Төсвийн хөрөнгө оруулалтын 63 хувийг дэд бүтцийн, 3 хувийг батлан хамгаалах болон нийгмийн салбарт зарцуулж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Сангийн сайд Н.Алтанхуяг 2005 оны эхний таван сарын Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын талаар зургадугаар сарын 10-нд мэдээлэл хийсэн байна. Түүний хийсэн мэдээллээр бол төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг буюу 63 хувийг дэд бүтцийн салбарт /эрчим хүч, дулаан, авто зам/ оруулах бол гурван хувийг батлан хамгаалах болон нийгмийн салбарт зарцуулсан аж. Үүнд УИХ-ын гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа хэмээн өдөр тутмын сонинуудад мэдээлжээ.
2005 оны эхний таван сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос дөрвөн хувиар буюу 12,7 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ нь оёмол, нэхмэл бүтээгдэхүүн болон хэвлэлийн үйлдвэрлэлийн бууралтаас үүдсэн аж. Хэрэглээний үнийн индекс байнга өссөн бөгөөд эхний таван сарын байдлаар инфляци 11.2 хувьтай байсан нь өмнөх онтой харьцуулахад 2,0 хувиар өсчээ. Энэ нь оны эхэнд цахилгаан, дулааны суурь үнэ нэмэгдсэн, шатахуун болон махны үнэ тогтмол өсч байгаатай холбоотой гэж сайд Н.Алтанхуяг мэдээлжээ.
Н.Алтанхуяг мэдээлэхдээ олон улсын байгууллага, хандивлагчдаас 92 сая ам.долларын зээл олгохоор амласан бөгөөд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг цааш үргэлжлүүлнэ гэжээ. Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлж буй "Цахилгаан шугам сүлжээний алдагдал бууруулах, борлуулалтын орлогыг сайжруулах төсөл”-ийг төвлөрсөн эрчим хүчинд холбогдоогүй дөрвөн аймаг болон нийслэлд хэрэгжүүлж, гэр хорооллын нам хүчдэлийн сүлжээг агаарын кабель болгох ажил хийгдэж байгаа аж. Мөн Ховд, Говь-Алтайд усан цахилгаан станц барих ажил үргэлжилж байна.
ОХУ-тай хийгдэж байгаа манай улсын гадаад худалдаа тогтвортой байгаа хэдий ч нийт импортод шатахуун, тослох материал зонхилж байна. Харин экспортод гаргах бүтээгдэхүүний нэр төрөл төдийлөн нэмэгдээгүйн зэрэгцээ махны хувьд эрүүл ахуйн болон бусад шаардлагын улмаас экспортын хэмжээ нь тогтвортой бус байгаа аж. ОХУ-ын Засгийн газар экспортод гаргаж буй түүхий нефть болон нефть бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татвараа богино хугацаанд дахин дахин шинэчлэн тогтоож байгаа нь манай улсын хувьд нэмэгдэл зардал учруулж байна. ОХУ өнгөрсөн онд татварыг дөрвөн удаа, энэ жил гарсаар хоёр удаа шинэчлэн тогтоогоод байгаа ажээ.