65 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов долдугаар сарын 8 гэхэд тодорно (2005.06.29)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболдын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс үзвэл 65 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг зарлах тухай саналаа Сонгуулийн ерөнхий хороо долдугаар сарын 8-наас өмнө ирүүлэх ёстой бөгөөд үүний дараа л нөхөн сонгуулийн тов тодрох юм байна. Гэхдээ түүний үзэж байгаагаар санал хураалтыг наймдугаар сарын 14, 21, эсвэл 28-нд явуулж болох аж. СЕХ ажлын бэлтгэл зэргээсээ хамаараад сонгуулийг хэзээ явуулах саналтай байгаагаа УИХ-д уламжилдаг байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболдын мэдэгдснээр бол УИХ-ын хаврын чуулган хуульд заасны дагуу ажлын 50 хоног хуралджээ. Иймд хаврын чуулган долдугаар сарын 8-нд хаалтын хуралдаанаа хийх бөгөөд энэ өдөр гэхэд нөхөн сонгуулийн тов тодорсон байх юм. Чуулган завсарлахаасаа өмнө 2006 оны төсвийн хүрээний мэдэгдэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл гэсэн хоёр том асуудлыг хэлэлцэн шийдэх төлөвлөгөөтэй байгаа аж.