Итгэлийн мөнгөнд нэмж 260 гаруй мянган хүүхэд хамрагдана
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийн хүрээнд амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой, 0-18 нас хүртлэх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн хүүхэд бүрт сар тутам тэтгэмж олгох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн юм. 2005 оны 5 дугаар сарын нэгний байдлаар нийт 339.8 мянган хүүхэд тэтгэмжид хамрагдаж, 3.9 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас боловсруулсан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна Уг хуулийн төсөлд амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхийн 0-18 насны хүүхэд бүрт, хүүхдийн тоо харгалзахгүйгээр тэтгэмжийн мөнгө өгч эхлэхээр тусгажээ. Хэрэв энэ хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг УИХ баталбал амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн тоог харгалзалгүйгээр хүүхэд бүрт сар тутамд 3000 төгрөг олгох ажээ. Ингээд 2005 оны 6 дугаар сарын нэгнээс эхлэн мөнгөн тэтгэмжийг олговол улсын хэмжээнд нийт 600 мянга орчим хүүхэд хамрагдах юм байна.