УИХ-ын дарга Ц.Нямдорж: Парламентын гишүүд сахилга, зохион байгуулалттай байх шаардлагатай байна (2005.07.04)

A- A A+
УИХ-ын дарга Ц.Нямдорж: Парламентын гишүүд сахилга, зохион байгуулалттай байх шаардлагатай байна (2005.07.04)

УИХ-ын дарга Ц.Нямдорж: Парламентын гишүүд сахилга, зохион байгуулалттай байх шаардлагатай байна (2005.07.04)

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргаар долдугаар сарын 1-нд сонгогдлоо. Түүнийг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхдээ Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д хамгийн олон суудалтай МАХН парламентад суудалтай бусад намтай зөвшилцсөн хэмээн УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн хэлсэн байна. “Зууны мэдээ” сонинд /¹158/ мэдээлснээр УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан Эх орон, ИЗ-БНН, АН, БНН-ууд зөвшилцөл болсныг нотолсон албан бичиг ирүүлсэн хэмээн мэдэгдсэн ажээ. Санал хураалт явуулахад танхимд байсан 46 гишүүний 45 нь Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжиж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ганцаараа татгалзсан байна.
УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр үг хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон УИХ, Засгийн газар улстөрийн нэн өвөрмөц бас ээдрээтэй, эгзэгтэй нехцөлд үйл ажиллагаа явуулж байна. Ховор тохиолдох энэхүү сонирхолтой, эгзэгтэй нөхцлийн сайн талыг дүүрэн шавхаж чадвал энэ УИХ, Засгийн газарт хуримтлагдсан олон эгзэгтэй, маргаантай асуудлыг шийдвэрлэх түүхэн бололцоо бий хэмээн мэдэгджээ.
Ц.Нямдорж УИХ-ын ажлыг сайжруулах, ажиллах чадварыг нь эрс нэмэгдүүлж гишүүд нь сахилга зохион байгуулалттай байхыг хэлсэн үгэндээ ихэд чухалчилжээ. Төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж чаддаггүй, хугацаандаа хуралдаандаа ирдэггүй, заримдаа шалтгаангүйгээр ажил тасалж хийдүүлдэг явдал нь төрийн, тэр тусмаа парламентын нэр хүндэд муугаар нөлөөлж эцсийн дүндээ гүйцэтгэх засаглал, орон нутгийн түвшинд сахилгагүй байдал газар авах, тэр хэмжээгээр хөгжлийн боломж алдагдах шалтгаан болж байгаад нухацтай дүгнэлт засч залруулах шаардлагатай байна хэмээн тэрбээр мэдэгдээд энэ чиглэлд хамтран ажиллахыг УИХ-д суудалтай бүх нам, УИХ-ын гишүүдэд хандан уриалжээ.