2005 онд багтаан ашигт малтмалын орд эзэмших бүх гэрчилгээг шинэчилнэ (2005.07.07)

A- A A+
2005 онд багтаан ашигт малтмалын орд эзэмших бүх гэрчилгээг шинэчилнэ (2005.07.07)

2005 онд багтаан ашигт малтмалын орд эзэмших бүх гэрчилгээг шинэчилнэ (2005.07.07)
Уул уурхай, ашигт малтмалын ордыг ашиглах лицензийн гэрчилгээг шинэчилж олгохоор боллоо. Чингэхдээ өрсөлдөөний журмаар, тендерийн журмаар олгодог болгоно хэмээн  Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх дарга  Л.Болд өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Лицензийн гэрчилгээний загварыг шинэчлэх болсон шалтгаанаа тэрбээр тайлбарлахдаа,  лицензийн асуудал хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж, хамгийн муу хэл амыг дагуулж байдагтай холбон, тус агентлагийнхныг лиценз дамлан худалдаалж, авилгал авч байна гэдэг яриа  бодит бус болохыг нотлохын тулд холбогдох бүх мэдээллийг ил тод нээлттэй байлгах зорилгоор энэ ажлыг хийж байна хэмээн Л.Болд гэж хэлжээ.
Түүний хэлснээс үзвэл өнөөг хүртэл олгож ирсэн лицензүүд нь Ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад заасан шаардлагыг хангаагүй байсан аж. Шинэчилсэн гэрчилгээнд юуны өмнө гэрчилгээг АМГТХГ-аас олгосон тухай тэмдэглэгээг оруулахын зэрэгцээ лицензээр олгогдсон талбайн солбилцлуудыг тэмдэглэхээр болжээ. Өмнө нь  ийм тэмдэглэгээ хийгддэггүй, зөвхөн хавсралтад оруулдаг байжээ. Мөн лицензийг сунгах зэрэг аливаа өөрчлөлтийг тэмдэглэх болсон бөгөөд гэрчилгээг тус агентлагийн Кадастрын газрын даргын үсэгтэйгээр өгч байсныг агентлагийн даргын гарын үсэгтэйгээр өгөх болсон байна.
Лицензийн гэрчилгээ шинэчлэгдсэнээр эзэмшигчдэд тавих үүрэг, хариуцлагыг өндөрсгөж, төрийн зүгээс хянах боломжийг олгоно. Өмнө нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд лиценз авсан бол төрд хамаагүй, өөрсдийнх нь хувийн өмч мэт ханддаг байсан хандлагыг өөрчилнө гэж Л.Болд үзэж байна. Одоогийн байдлаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч 6000 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж байгаа бөгөөд 2005 онд багтаан бүх гэрчилгээг шинэчлэхээр төлөвлөсөн юм байна.

Гар аргаар алт олборлогчдын талаар ноён Л.Болд ярихдаа,  тэдний дийлэнх нь үүнээс өөрөөр амьдрах аргагүй болсон хүмүүс. Нийгмийн ядуурлын үр дагавар. Үүнийгээ ашиглан бусдын эзэмшлийн талбай руу зохион байгуулалттай дайрч улмаар гэмт хэрэг гарч байгаа тул үүнийг зохицуулах хуулийн төслийг боловсруулж байна гэжээ. Төсөлд  эдгээр хүмүүсийг жижиг дунд үйлдвэрийн зохион байгуулалтад оруулахаар тусгасан ажээ. Мөн энэ оны  долдугаар сарын 1 -нээс эхлэн Швейцарийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын "Байгалийн баялгийн тогтвортой менежмент" хөтөлбөрийн хүрээнд "Бичил уурхайг дэмжих" төслийг  хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд  6-8 жилийн хугацаанд хэрэгжих энэ төсөлд зургаан сая швейцар франкийг зарцуулах аж. Энэ төсөл нь гар аргаар алт олборлогчдод мэдээлэл, мэдлэг олгох, хуулийн хүрээнд ажиллах боломжийг олгох зорилготой юм байна.  Хөдөө орон нутагт гар аргаар ашигт малтмал олборлогч 100000 орчим хүн байгаа гэсэн албан бус тооцоо байдаг бөгөөд тэд жилдээ 50-100 сая ам.долларын бүтээгдэхүүн олборлож буй нь эдийн засгийн бүхэл бүтэн салбарын хэмжээнд хүрсэн гэж Л.Болд хэлжээ.

Уул уурхай, ашигт малтмалын салбараас олж байгаа орлогын зохих хувийг санд төвлөрүүлж, энэ хөрөнгийг нөхөгдөх баялаг бүтээдэг салбарт, тухайлбал боловсролд зарцуулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байна. Бэлэн мөнгөнд эзэн мундахгүй тул энэ асуудлыг мөнгө орж ирэхээс нь өмнө шийдэх ёстой гэж Л.Болд хэлжээ. Тэрчлэн татварын хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж тэрбээр үзэж байна. Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэл эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд гарсан алдагдлыг ашигтай ажилласан жилийн татвар ногдуулах орлогоос хасч тооцох тухай заалтыг өөрчлөх, гадаад,  дотоодын хөрөнгө оруулагчдад гаалийн болон нэмүү өртгийн албан татварын адил хөнгөлөлт үзүүлэх, орлогын албан татварын аливаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг байхгүй болгох,  хайгуулын ажлын үе шатад хэрэглэх тоног төхөөрөмж, бараа үйлчилгээг худалдан авахад НӨАТ-аас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч болно гэжээ.