Татварын хөнгөлөлт, лиценз ашиглалтын хугацааг багасгахыг зөвлөв (2005.06.17)

A- A A+
Татварын хөнгөлөлт, лиценз ашиглалтын хугацааг багасгахыг зөвлөв (2005.06.17)

Татварын хөнгөлөлт, лиценз ашиглалтын хугацааг багасгахыг зөвлөв (2005.06.17)

"Монголын уул, уурхайн салбарын өрсөлдөх чадвар" сэдэвт семинарыг Үйлдвэр, худалдааны яамнаас зохион байгуулжээ. Зургадугаар сарын 16-нд болсон уг семинарт олон улсын шинжээч У.Арнольд, эрдсийн олон улсын эдийн засагч, доктор У.Г.Прает нар оролцож, манай улсын уул, уурхайн салбарын талаар санал бодлоо илэрхийлсэн тухай “Зууны мэдээ” сонинд /¹142/ мэдээлжээ.

Олон улсын шинжээч У.Арнольд хэлснээс үзвэл түүнийг жил гаруйн өмнө Монголд ирэхэд ашигт малтмалын орд газрын 10 хувь нь лицензтэй, 10-аад томоохон хөрөнгө оруулагч байсан бол одоо 45 хувь нь лицензтэй, 100 шахам хөрөнгө оруулагчтай болсон аж. Эндээс үзвэл Монголын санхүүгийн тогтолцоо муугүй байна хэмээн тэрбээр дүгнэжээ. Харин Монгол Улс хөрөнгө оруулагчдыг эхний таван жилийн татвараас 100 хувь чөлөөлж, дараагийн таван жил 50 хувь хөнгөлж байгаа нь дэндүү өгөөмөр хэрэг гэж ноён У.Арнольд хэлсэн байна. Хайгуулын лицензийн төлбөр бага байна гэж тэрбээр үзэж байна.

Эрдсийн олон улсын эдийн засагч, доктор Г.Праетын хэлснээс үзвэл Монгол Улсын эрдэс баялгийн төслүүдэд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдад үзүулж буй нөхцөл ерөнхийдөө дэлхийн жишигт хүрсэн аж. Тиймээс томоохон өөрчлөлт хийх шаардлагагүй ч  зайлшгүй хийх хэд хэдэн өөрчлөлт байна гэж тэр өгүүлжээ.  Тухайлбал, ашиглалтын лицензийг 60 жилээр эзэмших хугацааг богиносгож, цаашид 40 жилээр сунгах боломжтой болгохыг зөвлөсөн байна. АНУ-д олон жил хэрэглэж байгаа "Бага татвар"-ыг ногдуулах аргыг нэвтрүүлэх хэрэгтэй. Монгол Улсын уул, уурхай, эрдэс баялгийн өнөө болон ирээдүйн талаар улс даяар хэлэлцүүлэг явуулж буй нь зүйтэй бөгөөд үүнийг цаашид дэмжих хэрэгтэй гэжээ.