УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн ялагч тодролгүй бүтэн нэг жил боллоо (2005.06.29)
УИХ-ын сонгууль өнгөрсөн онд болсноос хойш 24 дүгээр тойргийн ялагч тодролгүй шүүхийн шатыг дамжсаар эдүгээ бүтэн нэг жил өнгөрчээ. Үүнтэй холбогдуулан тус тойргийн зарим сонгогчид эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулж, 2700 хүний гарын үсэг бүхий шаардлагаа УИХ, СЕХ, Дээд шүүхийн дарга нарт гардуулахаар Өвөрхангай аймгаас иржээ. Тэдний шаардлагыг УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн нар хүлээн авч, харин Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Ганбат шаардлагыг хүлээж авахаас татгалзсан гэж “Өдрийн сонин”-д мэдээлсэн байна. Эдгээр сонгогч нь Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны маргаанд ялсан Ардчилсан намаас нэр дэвшигч З.Энхболдыг дэмжигчид ажээ. Энэ өдрүүдэд тэд нэр дэвшигч З.Энхболдын хамт Монголын үндэсний телевизийн нэтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлэхийн хамт хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.
Харин энэ бүхний дараа буюу өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Д.Сугар, МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Долгор нар хэвлэлийн бага хурал хийлгэв. УИХ-ын 24 дүгээр тойргийн маргаан үргэлжилж, шүүхийн шатанд хянаж байгаа атал Монголын үндэсний телевизээр "Сонгох, сонгогдохын учир" нэртэй нэвтрүүлэг гарч нэг талыг барьж, нэг их сурвалжаас авсан мэдээлэл цацсанд харамсч байгаагаа МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр илэрхийлсэн байна. Тэд уг нэвтрүүлгийг шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа аж.
Хуульч Б.Долгор ярихдаа, маргааныг эхлээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх анхан шатны журмаар хэлэлцсэн. Дараа нь Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим давах шатанд хэлэлцсэн. Дээд шүүхийн хяналтын шат хоёр процедуртай. Одоо бид эцсийн шатанд хянуулж байгаа. Хэрэв Ерөнхий шүүгч тухайн асуудал хууль зөрчсөн гэж үзвэл Дээд шүүхийн бүх шүүгчийг бүгд хуралдаанд оруулдаг. Хуульзүйн тодорхой үндэслэл байгаа учраас бид шүүхэд хандаад байгаа юм. З.Энхболд манай нэр дэвшигчээс 52 санал илүү авсан. Гэхдээ энэ илүү санал нь зөвхөн будлиан гаргасан Тарагт сумын Туяа багт байгаа бөгөөд саналын зөрүү нь 52 боловч гарсан зөрчлийн тоогоор үзнэ гэвэл үүнээс дөрөв дахин их юм хэмээн мэдэгджээ. Тухайлбал, 22 цагаас хойш 19 хүний санал авсан. Нэг хүний регистрээр таван хүн санал өгсөн. Огт бичиг баримтгүй дөрвөн хүн санал өгсөн. Нэрийн жагсаалтад огт байхгүй 10 хүний санал авсан. Та бүхэн гэртээ байж бай, бид явуулын хайрцгаар очиж санал авна гэж хэлчихээд 70 хүнээс саналыг нь аваагүй зэрэг баримт бий хэмээн тэрбээр сэтгүүлчдэд хэлсэн байна. Нэр дэвшигч З.Энхболд телевизийн нэвтрүүлгээр энэ маргааныг яаж шийдэхээс Монголын шүүхийн хараат бус эсэх нь харагдана гэж ярьсан. Хэрэв шүүх түүний талд шийдвэл хараат бус, нөгөө талд шийдвэл хараат болох юм гэнэ. Энэ бол шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн мэдэгджээ.
Харин нэр дэвшигч Д.Сугар уг нэвтрүүлэгт оролцсон сонгогчдыг буруутгахгүй гэдгээ мэдэгдээд захиргааны шүүх нотлох баримтаа өөрөө олж авахын зэрэгцээ хоёр талд нотлох баримт цуглуулах бололцоо олгодог. Гэтэл Д.Сугарын хэлснээр зөвхөн З.Энхболдын зааж өгсөн хүмүүстэй уулзсан, нотлох баримтад нэн шаардлагатай 57 хуудас материалыг нь аваагүй зэрэг дутагдал шүүхийн шатанд гарсан гэнэ.
Хэрэв Дээд шүүхийн бүгд хурлаар уг маргааныг хэлэлцвэл Тарагт сумын Туяа багт дахин санал авалт явуулах эсэхийг шийдэх бөгөөд дахин санал хураалт явуулахгүй гэвэл нэр дэвшигч З.Энхболд ялж байгаа ажээ.