Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн үүргээ хангалттай биелүүлсэнгүй
"Глоб интернэйшнл" ТББ хэвлэл мэдээллийн мониторинг судалгааныхаа дүнгийн талаар өчигдөр ННФ-ын байранд танилцууллаа.
Сонгуулийн сүүлчийн өдрүүдэд Монголын Үндэсний телевиз, радио эфирийн цагийнхаа 31 хувийг Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт, 25 хувийг "Эх орон" намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатад, 22 хувийг үлдсэн хоёр нэр дэвшигчид тус бүр зориулсан аж. Энэ байдал сонгуулийн кампанийн төгсгөлд бага зэрэг тэнцвэржих хандлага гарсан байна. Чингэхдээ бүх нэр дэвшигчийг нь төвийг сахисан, эерэг байдлаар сурталчилсан байна. Монголын радио М.Энхсайханыг 27 хувиар буюу хамгийн ихээр сурталчилжээ. Сурталчилгаанд нэр дэвшигч Н.Энхбаяр УИХ-ын даргын албан тушаалаа шаардлагаас давсан байдлаар хамгийн ихээр ашигласан дүн гарчээ.
Мониторинг судалгааны гуравдахь шатанд "Ийгл" телевизийн сурталчилгаа хараат бус байдлаараа хамгийн тогтвортой байсан гэнэ. Тэгвэл ТВ-5 эхний шатанд Н.Энхбаярыг, дунд үедээ Б.Эрдэнэбатыг түлхүү сурталчилж, сүүл үедээ тэнцвэржсэн байна. ТВ-9 Н.Энхбаярыг давамгай сурталчилсан бөгөөд нэр дэвшигч Б.Эрдэнэбатад хамгийн бага цаг зарцуулсан байна.
"Ардын эрх" сонин М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрыг адилхан сурталчилсан бол "Өдрийн сонин"-д М.Энхсайхан эхлээд давамгайлж байснаа сүүлдээ Н.Энхбаярынх тэнцвэржсэн байна. Харин "ЗМ" сонин нэлэнхүйдээ Н.Энхбаярыг сурталчилжээ. Хамгийн бага нь БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханых 9 хувь байснаа сүүлдээ бага зэрэг өссөн аж. "Өнөөдөр" сонин эхлээд М.Энхсайханыг сурталчилж байснаа сүүлдээ Б.Эрдэнэбатынх давамгайлж, Н.Энхбаярыг эергээр ч, сөргөөр ч тэнцвэртэй сурталчилсан дүн гараад байна.
Ерөнхийдөө хэвлэл мэдээллийнхэн үүргээ төдийлөн сайн гүйцэтгэсэнгүй гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийн дvн