2006 оны төсвийн тэнцлийн байдал сайжрах төлөвгүй байна (2005.06.17)
Засгийн газраас Монгол Улсын 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын хяналт, шалгалтын хэлтсээс 2006 оны төсвийн хүрээний мэдэгдэлд судалгаа, дүгнэлт хийсэн байна. Уг дүгнэлтэд дурдахдаа:
Монгол Улсын 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтийн талаар судалгаа хийхэд ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийн хүрээнд ОУВС-тай тохиролцсон эдийн засаг, төсвийн үндсэн тэнцвэр, тогтворжилтыг хангаж байна гэж дүгнэжээ. Төсвийн хүрээний төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2006 оны нийт орлогыг 799.0 тэрбум төгрөгөөр тусгаж, 2005 оны урьдчилсан гүйцэтгэлээс 4.5 хувь буюу 34.1 тэрбум төгрөгөөр, 2004 оныхоос 12.0 хувь буюу 85.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцсоны дотор татварын орлого 681.7 тэрбум төгрөгөөр өсөхөөр байгаа аж. Нийт зарлагын өсөлтийг 2005 оны урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал 75.3 тэрбум төгрөгөөр өсч, 887.1 тэрбум төгрөг болохоор төлөвлөгдсөнийг төсвийн орлогын ДНБ-д эзлэх өсөлттэй харьцуулахад ирэх жил төсвийн нийт зарлагын өсөлт, орлогын өсөлтөөс доогуур байх зарчим хангагджээ гэж уг дүгнэлтэд дурдсан байна.
Гэхдээ ДНБ-д төсвийн нийт тэнцлийн алдагдлын эзлэх дээд хэмжээг - 4.0 хувь байхаар төсвийн хүрээний төсөлд тооцоолсон нь 2004 оныхоос -1.8 пунктээр, 2005 оны урьдчилсан гүйцэтгэлээс -1.6 пунктээр тус тус өссөн байгаа бөгөөд төсвийн нийт алдагдал 2006 онд -88.1 тэрбум төгрөг тооцоолжээ. Эндээс үзвэл төсвийн тэнцлийн байдал өмнөх онуудаас сайжрах төлөвгүй байгаа аж.
Тэрчлэн 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгаснаар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх гадаад эх үүсвэрийн хувьд нийт 203.1 тэрбум төгрөгийн төслийн болон санхүүгийн зээл авч, гадаад зээлийн үндсэн өрийн төлбөрт 33.4 тэрбум төгрөгийг төлөхөөр төлөвлөсөн байна. Харин дотоод эх үүсвэрийн хувьд өмч хувьчлалаас 15.0 тэрбум төгрөгийн орлого олж, банкны зээлийн төлбөрт 96.6 тэрбум төгрөг төлөхөөр тооцоолж, төсвийн алдагдлыг гадаад эх үүсвэрээр хаахаар төсөөлсөн байна.