Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгох төслийг парламент дэмжив (2005.06.09)
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациын хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам хувийн хэвшлийнхэн, жижиг, дунд үйлдвэрлэл явуулахад нь дэмжиж, харьцангуй бага хүүтэй зээл өгөх төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд 2001 онд Дэлхийн банкнаас арваад сая ам.долларын зээл өгснийг арилжааны банкуудаар дамжуулан 50 орчим аж ахуйн нэгж авсан бөгөөд зээлийн эргэн төлөлт сайн байсан тул Дэлхийн банк уг төслийн хоёр дахь шатанд үргэлжлүүлэх гэж байгаа аж. "Хувийн хэвшлийг хөгжүүлэх хоёр дахь төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Энэ удаагийн төслөөр бол Дэлхийн банкнаас 14 сая ам.доллар авах бөгөөд энэ мөнгийг зээл хүсэгчдэд Засгийн газар бус арилжааны банкууд олгох юм байна. Дэлхийн банк уг төсөл дээр хамтран ажиллах болзлыг хангасан банкаар Худалдаа хөгжлийн болон Зоос банкуудыг нэрлэжээ. Дэлхийн банкны зээлийн мөнгө 0.75 хувийн хүүтэй ирж байгаа бөгөөд Засгийн газраар дамжин арилжааны банкуудад очиж, тэндээсээ иргэдийн гар дээр ирэхдээ сарын нэг, жилийн 10-12 хувийн хүүтэй болох юм байна.
УИХ-ын Байнгын хорооны гишүүд цаанаасаа бага хүүтэй, удаан хугацаатай ирж бзйгаа мөнгийг
банкаар дамжуулан дунд нь хүү өсгөх ямар ашигтай вэ, энэ зээл үнэхээр мөнгө хэрэгтэй, дэмжлэг хүссэн хүндээ очиж чадаж байгаа эсэхийг хэрхэн хянах вэ хэмээн асуухад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар "Дэлхийн банк энэхүү зээлээ өөрийн шаардлагыг хангасан арилжааны банкуудаар дамжуулан ард иргэдэд хүргэх сонирхолтой байдаг. Харин арилжааны банкууд Засгийн газарт дарамт учруулахгүйгээр, эрсдэлээ 100 хувь даах учраас зээлээ эргэн төлөх найдвартай, эдийн засгийн үр ашиг сайтай төслүүдийг сонгож мөнгөө өгнө гэдэгт итгэж байна" гэж хариулжээ.