Ядуу өрхийн хүүхэд бүрт Итгэлийн мөнгө олгох болов (2005.06.10)

A- A A+
Ядуу өрхийн хүүхэд бүрт Итгэлийн мөнгө олгох болов (2005.06.10)

Ядуу өрхийн хүүхэд бүрт Итгэлийн мөнгө олгох болов (2005.06.10)
 
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан   байна. Тухайлбал,  амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөг олгож эхлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 339.8 мянган хүүхэд дээрх тэтгэлэгт хамрагдаж байгаа бөгөөд энэ хууль батлагдсантай холбогдуулан дахин 260 гаруй мянган хүүхэд, нийтдээ 610 орчим мянган хүүхэд энэ тэтгэлэгт хамрагдах юм байна.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаагийн “Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагас үзвэл, хүүхдийн мөнгө олгоход энэ жилийн төсөвт 21.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой бүх өрхийн хүүхдийг хамруулвал 17.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан ажээ. Тэрчлэн энэ хууль нэгээс 18 хүртэлх насны бүх хүүхдэд хамаарна.  Өөрөөр хэлбэл  нэг нас хүртэл хүүхдэд олгодог 12400 төгрөгийг хүүхдээ нэг нас хүртэл нь авна, үүний дараа үргэлжлүүлэн 18 хүртлээ хүүхэд бүр сар бүр 3000 төгрөг авна гэж С.Ламбаа хэлжээ. Харин дөрөв ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрхөд олгож байсан тэтгэмж зогсох ажээ.

Өнөөдөр амьжиргааны баталгаажих төвшинг нарийн тодорхойлж чадах юм бол  энэ тэтгэлэгт дахин олон хүүхэд хамрагдах боломжтой гэж С.Ламбаа үзэж байна. Энэ оны долдугаар сарын нэгнээс эхэлж  мөнгийг өгч эхлэх бөгөөд хууль зургадугаар сарын нэгнээс  хэрэгжиж байгаа учир энэ хугацааны мөнгийг нөхөж  олгох болно гэж тэрбээр мэдэгджээ.