Ашигт малтмалын болон татварын зарим хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьжээ (2005.05.30)
Ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах тухай, Олборлон боловсруулж байгаа зарим төрлийн ашигт малтмалд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьжээ. “Өдрийн сонин”-д мэдээлснээр УИХ-ын гишүүн О.Энхсайханы санаачилсан энэ хуулийн төслүүдийг парламентын 19 гишүүн дэмжин боловсруулсан байна. УИХ-ын гишүүн О.Энхсайхан, Ц.Дамиран, Ц.Батаа, Р.Раш нар төслүүдээ өргөн барьсныхаа дараа хэвлэлийн бага хурал хийлгэжээ.
УИХ-ын гишүүн О.Энхсайхан хуулийн төслийг санаачлах болсон гол шалтгаанаа 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль түүхэн үүргээ нэгэнт гүйцэтгэсэнтэй холбон тайлбарлажээ. Тухайн үед уг хууль гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн бол одоо хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж тэрбээр үзэж байна. Одоогийн санаачилсан хуулийн гол агуулга нь газрын хэвлийн баялгийг гадны хөрөнгө оруулагчдад ч, ард түмэнд ч харилцан ашигтай хуваарилахад оршино хэмээн О.Энхсайхан хэлжээ. Эдгээр хуулинд өөрчлөлт оруулснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээхгүй, Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж тэрбээр үзэж байна. Эдгээр хуулийн төсөлд тусгаснаар бол олборлосон баялагт экспортын гаалийн татвар ногдуулах бөгөөд ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэх аж. Тэрчлэн зэс, алт зэрэг гол ашигт малтмалуудыг экспортлоход үнийн өсөлтөөс хамаарч татвар ногдуулах юм байна. УИХ-ын гишүүн О.Энхсайханы ярьснаас үзвэл одоо мөрдөж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эхний таван жилд татвараас 100 хувь чөлөөлөгдөж байгааг энэ хуулийн төслөөр алт, зэс, нүүрсийг хагас болон бүтэн боловсруулсан тохиолдолд эхний хоёр жилийн хугацаанд татвараас чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлөхөөр тусгажээ.
Харин ашигт малтмалын лицензийн төлбөрийг нэмэхээр заасан талаар О.Энхсайхан тайлбарлахдаа «өнөөдөр гэр бүлээрээ хэдэн зуун лиценз эзэмшиж, түүнийгээ дамлан ашиг олж байна. Үүнийг таслан зогсоож, лицензийн асуудлыг цэглэх хэрэгтэй. Бидний боловсруулсан хуулийн төслөөр хайгуулын лицензийг хоёр жилийн хугацаатай авах юм. Энэ хугацаанд хийж бүтээсэн зүйлийн нь талаар дүгнэлт гаргуулсны дараа хугацааг нь сунгана. Хэрвээ ямар ч үйл ажиллагаа хийгээгүй бол сунгахгүй. Энэ нь лиценз аваад дамлан зардаг явдлыг таслан зогсооход нэмэр болно» хэмээн тэрбээр мэдэгджээ.