг юм байна гэсэн бодол төрсөн. Ер нь ахлагч, офицер нарын эрх ашгийг зүрх сэтгэлээрээ хамгаалж ажиллах ёстой хүн нь Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх ёстой. Би сэтгэл зүрх гаргаж ажиллах болно.
Б.Жаргалсайхан:
-Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа хүмүүсийн өмнө тулгамдсан асуудал бол бас л нөгөө мөнгө байна. Ер нь өглөө босоод бүх хүн мөнгө л ярьдаг шүү дээ. Мөнгөнөөс болж гэр орондоо ч, УИХ дээр ч маргалддаг. Дээр нь цэргийн албан хаагчдын ахуй амьдрал, соёлжилт, тохижилт үнэхээр муу байна. Тиймээс цэргийн албан хаагчдыг тохитой, соёлтой амьдрах тал дээр анхаарч ажиллана. Одоо мэдээллийн зуун. Алив нэг мэдээллийг янз бүрийн аргаар авдаг боллоо. Сансрын мэдээллийн, иргэний хамгаалалтын систем хүчтэй орж ирж байна. Yүнийг оруулж ирснээр бид олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой болно. Иймээс холбоо мэдээллийн шилдэг технологийг нэн даруй нэвтрүүлэх хэрэгтэй болов уу. Ялангуяа хил хамгаалах тал дээр. Ийм систем нэвтрүүлбэл хилчдийнхээ ажлыг хөнгөлнө. Цалин 50-60 доллар байна. Ийм мөнгөөр амьдрах ямар ч боломж байхгүй. Социализмийн үеэс зургаа дахин байгаа мөнгөөр амьдарч байна. Тийм учраас би төрийн албан хаагчдыг 1000-1200 долларын цалин авах ёстой гэж бодож байгаа.
Асуулт-12: -Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Yндэсний эв нэгдлийн талаар юу хэлэх вэ?
М.Энхсайхан:
-Монгол Улсын Yндсэн хуулиар Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэж заасан. Энэ нь зөвхөн бэлгэ тэмдэг бус нийтэд хүрч ажилла гэсэн үг юм. Эв нэгдэл нь шударга ёс тогтсон нөхцөлд бий болдог. Шударга ёс тогтоогүй байхад ард түмний дунд энэ тухай ярихад хэцүү. Тийм учраас шударга ёс тогтоох нь хамгийн чухал. Нөгөө талаар Ерөнхийлөгч бол иргэний нийгэм байгуулахад анхаарах ёстой. Монголд энэ талаар буруу ойлголт байдаг. Иргэний, төрийн бус байгууллага олон болохоор нийгэм задраад байгаа юм шиг ярьдаг. Yнэн хэрэгтээ тэд эрх ашгийнхаа үүднээс нэгдэж чадаж буй нь Монголын нийгмийг улам бэхжүүлдэг юм. Yүнийг хариуцаж ажилладаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Миний нэг уулзалт дээр, Монголд олон хүүхдийн байгууллага байдаг. Гэтэл тэдгээрт хамрагдаж байгаа хүүхдийн тоо Монголын нийт хүүхдийн нэгхэн хувь байдаг гэж хэлж байсан. Би үүнийг сонсоод гайхаж, сэтгэл шимширч байсан. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн бус байгууллагуудыг зохион байгуулахад гол анхаарлаа хандуулах учиртай. Ингэж нийгэмд шударга ёсыг тогтоож үүгээрээ эв нэгдлийг бэхжүүлнэ.
Гэхдээ эв эе гэдэг тугийн дор ядуурал, ажилгүйдэл, хээл хахуультай эвлэрч болохгүй. Мөн эв нэгдэл нэрийн дор булхайгаа нууж болохгүй гэдгийг хэлмээр байна.
Б.Жаргалсайхан:
-Yндэсний эв нэгдэл гэдэг асуудлыг шийдэхийн тулд намуудыг улс төрийн бодлогын эрчимтэй хөгжлийг хангах зорилгод нэгтгэж ажиллах нь чухал гэж би боддог юм. Бие биеэсээ дайсан хайх нь буруу. Харин хүчээ нэгтгэх хэрэгтэй. Ингэсэн цагт бид хэнд ч дийлдэхгүй хүчтэй, хөгжилтэй улс болох боломжтой. Гэхдээ сүүлийн 15 жилд намууд дотроо маш их зөрчилтэй байсан. Харин ард түмэн эв нэгдлээ хадгалан өнөөдрийг болтол хүлээж байгаа болов уу. Хэрэв би Ерөнхийлөгч болбол намуудын хариуцлагын тогтолцоог нэлээд их чангатгаж намуудтай хамтарч, эв нэгдэлтэй байлгахаар хүчтэй ажиллана.
Намууд бүтэхээргүй зүйлүүдийг сонгуульд амладаг. Зөвхөн сонгуульд ялахын тулд. Түүнээс биш хөгжил дэвшлийг ард түмэнд санал болгодоггүй шүү дээ. Өнгөрсөн сонгуулиас харж байхад 10, 500, 100 мянга зэрэг бүтэшгүй зүйлийг амлачихаад сүүлд нь энэнээсээ болж хэрэлддэг. Арай гэж гурван мянган төгрөг өгсөн. Ингэхдээ хүүхдүүдийг ялгаварласан. Yүнээс болж ард түмэн хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Уг нь бид аливаа асуудлыг шийдэхдээ нийтэд зориулж баймаар. Хэрэв би Ерөнхийлөгч болбол гурван мянган төгрөгийг бүх хүүхдэд өгнө.
Н.Энхбаяр:
-Yндэсний эв нэгдлийн хувьд бид үнэхээр санаа зовох ёстой. Энэ бол өвөг дээдсийн захиа даалгавар гэсэн үг. Эвт шаазгай буга барина гэж манай монголчууд ярьдаг. Тангадын Галсан гуай саяхан надтай тааралдаад “Эвлэлдэн нэгдэж байхдаа монголчууд эзэн Чингисийн их гүрнийг байгуулж байсан юм. Эвдрэлцэж, хагаралдаж байхдаа Чин улсын зах хязгаарт байдаг улс болж хувирсан юм” гэж хэлж байсан. Эндээс бодоход, эв нэгдэл гэдэг бол зөвхөн улстөрчид, улс төрийн намуудад хамаатай асуудал биш. Энэ бол хүн болгонд хамаатай. Гэр бүл, хамт олон дундаа эвтэй амьдрах хэрэгтэй. Амьдралаа өөд татаад явах чадвар суух хэрэгтэй. Мөн боловсрол олох, мэдлэгээ тэлэх хэрэгтэй. Манайд зөвхөн ганц шугам татаад түүндээ таарахгүй бол бүх юмыг шударга биш байна гэж бусниулдаг хүмүүс бий. Амьдрал баян. Амьдрал маш олон хэмжүүртэй. Энэ дунд эв нэгдэл гарч ирж, түүнийг зохицуулах гэж оролддог юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байхаас гадна түүнийг бэхжүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Өнөөдөр эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд би УИХ-ын даргын хувьд ихээхэн зүтгэж байгаа. Сайн, муу янз бүрээр л хэлүүлж байна. Гэлээ гээд аль алинд нь сэтгэл санаа гонсойх юм байхгүй. Энэ бол надад оногдсон үүрэг гэж бодож байна. Энэ ажлаа үргэлжлүүлнэ. УИХ-тай хамтарч, Засгийн газраа шахаж ажиллана. Аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг далгавар өгч ажиллана. Ядарсан хүний талд байснаар эв нэгдэл бэхжинэ гэж би боддог юм. Би Ерөнхий сайд байхдаа хаана монгол хүн ядарч байна, тэнд очиж ажиллана гэдэг байсан. Ерөнхийлөгч болбол бас л адил, хаана монгол хүн ядарч байна тэнд очиж ажиллана, тэнд л эв нэгдлийг бэхжүүлнэ.
Б.Эрдэнэбат:
-Yүх түүхээ бодвол монголчууд эв нэгдэлтэй байсан, тэр үедээ хүчтэй байсан, дэлхийд том үндэстэн байсан. Эв нэгдлийг өвөг дээдэс бидэнд захиас болгож уламжлуулж өгсөн чухал даалгавар. Өнөөдөр ард түмэн маань эв нэгдэлтэй байна. Хамгийн гол нь дээрээ хямралтай байна. Улс төрийн намууд хоорондоо маргаантай. Yүнээс болж хөдөө орон нутагт сум, багийн төв дээрх хүмүүс хүртэл амьдрахад хэцүү болох гээд байна. Өнөөдөр ард түмэн хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болбол яасан юм бэ гэж асууж байна. Хэрвээ тэгвэл улстөржилтийн асуудал багасна. Улс төрийн намууд төлөвшихөд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарч, төр захиргааны албан хаагч, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийг улстөржүүлэлгүй байх хэрэгтэй. Төр барьж буй намын хүмүүс л тэнд ажиллаж байна. Хэрэв гишүүнчлэлд ороогүй бол чөлөөлж, халж байна. Энэ нь ард түмний эв нэгдэлд хортойгоор нөлөөлж байна. Иймээс хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжье гэж ард түмэн ярьж байна. Тийм учраас би мөрийн хөтөлбөртөө төрийн тогтолцоог эрс шинэчлэх нь зүйтэй гэж тусгасан.
Асуулт-13: -Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг Та бүхэн хэрхэн үнэлж байгаа вэ?
М.Энхсайхан:
-1992 онд УИХ Yндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. Түүнээс хойш 13 жил өнгөрлөө. Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдсөн. Монгол Улс өөрийнхөө үндэсний аюулгүй байдлыг ийм шинэ нөхцөлд яаж авч явах вэ, яаж хамгаалах вэ гэдэг дээр үнэн хэрэгтээ төрийн бодлогогүй явж байна гэж хэлье. Том нь жижгээ, хүчтэй нь хүчгүйгээ буулгаж авдаг ХХ зууны түүх өнгөрсөн. Өнөөдөр хурдтай ажиллаж амьдарч, бие дааж чаддаг нийгэмд явж байна. Тийм учраас бидний шийдвэрт хурд хэрэгтэй. Төрийн шийдвэр удаан хойрго байгаагаас алдаж байгаа. Өөрийнхөө баялагт эзэн болж чадахгүй байна. Бороогийн алтны уурхай гэхэд 45 тн-ын нөөцтэй. Гэтэл гаднын хөрөнгө оруулагчдыг таван жилээр татвараас чөлөөлдөг. Жилд 6.5 тн-ыг ухаад гаргаж байхад төрийн бодлого өөрчлөгдөж чадахгүй, үнэхээр их хоцорсон байна. Тийм учраас би мөрийн хөтөлбөртөө үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ бодлогыг гаргаж хэрэгжүүлье гэж байгаа. Ер нь үндэсний аюулгүй байдалд хамгийн их ноцтой аюул учруулдаг нь авилгал хээл хахууль юм. Би нэг шог зураачийн зургийг санаж байна. Тэр зургаас хууль+авилга=гууль гэсэн байсан. Yнэхээр авилгал бол хууль ёсыг алдагдуулдаг. Тийм учраас би авилгачдад өршөөл байхгүй гэж хэлж байгаа юм.
Н.Энхбаяр:
-Аливаа улс орон оршин тогтнож байна гэдэг үндэсний аюулгүй байдлын асуудал байна гэсэн үг. Бид үүнийг цэргийн, армийн, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудал гэж ойлгож ирсэн. ХХ зуунд энэ асуудал бидний өвөг дээдсийн ухаалаг бодлогоор бүрмөсөн шийдэгдсэн. Өнөөдөр Монголын үндэсний аюулгүй байдалд юу заналхийлж байна вэ гэдгийг судлаад үзэхэд эдийн засгийн аюулгүй байдал, ядуурал, ажилгүйдэл, хээл хахууль, авилгал, хүнд суртлын асуудал яригдаж байгаа. Энэ бүхнийг базаад хэлбэл, хөгжил удаан байна гэдэг нь үндэсний аюулгүй байдалтай холбогдож байгаа юм. Монголын эдийн засаг 10.6 хувийн хурдацтайгаар өсч чадлаа. Цаашид энэ хурдыг алдахгүй, эрчтэй хөгжүүлэх юмсан. Yүнийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болгож хөгжүүлэх юмсан гэж бодож байгаа. Тэр утгаар авч үзвэл үндэсний аюулгүй байдлын үзэл бол нураах, айлгах биш, бүтээх, хамтран ажиллах үзэл байх ёстой гэж би боддог. Ер нь хөгжиж чадаагүй байгаа орны үндэсний аюулгүй байдалд аюул занал учирсан байдаг.
Тийм учраас бүгдээрээ хөгжицгөөе, хүн бүр өндөр боловсролтой болъё. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийн дагуу ажиллъя. Yүний тулд төрийн институцуудыг ажиллуулъя. Бүгдээрээ зүтгэж байж л үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бүрэн утгаараа хэрэгжинэ. Түүнээс биш, ганц хүнээс шалтгаалахгүй. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол үүний төлөө 2.5 сая хүн амтайгаа хамтарч ажиллана, зүтгэнэ.
Б.Эрдэнэбат:
-Доктор, профессор С.Нямзагд гуай гурван жилийн өмнө үндэсний аюулгүй байдалд халтай 18 хүчин зүйл дээр судалгаа хийсэн байдаг. Yүний 13 нь аюултай гэж гарсан. Эдийн засгийн, экологийн, хүн амын, хүнсний, эрүүл мэндийн аюулгүй байдал гээд олон байдаг.
Эдгээрээс эдийн засгийн аюулгүй байдлыг ярихгүй бол болохгүй. Yүгээр дамжаад тусгаар тогтнол бараг хутганы ирэн дээр ирчихээд байна. Гадаадад маш их өртэй. Өнөөдөр хоногт л тэрбум төгрөгийн өр нэмэгдээд байна. Уг нь ийм их баялагтай ард түмэн түүгээрээ эх орноо хөгжүүлэх ёстой юм. Гэтэл баялгаа ашиглах гэхээр татвараар дарамтлуулаад ядуучуудын эгнээнд шилжиж байна. Харин гадаадын иргэд тусгай зөвшөөрлөөр манай баялгийг эзэмшиж эрх мэдэлтэй хүмүүстэй ашгаа хуваалцаад сууж байна. Бүх төрлийн татвараас тогтвортой байдлын гэрээ нэрээр тав, 10 жил чөлөөлөгдөж байна. Энэ бол эх орноо худалдаж буй хэрэг. Бас тусгаар тогтнолоо худалдаж байна. Yнэндээ манай УИХ, Засгийн газрын гишүүд ийм эрх өгөөгүй. Баялгийг нутгийн иргэд, ард түмэн ашиглаж, эдлэх эрх зүйн баталгаа бий. Yүнийг Монгол Улсын төр ч онцгой анхаарч ажиллах ёстой. Экологийн хувьд гэхэд сүүлийн хэдэн жилд Монгол Улсад цөлжилт явагдаж байна. Байгаль экологитой буруу харьцсаны дүнд булаг ус, шандууд маань ширгэж эхэлж байна. Энэ бүхэн дээр анхаарах ёстой.
Б.Жаргалсайхан:
-Yндэсний аюулгүй байдлын асуудлыг гаднаасаа биш дороосоо хайх нь зүйтэй. Сүүлийн 15 жилд улс орныг удирдаж ирсэн улс төрийн намуудтай холбоотой. Намуудын үйл ажиллагаа өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон. Би үүнийг Ерөнхийлөгч болбол нэн даруй засна. Яаж гэвэл хамгийн түрүүнд ард түмнийг өлсгөлөнгөөс гаргая. Дараа нь ажилгүйдлийг арилгана. Хамгийн гол нь муу удирдагч гэж байдаг болохоос муу ард түмэн гэж байдаггүй юм. Удирдагчид дотоод асуудлаа зөв шийдэж чадвал аюулгүй байдлаа найдвартай, баталгаатай хадгалж чадна.
Асуулт-14: -Нийгмийн болон байгалийн баялгийг шударга хуваарилах тухай таны байр суурь юу вэ?
Б.Жаргалсайхан:
-Сүүлийн 15 жилд өгсөн геологи, хайгуулын лицензүүдийг хүчингүй болгоё гэж бодож байна. Нэн даруй. Тэр дундаас Оюутолгой, Тавантолгойд хувьдаа эзэмшсэн олон улсын компани байгуулъя. 40-өөд хувийг нь олон улсын санхүүгийн том корпорацууд эзэмшээд, 30 хувийг Монголын төр, үлдэх 30 хувийг нь Монголын ард түмэнд “алтан хувьцаа” эзэмших зарчмаар хүн бүрт хүртээх хэрэгтэй. Сүүлийн үед маш олон алтны компани бий болсон. Олз нь тэр компанийнхны халаасанд нь орно. Монголын ард түмэн юу ч хүртэж чадаагүй.
Б.Эрдэнэбат:
-Нийгмийн баялгийг бий болгохын тулд үндэсний үйлдвэрлэлүүдийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Байгалийн баялгийг тухайн орон нутгийн иргэд, байгууллага давуу эрхээр, тусгай зөвшөөрлөөр нь эзэмшиж ард түмнийхээ амьдралыг сайжруулж, ядуурлаас гарахад зарцуулах ёстой.
Жишээлбэл, Бороо гоулд гэдэг компани найман тн алт авсан. Тэгэхдээ 150 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байх юм. Гэтэл Баруунхараа, Зүүнхараагийнхан бүгд ажилгүйчүүдийн эгнээд шилжчихсэн байгаа. Ийм байж болохгүй.
М.Энхсайхан:
-Нийгмийн болон байгалийн баялгийг хуваарилахдаа Европ, Ази, Арабын орнуудад хүүхдээр нь дамжуулдаг. Тийм учраас бид хүүхдийн мөнгө гэж тэмцсэн. Энэ мөнгийг аль нэг дарга өгч байгаа юм биш. Та бүгд ардчиллынхныг дэмжиж УИХ-д олонхи болгодоггүй юмаа гэхэд олон суудалтай болгосны үр дүнд хүүхдийн мөнгийг олгож байгаа. Одоо бид үүнд бүх хүүхдийг хамруулна гэж байгаа юм. Асуудлын гол нь өнөөдөр зөвшилцлөөр асуудал шийддэг, хамтарсан Засгийн газартай. Зөвхөн Ардчилсан нам биш, нөгөө талаас зөвшөөрөл авсны эцэст шийдэгддэг юм. Байгалийн баялгийн хувьд эх орныхоо баялагт эзэн байя. Баялгийг иргэн бүрт хүртээе гэдэг зарчмаар ажиллаж байна.
Н.Энхбаяр:
-Миний нэр дэвшиж буй МАХН маань зүүн төвийн үзэл баримтлалтай. Нийгмийн чиг баримжаатай эдийн засгийн бодлогыг чухалчилдаг. Тийм учраас нийгмийн баялгийг шударга хуваарилах асуудлыг хэнээр ч заалгахгүйгээр шийдэж ирсэн. МАХН Засгийн эрхэнд байхад боловсрол, эрүүл мэнд үнэгүй байсан. 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн өмч дээр тогтож эхэлсэн гэдгийг мартаж болохгүй. Ер нь нийгмийн болон байгалийн баялгийг шударга хуваарилахыг маш чухал гэж үзэж байгаа. Энэ ажлыг хийх ёстой. Хуулийн хүрээнд хийх ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх бус, ойлголцож хамтран ажиллах хэрэгтэй. Сая М.Энхсайхан нэр дэвшигч маань хүүхдийн мөнгө гэж ярилаа. Энэ хүүхдийн мөнгө бол 2004 онд улсын эдийн засаг 10.6 хувиар өссөний үр дүн юм.
Эндээс бий болсон мөнгөөр олгогдож байгаа юм. Түүнээс биш, хэн нэгэн амласнаар мөнгө ургадаггүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдөр Ардчилсан намаас Ерөнхий сайдтай, бас Сангийн сайдтай ажиллаж байна. Мөнгө нь байвал бид дэмжиж ажиллаж байгаа.
Харамсалтай нь ярьснаар мөнгө бий болдоггүй. Хэрэв тэгдэг бол Монгол Улс өнөөдөр мөнгөнд дарагдчихсан орон байхсан. Энд зогсч байгаа хүмүүс ч гэсэн сая харсаар байтал “аман мөнгөөр” Монголыг дараад хаячихлаа шүү дээ.
Тийм учраас бүгдээрээ хариуцлагатай яръя. Гэхдээ би нөхдийнхөө энэ яриаг сонгуульд өрсөлдөж буй яриа, сайхан санааны үүднээс гаргасан яриа гэж ойлгож байна. Эцэст нь хэлэхэд нийгмийн болон нийгмийн баялгийн хуваарилах хууль гаргаж энэ ажлыг дэмжье гэж бодож байна.
Асуулт-15: -Сонгогчдодоо хандаж юу хэлэх вэ?
Б.Эрдэнэбат:
-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн дөрвөн хүний мөрийн хөтөлбөрийг сайн судалж, харьцуулж, ажил амьдрал дээрээ сайтар дүгнэлт хийж байж, ухаалаг зөв сонголт хийгээрэй гэж хэлмээр байна. Өнөөдөр нийгмийн болон байгалийн баялгийг зөв хуваарилж байж Монгол Улс хөгжих ёстой. Өнөөдөр хоёрхон цагийн дотор 104 лицензийг гадаадын хүмүүст өгч, гадаадад данс нээгээд ашиг хүртэж байгаа зүйлийг Монголын ард түмэн шүүмжилж байгаа шүү. Би өнөөдөр улстөр, оюун санаа, эдийн засгийн хувьд өөрчлөн байгуулалт хийе гэж Монгол хүний оюун ухаанаар эх орноо хөгжүүлж өөртөө итгэж, өөрсдөө хийцгээе гэж сонгогч түмнээ, уриалан дуудаж байна. Хэрэв та бүхэн надад итгэж чадвал өөрчлөн байгуулалтыг хийж чадна, сонгож чадвал бүтээнэ.
Б.Жаргалсайхан:
-Сүүлийн 15 жилд төрийг ээлжилж барьж буй хоёр том улс төрийн хүчинд хяналт тавихын тулд гуравдагч хүчнийг энэ сонгуульд дэмжих нь зүйтэй болов уу. Миний мөрийн хөтөлбөрт ард түмнээ жаргалтай сайхан амьдралд хүргэхийн тулд ажилгүйдэл, ядуурал, архидалтыг таслан зогсоох зорилго тавьж хэрэгжүүлэх арга замыг гарцтай нь их тодорхой заасан. Би мөрийн хөтөлбөртөө итгэж байгаа. Монголын ард түмэн ч бас итгэх ёстой.
Н.Энхбаяр:
-Миний мөрийн хөтөлбөр бол Та бүхнийх. Та бүхний санал бодол шингэсэн мөрийн хөтөлбөрийг хэргжүүлэхээр энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуульд оролцож байгаагийн учир юу вэ гэвэл гүжирдлэг, гүтгэлгийг, хоосон амлалтыг таслан зогсооё. Yнэн ялдаг улс орон болгоё, ингэж ардчиллаа аваръя, ингэж хариуцлагатай төртэй болъё, ингэж эв нэгдлийг илэрхийлж, улс орноо хөгжүүлье гэсэн юм. Yнэн ялна гэдэгт итгэж энэ сонгуульд оролцож байгаа юм. Монголчууд хэзээнээс үнэний талд байсаар ирсэн. Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярьдаг ард түмэн. Тиймээс тавдугаар сарын 22-нд үнэний төлөө саналаа өгье. Ингэж чадвал залуучуудын ярьж байгаагаар гоё сонгууль болно. Эцэст нь нийт сонгогчдодоо хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
М.Энхсайхан:
-Сонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Гүжир гүтгэлгийн кампанит ажил газар авч байна. Та бүхэнд олон сониноор материал очсон байх. Би энэ удаагийн сонгуульд ард түмэн ялаасай гээд байгаа. Яагаад гэвэл ийм сонгуульд намууд биш ард түмэн ялдаг. Бас сонгууль шударга болоосой. Нэр дэвшигчид ард түмэндээ гэрэл гэгээ авчирсан, зорилго тавьсан, түүнийхээ төлөө тэмцдэг, эрч хүч авдаг байлгахыг би хүсч байна. Тийм учраас энэ сонгуульд ард түмэн ялаасай гэж хэлээд байгаа юм.