Ерөнхий сайд Ц.Элбэгдорж: “40 мянган орон сууц” хөтөлбөр бол дөнгөж эхлэл (2005.06.16)

A- A A+
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж: “40 мянган орон сууц” хөтөлбөр бол дөнгөж эхлэл (2005.06.16)

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж: “40 мянган орон сууц” хөтөлбөр бол дөнгөж эхлэл (2005.06.16)

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Монголын радиод шууд ярилцлага өгч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан 40 мянган орон сууцны асуудлаар ярьсан байна. Түүний ярианаас үзвэл  Засгийн газарт хандсан захидлын бараг 60 хувь нь орон сууц хүссэн өргөдөл, санал, хүсэлт байдаг аж. Ард иргэдийн санал, хүсэлт бол Засгийн газар, төрийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай чухал асуудал юм гэж тэр үзэж байна.

Монгол Улсын засаг, захиргааны нэгжийн өөрчлөлт, төвлөрөл, нүүдэл энэ бүхнийг хараад байхад хот төлөвлөлтийн бодлогыг шинээр хэрэгжүүлэх, барилга хот байгуулалтын чиглэлд төвлөрсөн бодлого хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна Ерөнхий сайд Ц.Элбэгдорж мэдэгджээ.  Энэ үүднээс шинээр байгуулагдсан Барилга, хот байгуулалтын яам гурван гол зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө  ажиллаж байна гээд хот төлөвлөлт, газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон харилцаа,  иргэдийн орон сууцны хэрэгцээг хангах асуудлыг  тэрбээр онцолжээ. Эдүгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "40 мянган орон сууц" хөтөлбөр бэлэн болж, түүнийг УИХ-д оруулж танилцуулах бэлтгэл ажил хангагдаад байгаа ажээ. "40 мянган орон сууц" хөтөлбөр бол эхлэлийн шинжтэй хөтөлбөр бөгөөд цаашлаад 100-200 мянган орон сууцыг шинээр барьж, нөгөө талаар орон сууцны нөхцлийг сайжруулах хэлбэрээр арга хэмжээ авч чадвал орон сууцны анхдагч хэрэгцээг хангах боломж бүрдэнэ тэрбээр үзэж байна. Орон сууц гэдэг бол нийгэм, эдийн засгийг эрүүлээр, тогтвортой, урт удаан хугацаанд хөгжүүлэхийн суурь үндэс болдог учраас энэ асуудалд Засгийн газар, УИХ-ын зүгээс нэгдсэн бодлогоор анхаарах боломж бүрдэж эхэлж байна гэж Ерөнхий сайд мэдэгджээ.

Гэр хорооллыг хэрхэн өөрчлөн зохион байгуулах талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхдээ, гэр хорооллыг жинхэнэ утгаар нь газартай холбож, газрыг нь баталгаажуулж тухайн хашаа, байшинд амьдарч байгаа хүмүүст олгохын хамт  тэнд цахилгаан, халуун хүйтэн ус, зам, сүлжээ зэрэг дэд бүтцийг бий болговол тэнд газар, байшингийн үнэ доод тал нь арав дахин нэмэгдэх боломжтой гэж тэрээр хэлсэн байна. Энэ чиглэлд Засгийн газар  НҮБ-тай хамтран төсөл хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд Улаанбаатарт тодорхой газруудад энэ төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. Тэрчлэн Азийн хөгжлийн банкнаас Төв аймгийн төвд, мөн Дархан-Уул аймагт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн зарим гэр хороололд ийм чиглэлийн төслүүд хэрэгжүүлж байгааг цааш нь өргөжүүлнэ гэж Ц.Элбэгдорж ярьжээ.

Орон сууцыг шууд мөнгө төлөөд худалдаад авчих юм уу, мөнгө төлөөд барьчих боломжтой иргэдийн тоо хязгаарлагдмал цөөн байдаг тул орон сууцны зээл урт хугацаатай зээлийн хэлбэрийг нэвтрүүлэх, үүний тулд хууль эрхзүйн орчныг зохицуулах, санхүүгийн тодорхой эх үүсвэрүүд хэрэгтэй. Барилга, хот байгуулалтын яаманд иргэдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлтэд тулгуурлаад цааш нь интернетээр дамжуулан, компьютерт мэдээллийн санг бүрдүүлж, үүнд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх ажлууд хийж байна гэж Ц.Элбэгдорж ярьжээ.