Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа (2005.05.31)

A- A A+
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа (2005.05.31)

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа (2005.05.31)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн буюу эцсийн дүнг СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн өчигдөр УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцанд өргөн мэдүүлсэн байна. Сонгуулийн нэгдсэн дүнгээр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр санал өгсөн нийт сонгогчийн 53.44 хувь, Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан 20.05, Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11.33, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 13.83 хувийн санал авсан нь тодорхой болжээ.

СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг албан ёсоор зарлахад, Н.Энхбаярын авсан санал урьдчилсан дүнгээс 0.02 хувиар буурч, М.Энхсайханых 0.29 хувиар өссөн бол, Б.Эрдэнэбатынх 0.16 хувиар, Б.Жаргалсайханых 0.09 хувиар буурсан байна. Дүнгийн зөрүү нийслэлд харьцангуй бага буюу Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын авсан саналын хувь өөрчлөгдөөгүй, харин Б.Эрдэнэбатынх 0.11 хувиар буурч, Б.Жаргалсайханых мөн ийм хувиар өсчээ. Аймгуудын нэгдсэн дүнгээс үзвэл Н.Энхбаярын авсан санал урьдчилсан байдлаас 0.03 хувиар буурч, М.Энхсайханых 0.43 хувиар өссөн бол Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нарынх тус бүр 0.19 хувиар буурсан байна.

СЕХ эцсийн дүнг гаргахдаа нутаг дэвсгэрийн 30 хорооны дүнг аймаг, сум, баг тус бүрийн мэдээтэй тулган дахин нягталсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 74.98 хувь оролцсон ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн барихаар төлөвлөжээ. УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай хуулийг баталсны дараа шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын товыг тогтоох юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн нэгдсэн дүн