Жишиг хотуудыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулжээ (2005.06.10)
УИХ-ын дарга Н.Энхбаяр өчигдөр захирамж гаргаж, УИХ-аар баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсүүдийн тулгуур төвүүдийг жишиг хот болгон хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг хот тус бүрээр байгууллаа гэж УИХ-ын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна. Тухайлбал, Ховд, Улиастай, Зуунмод, Өндөрхаан, Чойбалсан, Дархан, Эрдэнэт хот буюу бүсийн төвүүдийг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Д.Туяа, Су.Батболд, Д.Арвин, Д.Одбаяр, Л.Гансүх, Г.Адъяа нарыг томилж, хөтөлбөрийн төслийг 2005 оны дөрөвдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулахыг хэсгийн ахлагч нарт даалгасан аж.
УИХ-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ, жишиг хотууд хөгжлийн чиглэлээрээ бие биеэ давтахгүй байх ёстой. Тухайлбал, Дархан хот оёдлын үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлж болж байна. Тэгвэл энэ чиглэлээр төрөөс татварын бодлогоор Дарханыг дэмжих болно. Үүнийг дагаад сургууль, эмнэлэг, соёлын байгууллагыг олноор байгуулах учиртай юм. Мөн 40.000 айлын орон сууц барих зорилттой уялдуулах хэрэгтэй. Бусад хот ч гэсэн өөрийн хөгжлийн чиглэлийг тодорхойлж, байгальд халгүй аргаар ус хуримтлуулж, том усан сан байгуулбал олон сайхан "Далай"-тай болно. Цаг агаар ч зөөлөрч таатай орчин бүрдэнэ. Ингэвэл өөрийн онцлогтой хөгжлийн загвар бүхий үйлдвэрүүд байгуулах, боломж нэмэгдэнэ. Энэхүү зорилт Монгол Улсын ирээдүйн хөгжлийн том эхлэл юм. Түүхэн хариуцлагатай хөтөлбөр боловсруулах ажилдаа шуурхай орж, эрчимтэй ажиллахыг хүсье. Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн мөчөөс ч та бүхнийг дэмжиж ажиллана хэмээн Н.Энхбаяр мэдэгдсэн байна.