Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал болгох журам

A- A A+
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний  зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал болгох журам

 

2005 оны зургадугаар сарын 14-ний өдөр

ТББ-уудын Зөвшилцөх уулзалтаар батлав

 

Олон нийтийн радио телевизийн үндэсний   зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал болгох журам

 

 

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1.             Энэхүү журмын /цаашид “журам” гэх/ зорилго нь ОНРТВ-ийн хуулийн дагуу /цаашид “хууль” гэх/ ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлд олон нийтийн эрх ашгийг илэрхийлэн, хамгаалж ажиллах мэдлэг, чадвар, туршлага бүхий хүмүүсийг иргэний нийгмийн зүгээс сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхэд оршино. 

1.2.             Журам нь Монгол улсын Үндсэн хууль, ОНРТВ-ийн тухай хуулийг үндэслэн иргэний нийгмийн төлөөлөл болох ТББ-уудаас Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал болгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.3.             Журмыг “ОНРТВ-ийн хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил” сэдэвт зөвшилцөх уулзалтуудад оролцогч ТББ-ууд хэлэлцэн баталж, нийт ТББ-ууд 1.2-т заасан харилцаанд оролцохдоо дагаж мөрдөнө. 

 

Хоёрдугаар зүйл. Нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал болгох ажиллагаанд баримтлах зарчим

2.1.             Нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал болгох ажиллагаа нь аливаа нэгэн ашиг сонирхлын бүлгээс ангид,  ил тод, шударга байна.

2.2.             Журамд заасан харилцаатай холбогдсон асуудлаар шийдвэр гаргахад зөвшилцөх уулзалтад оролцож байгаа ТББ-ууд тэгш эрхтэй байна.

 

Гуравдугаар зүйл. Сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.             Үндэсний зөвлөлд санал болгох нэр дэвшигчийг ТББ-уудын чуулган зохион байгуулж сонгон шалгаруулна.

3.2.             Сонгон шалгаруулалтад бэлтгэх, түүнийг зохион байгуулах ажлыг ТББ-уудын зөвшилцөх уулзалтуудаас байгуулсан “Ажлын хэсэг”, “Редакцийн зөвлөл”, “Хяналтын зөвлөл”, “Тооллогын комисс” хариуцан гүйцэтгэнэ. Нэр дэвшигч нь хяналтын зөвлөл болон тооллогын комисст орохгүй.

 3.2.1    ТББ-уудын анхны зөвшилцөх уулзалтын төлөөлөгчдөөс сонгосон 10 хүний бүрэлдэхүүнтэй “Ажлын хэсэг” нь журам боловсруулах, уг журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

3.2.2     Хэвлэлийн хүрээлэнгээс томилсон дөрвөн /4/ хүний бүрэлдэхүүнтэй “редакцийн зөвлөл” нь “Ажлын хэсэг”-ийн болон ТББ-уудын уулзалт, Чуулганы хуралдааны протокол хөтлөх, олон нийтэд мэдээлэл, зар түгээх, нэр дэвшигчийн болон чуулганы төлөөлөгчийн материалыг хүлээн авч мэргэжлийн чиглэлээр ангилан Хяналтын зөвлөлд танилцуулах үүрэгтэй.

3.2.3     ТББ-дын хоёр дахь зөвшилцөх уулзалтын төлөөлөгчдөөс сонгосон  есөн /9/ хүний бүрэлдэхүүнтэй “Хяналтын зөвлөл” нь нэр дэвшигчдийн болон чуулганы төлөөлөгчдийн материал, чуулган зохион байгуулахад зориулж ТББ-уудаас төлсөн хураамжийн зарцуулалтад хяналт тавьж, үлдэгдлийг хураамж төлсөн ТББ-уудад хувь тэнцүүгээр буцааж олгох үүрэгтэй.

3.2.4     ТББ-уудын чуулганы төлөөлөгчдөөс сонгох  зургаан /салбар тус бүрээс 2/-н  хүний бүрэлдэхүүнтэй “Тооллогын комисс” нь нэгдсэн ба салбар хуралдааны явцад хураах саналыг тоолох үүрэгтэй.

3.3.       Нэр дэвшүүлэх шаардлага хангасан ТББ Үндэсний зөвлөлийн гишүүнд нэг /1/ хүнийг нэр дэвшүүлж, материалыг “Ажлын хэсэг”-т ирүүлнэ. 2 /хоёр/ ба түүнээс дээш ТББ нэгдэж нэг хүнийг нэр дэвшүүлж болно.

3.4.       Нэр дэвшигчдийн талаарх материалын бүрдлийг журамд заасан нэр дэвшигчийн шалгуурын дагуу Редакцийн зөвлөл хянаж гурван салбараар ангилна. Ирүүлсэн       материалын бүрдэл дутуу байвал Редакцийн зөвлөл нь нэр дэвшүүлсэн ТББ-д энэ             тухай мэдэгдэж  заасан  хугацаанд багтан гүйцэд бүрдүүлж өгөхийг сануулна.

3.5.       Чуулган нь нэгдсэн ба салбар хуралдаантай байна. Нэгдсэн хуралдаан нь журмын  4.10, 4.12, салбар хуралдаан нь 4.11-д заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.6.       Салбар хуралдааныг хуулийн 21.5 заалтыг үндэс болгон I, II, III салбар хуралдаан болгон зохион байгуулна.

3.7.       Салбар хуралдаануудаас тухайн салбарын чиглэл бүрт нэр дэвшигчийг  шалгаруулж нэгдсэн хуралдаанд оруулна.

3.8.       Салбар хуралдаанаас шалгарсан нэр дэвшигчдийг нэгдсэн хуралдаанаар баталгаажуулж  Үндэсний зөвлөлд санал болгоно.

3.9.       Чуулганаас санал болгосон хүнийг УИХ Үндэсний зөвлөлд томилоогүй бол хуулийн  21.9 заалтыг үндэслэн хуулийн 21.5-д заасан субъектүүд ТББ-уудын чуулганаас          санал болгосон боловч Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлээгүй үлдсэн бусад нэр  дэвшигчээс нөхөн санал болгоно. 

 

Дөрөвдүгээр зүйл. ТББ-уудын чуулганы зохион байгуулалт, үйл ажиллагаа

4.1.             Чуулган зохион байгуулах тов болон түүнтэй холбогдох бусад мэдээллийг чуулган болохоос 14 хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ажлын хэсэг” –ээс зарлана.

4.2.             Нэр дэвшүүлэх шаардлага хангасан ТББ тус бүрээс нэг /1/ төлөөлөгч чуулганд оролцоно. Энэхүү төлөөлөгч нь өөрөө нэр дэвшигч байж болно. 

4.3.             Чуулган хуралдахаас 48 цагийн өмнө төлөөлөгчийн ба нэр дэвшигчийн бүртгэлийг зогсооно.

4.4.             Чуулганы төлөөлөгч ба нэр дэвшигчийн материалыг Их тойруу 11Б дэхь Хэвлэлийн хүрээлэнд буюу “Улаанбаатар, шуудангийн салбар-20, хайрцаг-347” гэсэн хаягаар ирүүлнэ.

4.5.             ТББ-ын төлөөлөгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

4.5.1          Төлөөлөгч нь тухайн ТББ-ыг төлөөлөх эрх олгосон болон аль салбар хуралдаанд оролцох тухай албан бичиг

4.5.2          ТББ-ын гэрчилгээ, түүний хуулбар /бүртгээд гэрчилгээг буцааж өгнө/

4.5.3          “Ажлын хэсэг”-ээс тогтоосон чуулганы хураамж болох 10 мянган төгрөгийг ХААН банк Их тойруу салбар дахь Хэвлэлийн хүрээлэнгийн 5028053068 тоот дансанд тушаасан баримт

4.6.             Чуулганд оролцохоор бүртгүүлсэн ТББ-ын төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр чуулганыг хуралдуулна.

4.7.             Чуулганы даргыг чуулганаас илээр, ердийн олонхийн саналаар сонгоно.

4.8.             Чуулганы даргыг сонгох хүртэл чуулганыг “Ажлын хэсэг”-ийн ахлагч удирдана.

4.9.             Чуулганы нэгдсэн хуралдаан хоёр хэсэгтэй байна.

4.10.          Нэгдсэн хуралдааны I хэсгээр:

4.10.1   Чуулганы даргад нэр дэвшүүлэн ердийн олонхийн саналаар илээр батална.

4.10.2   Ажлын хэсгийн боловсруулсан нэгдсэн болон салбар хуралдааны дэгийн         төслийг хэлэлцэн батлана /Дэг тусдаа/.

4.10.3   Салбар хуралдаанд оролцох ТББ-уудын төлөөлөгч болон Зөвлөлд нэр дэвшигчдийн хуваарийг танилцуулж ердийн олонхийн саналаар, илээр         батлана. 

            4.11.  Салбар хуралдаанаар:

4.11.1   Салбар хуралдааны даргад нэр дэвшүүлэн ердийн олонхийн саналаар  илээр батлана.

4.11.2       Хуралдааны даргыг сонгох хүртэл салбар хуралдааныг “Ажлын хэсэг”- ийн томилогдсон гишүүн удирдана.

4.11.3      Салбар хуралдааны тооллогын комисст тооллогын комиссын  хоёр /2/   хяналтын зөвлөлийн гурав /3/, нийт таван /5/ хүн байна.

4.11.4      Нэр дэвшигчдийн материалын бүрдлийг нэгдсэн загварын дагуу хяналтын зөвлөлийн гишүүн нэр дэвшүүлсэн чиглэл бүрт бүртгүүлсэн дарааллыг баримтлан танилцуулна           

4.11.5      “ОНРТВ-ийн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх үзэл баримтлал”-аа нэр  дэвшигч бүр өөрсдөө танилцуулна.

4.11.6      Хуралдааны дарга дээрх дарааллыг баримтлан нэр дэвшигч тус бүр  дээр  санал хураалт явуулна.

4.11.7      Хуулийн 21.7 заалтыг хэрэгжүүлэх үүднээс нэр дэвшсэн чиглэл тус  бүрт хоёр /2/ нэр дэвшигчийг шалгаруулна /Хуулийн 21.6-д заасан чиглэлээр хязгаарлахгүй/.

4.11.8      Чиглэл тус бүрт нэр дэвшигчийн тооноос хамаарч санал хураалтыг нэг ба  хоёр шатлалтай явуулж болно. Үүнд:

4.11.8.1      Нэг чиглэл дээр нэр дэвшигчдийн тоо нь зургаа  /6/ буюу түүнээс  дээш байвал тэдний дөрөв  /4/-ийг хуралдаанд оролцогчдын          ердийн             олонхийн саналаар, илээр шалгаруулж дараагийн шатанд дэвшүүлнэ

4.11.8.2 Шалгарсан нэр дэвшигчдээс хоёр /2/-ыг нь нууц санал       хураалтаар шалгаруулж нэгдсэн хуралдаанд оруулна.

4.11.8.3 Нэг чиглэл дээр тав  /5/ буюу түүнээс доош нэр дэвшигч байвал    шууд нууц санал хураалтаар нэр дэвшигчийг шалгаруулна.

4.11.9   Нэр дэвшигчдийн тоо нь тухайн салбар хуралдааны төлөөлөгчдийн тооны 70% -тай тэнцүү буюу түүнээс дээш байвал санал хураалтын шатлал бүрт нууц санал хураалт явуулна.

4.11.10 Ил санал хураалт явуулахад “хяналтын карт” ашиглан тооллогыг явуулна.        

            4.11.11 Тухайн салбараас нэр дэвшигчийн нийт тоо хуулийн 21.5-д заасан  тооноос 1.5 дахин илүү /I, III - 6, II - 10/ байж чадахгүй бол тухайн         салбарт хамаарах бусад чиглэлийн хамгийн олон санал авсан нэр  дэвшигчээс нөхөн шалгаруулж болно. Гэхдээ тухайн чиглэлд нэр   дэвшигчийн нийт тоо нь гурваас /3/ илүүгүй байна.

4.12      Чуулганы нэгдсэн хуралдааны II хэсгээр:

4.12.1      Салбар хуралдааны дарга нар чиглэл бүрт шалгарсан нэр дэвшигчдийг танилцуулна.

4.12.2      Чуулганы төлөөлөгчид салбар хуралдаанаас шалгарсан нэр дэвшигчидтэй чиглэл бүрээр танилцаж ердийн олонхийн саналаар  баталгаажуулна.

4.12.3      Чуулганаар баталгаажсан нэр дэвшигчдийг Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхэд санал болгоно.

 

Тавдугаар зүйл. Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэх ТББ-н шалгуур

5.1.             ХЗДХЯ-д албан ёсны бүртгэлтэй байх

5.2.             Аливаа намын харъяаллын бус байх

 

Зургадугаар зүйл. Нэр дэвшигчийн шалгуур

 

            Үндэсний зөвлөлд нэр дэвших хүн дараах шалгууруудыг хангасан байна:

6.1.             Дээд боловсролтой

6.2.             Хуулийн 21.3, 21.4 -д заасан шалгуурыг хангасан

6.3.             Нэр дэвшигч нь заавал тухайн ТББ-д ажилладаг байх албагүй /Тухайн нэр дэвшигч нь чуулганы төлөөлөгч биш бол чуулганд санал өгөх эрхгүй, зөвхөн ажиглагчаар оролцоно/

6.4.             Тухайн салбараа бүрэн төлөөлөх чадвартай, салбартаа мэргэшсэн байх /мэргэшсэн болохыг батлах/

6.5.             “ОНРТВ-ийн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх үзэл баримтлал” – аа боловсруулсан байх.

 

Долдугаар зүйл. Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал

 

7.1.             Анкет /нэр дэвшигчийн анкетын маягтыг редакцийн зөвлөлөөс авч бөглөнө/

7.2.             Боловсрол, зэрэг дэв, мэргэжил, мэргэшлийг нотлох бичиг баримт, тэдгээрийн хуулбар

7.3.             Тухайн салбартаа мэргэшсэн болохыг нотлох бүтээлийн болон нийгэмд санаачилж хийсэн томоохон ажлын жагсаалт

7.4.             Иргэний үнэмлэх, түүний хуулбар

7.5.             Нэр дэвшигчийн “ОНРТВ-ийн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх үзэл баримтлал”

            /2 хуудас хүртэл/

7.6.             Нэр дэвшүүлж буй ТББ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хуулбар

7.7.             Нэр дэвшүүлж буй ТББ-ын эрх бүхий шийдвэр /Хуулийн 21.6-д заасан чиглэлийн  аль чиглэлд нэр дэвшүүлж буйг тодорхой заах/.

7.8.             Нэр дэвшүүлж буй байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга /байгууллагын дүрэм, удирдах зөвлөлийн гишүүдийн жагсаалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл/

 

   ОНРТВ-ийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн анкет