Цахилгаан станцуудыг хувьчлахыг дэмжжээ (2005.06.23)
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийн талаар хэлэлцсэн байна. Тус хорооны гишүүдийн олонхийн үзэж байгаагаар Багануур, Шивээ-Овоо ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2005-2008 онд хувьчлахгүй байхаар, харин "Говь" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар тогтсон байна. "Говь" ХК сүүлийн дөрвөн жил 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа нь төдий хэмжээгээр төрийн өмч алга болж буй хэрэг хэмээн Төрийн өмчийн хорооны дарга Ж.Энхболд энэ хурал дээр мэдэгджээ. Мөн Дулааны нэг, хоёрдугаар цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Даланзадгадын ДЦС, Улаанбаатар, Дарханы дулаан дамжуулах сүлжээ, Улаанбаатар болон бүх аймгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахыг дэмжжээ. Харин нийгмийн салбарын хувьчлалын асуудлаар УИХ-ын гишүүд нэлээд маргалдан эсрэг тэсрэг байр суурьтай байгаа бололтой.
МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр, Монголын хөрөнгийн биржээр эргэлдэж байгаа нийт хувьцааны 75 хувийг хүн амын ганцхан хувь эзэмшиж байна гэж УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ хурал дээр мэдэгдээд ТӨХ-ны дарга З.Энхболдоос энэ өмч хувьчлалын зөв бодлого мөн үү хэмээн асуужээ. Тэрбээр хувьчлалын үр шимийг цөөхөн хүн хүртэж байна хэмээн шүүмжилсэн байна. Харин түүний асуултад ТӨХ-ны дарга З.Энхболд хариулахдаа, Монгол Улс малаа хувьчлахаас эхлээд төрийн өмчийг хувьчилсаар 15 жил болж байгаа бөгөөд эдүгээ ДНБ-ий 80 хувийг хувийн аж ахуйн нэгж үйлдвэрлэдэг болсон. Бүх хүнд байсан эрхийн бичиг хувьцаа болсон. ТӨХ хувьцааг хэсэг хүнд төвлөрүүлээгүй, зах зээл өөрөө зохицуулдаг хэмээн мэдэгдсэн аж. Тэрбээр өмч хэнд төвлөрч байгаагаас илүү үр ашиг нь ямар байгааг харах ёстой гэсэн байна.