УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан: Монгол Улсын байдал нэлээд төвөгтэй болж байна (2005.06.14)
2006 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. УИХ-ын гишүүн Н.Баяртсайханы “Өнөөдөр” сонинд /¹139/ өгсөн ярилцлагаас үзвэл хамтарсан Засгийн газрын боловсруулсан төсвийн хүрээний мэдэгдэл ихээхэн түүхий болсон гэж тэрбээр үзэж байна. Хоёр ч удаагийн УИХ-д Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан тэрбээр "2006 оноос хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх учиртай атал хамтарсан Засгийн газрын шинэ бодлого, зорилт юу байх, ямар шинэчлэлт, өөрчлөлт хийх нь 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслөөс харагдахгүй байна" гэж мэдэгджээ. Татвар, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрхэн хийх, тэтгэврийн зөрүүг яаж арилгах вэ, засаг, захиргааны өөрчлөлтийг 2008 оноос өмнө хийж чадах эсэх зэрэг олон асуудлыг яаж хэрэгжүүлэхээр төлөвлөж тооцсоныг Төсвийн хүрээний мэдэгдлээс хайгаад олсонгүй. Тиймээс УИХ 2006 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг нэлээд нухацтай хэлэлцэж, шинэчлэлийн бодлогыг энд суулгаж өгөхөөс өөр аргагүй гэж ноён Н.Баяртсайхан үзэж байгаа аж.
Түүний хэлснээс үзвэл манай улсын гадаад зээлийн төлбөр эрс нэмэгдэж байгаа аж. Засгийн газар гадаад зээлийн төлбөрт энэ онд нийтдээ 55 сая орчим ам.доллар зарцуулах тооцоотой байгаагаас үндсэн зээлийн төлбөрт 30 гаруй сая, хүүгийн төлбөрт 20 гаруй сая долларыг төлнө. Харин цаашлаад энэ тоо улам нэмэгдэж, 2006 онд 60 сая, 2007 онд 70 гаруй сая, 2008 онд 80 гаруй сая ам. долларыг зээлийн төлбөрт төлөх ёстой ажээ. 2005 онд гадаад зээлийн үндсэн төлбөрт гэрээний дагуу жилд 67 удаагийн төлбөр хийнэ. Тэгвэл 2008 онд энэ тоо 126 болж өсөхөөр байна. Гурван жил тутамд бидний гадаадад төлөх зээлийн төлбөр хоёр дахин нэмэгдэхээр байгаа атал Засгийн газрын бодлого энэ тал дээр тун хангалтгүй байгаад Н.Баяртсайхан ихэд санаа зовж байна.
УИХ-ын гишүүн Н.Баяртсайханы хийсэн тооцоогоор бол 2020 оноос Монгол Улс гадаад зээлийн үндсэн төлбөрт 150 орчим сая ам.доллар, хүүнд 50 сая ам.доллар, нийтдээ 200 сая ам. доллар жил бүр төлөх юм байна. ОХУ их өрийг 250 сая ам.доллараар тэглэсэн шиг явдал хэзээ ч болохгүй гэдгийг манайхан санаж явах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ. Зөвхөн 2004 оны байдлаар 150 сая ам.долларын зээл авч ашигласан. Тэгвэл арван хэдхэн жилийн дараа үүнээсээ илүүг зээлийн төлбөрт төлнө. Иймд гадаадын зээл, тусламжид туйлын хариуцлагатай хандаж, тэдгээрт дулдуйдсан хөгжлийн загвараа өөрчлөх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг урамшуулах хэрэгтэй гэж тэр үзэж байна.
Н.Баяртсайхан цааш нь хэлэхдээ, Монгол Улсын байдал нэлээд төвөгтэй болж эхэлж байна. 2.5 сая хүнтэй гэж бодоход гурван хүн тутмын нэг нь халамжийн тэтгэвэр авахаар боллоо. 21.6 тэрбум төгрөгийг хүүхдэд өгнө гэж тооцсон. Үүнийгээ нийт халамжийн тэтгэвэр авч байгаа хүнтэйгээ тооцвол 823 мянган иргэн ямар нэгэн тэтгэвэрт хамрагдахаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний явуулж байгаа бодлого бэлэнчлэх, төрд амьдралаа даатгах сэтгэлгээг бий болгож байна. Хүн өөрөө амьдралын төлөө тэмцэх, идэвх санаачилгыг нь өрнүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөхөд биш төрийн гарыг харах байдал руу УИХ, Засгийн газрын бодлого чиглэж байгаад миний санаа зовж байна гэж мэдэгджээ. Тэрбээр УИХ болон Засгийн газрын байр суурьт нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Н.Баяртсайхан хэлэхдээ, УИХ-ыг Засгийн газарт тодорхой чиглэл гаргаж өгөх үүргээ олигтой сайн биелүүлж чадахгүй байна. Харин эвслийн Засгийн газар тулгамдсан асуудлаа хоёр талаасаа ярьж, санаа бодлоо уралдуулж шийдвэр гаргахдаа учир дутагдалтай байна гэжээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж сайхан ярьдаг хэдий ч үйл ажиллагааны олигтой үр дүн гарахгүй байгаад тэрбээр ихэд харамсч байгаа ажээ.