Ерөнхийлөгч Н.Энхбаярын мөрийн хөтөлбөрийн онцлог

A- A A+
Ерөнхийлөгч Н.Энхбаярын мөрийн хөтөлбөрийн онцлог

Ерөнхийлөгч Н.Энхбаярын мөрийн хөтөлбөрийн  онцлог

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр бэлэн болжээ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан сонгогчид болон Засгийн газрын саналыг авсны үндсэн дээр зарлиг гарган  мөрийн хөтөлбөрөө баталсан байна. Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан арга хэмжээнүүдийг  жил бүр  нарийвчлан төлөвлөж хэрэгжүүлэх аж.  Ерөнхийлөгчийн хөтөлбөр үндсэн найман хэсгээс бүрдсэн бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэх арга зам хийгээд Ерөнхийлөгчийн оролцоог тусгажээ. Мөн өмнөх Ерөнхийлөгчийн бодлогын залгамж чанарыг хадгалж, уламжлал шинэчлэлийг хослуулсан мөрийн хөтөлбөр боловсруулсан хэмээн түүний зөвлөхүүд үзэж байна. 

Ерөнхийлөгч Н.Энхбаярын зөвлөхүүд өдөр тутмын сонинуудад өгсөн ярилцлагад  тулгуурлан түүний мөрийн хөтөлбөрийн онцлогийг толилуулж байна.

Улстөрийн бодлогын асуудлаар:

Ерөнхийлөгч Н.Энхбаяр улстөрийн талаар баримтлах бодлогоо төлөвлөхдөө юунд голлон анхаарч, ямар чиглэлийг баримталсан талаар түүний улстөрийн бодлогын зөвлөх Я.Долгоржав “Өнөөдөр” сонины /¹200/ дугаарт өгсөн ярилцлагадаа, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, төрийн байгууллагын тогтолцооны тэнцвэртэй, хяналттай байдлыг хангах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг нийгмийг нягтруулагч, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэгч суурь үзэл санаа болгохыг гол, чиглэлээ болгосон хэмээн мэдэгджээ. Юуны өмнө Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, ардчилал, ардчиллын соёлыг төрийн албаны бүх хүрээнд урагшлуулж гүнзгийрүүлэх чиглэлээр холбогдох газарт чиглэл өгөх асуудлыг тусгасан аж.

Улстөрийн намуудын удирдлагатай хийх уулзалт, яриаг тогтмолжуулж, Монголын нийгмийн улстөрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үүднээс улстөрийн нам, хүчинтэй хамтарч ажиллах нь Ерөнхийлегчийн бодлого үйл ажиллагааны нэг гол зарчим байх болно гэж тэрбээр тэмдэглэн хэлжээ. Төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлагын тогтолцоог сайжруулах бүхий л механизмыг ашиглахын хамт нийгмийн шударга ёсны төлөвшилд ёс суртахууны үлгэр үзүүлэх, иргэний нийгмийн зүй зохистой оролцоог хангах замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд мониторинг хийж, ажлын чиглэл зөвлөмж өгч ажиллах юм байна.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний нийтлэг язгуур эрх ашигт нийцтэй аливаа санал санаачилгыг аль болох нээлттэй хүлээн авч тусгахыг чармайсан гэжээ. Тэрчлэн үндэсний хөгжлийн цогц бодлого бий болгох ажлыг ивээлдээ авч боловсруулах, монгол тэмүүлэл бий болгох зэрэг олон зүйлд иргэдийн санал бодлыг тусгах явдал нээлттэй байх аж.

Гадаад харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудал хөтөлбөрт биеэ даасан том бүлэг болж орсон. Товчхон хэлбэл, Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хадгалан үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон тулгуурт нээлттэй, бие даасан идэвхтэй гадаад бодлого явуулах нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын үндсэн чиглэл, зарчим байх болно гэж Ерөнхийлөгчийн улстөрийн бодлогын зөвлөх Я.Долгоржав үзэж байна.

Хууль эрхзүйн хүрээнд:

Хөтөлбөрийн нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг нь хууль эрхзүйн шинэтгэлд холбогдох агаад ардчилсан засаглал, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх  зорилт тавьсан гэж  Ерөнхийлөгчийн хуулийн  зөвлөх Г.Баясгалан “Зууны мэдээ” сонинд /¹200/ өгсөн ярилцлагадаа дурджээ. Тухайлбал, хууль тогтоомж, төр, засгийн шийдвэр гарахаас өмнө төслийг нь олон нийтэд урьдчилан танилцуулж, шаардлагатай бол саналыг нь авах зорилтыг тавьсан байна. Тэрчлэн аймаг, нийслэлийн ИТХ-ын зөвлөгөөн, иргэний нийгмийн байгууллагуудын форумыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төрийн шийдвэр гаргахад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгч анхаарч ажиллах юм байна.

Бас нэг чухал асуудал бол төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах тогтолцоог төгөлдөржүүлэн тэднийг  мэргэшсэн, улстөрөөс ангид байх явдал гэж үзжээ. Тухайлбал,  Ерөнхийлөгчийн   институцын зүгээс шүүх тогтолцооны талаар зарим  судалгааг хийн холбогдох хуулиудад  өөрчлөлт оруулах, малын хулгай, архидан согтуурахтай хийх тэмцлийг төрийн бодлогын төвшинд  авч үзэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч Н.Энхбаяр үзэж байгаа аж.  Мөн Хүний эрхийн үндэсний комисстой хамтран тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Эдийн засгийн бодлогын талаар:

Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Намхайжанцангийн «Өдрийн сонины ¹204-т өгсөн ярилцлагаас үзвэл улс орны эдийн засгийн өсөлтийг бататгаж, чадавхийг бэхжүүлэхэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллана. Эдийн засгийн өнөөгийн хүрсэн төвшинг бууруулахгүй, эдийн засгийн бүтцийг сайжруулах, экспортын шинэ нэр төрлийг эрж хайх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөх, шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр төлөвлөжээ.

Цаашдаа экспортын   шинэ технологиор өрсөлдөх чадвараа сайжруулсан үйлдвэр, аж ахуйн газрыг дэмжих, тэргүүлэх байгууллагуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит бүтээмжийн шагнал олгох, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжтэй биечлэн танилцах, зөвлөгөө өгч, гаднын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэхийг зорино гэж зөвлөх Б.Намхайжанцан хэлжээ.

Ерөнхийлөгчийн ивээл дор гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хууль гараад хэдэн жил болж байгаа ч дорвитой ахиц гараагүй учраас газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцад Ерөнхийлөгч зориуд анхаарал хандуулах юм байна.

Тэрчлэн хүрээлэн байгаа орчныг хамгаалах, унаган төрхийг нь хадгалах, орчны бохирдлыг арилгахад түлхүү анхаарахаар хөтөлбөрт тусчээ.  Усны бодлогын хэрэгжилттэй биечлэн танилцах, нар салхины сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, хөдөө сум, суурин айл өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбоход анхаарахын зэрэгцээ том хот, суурин газруудыг утаагүй, тоосгүй болгох, нийслэлийн агаарын бохирдлыг арилгахад анхаарал хандуулахаар болжээ. Салаа төмөр зам барих ажилд анхаарал хандуулж, энэ чиглэлээр Засгийн газартай ярьж, Мянганы сорилтын санд хүсэлт тавихаар төлөвлөсөн хэмээн ноён Б.Намхайжанцан өгүүлжээ.

Нийгмийн бодлогын талаар:

Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх, академич Л.Лхагвын “Ардын эрх” сонинд /¹166/ өгсөн ярилцлагаас үзвэл  Ерөнхийлөгчийн хөтөлбөрт 170 орчим арга хэмжээ төлөвлөсний 33 хувь нийгмийн бодлогын чиглэлийнх байна. Тухайлбал, бүх шатны төрийн бус өмчийн сургуулийн тухай хуулийн төсөл боловсруулахаар тусгажээ. Монгол Улсын статистикийн 2004 оны эмхтгэлээс үзвэл өнөөдөр манай улсад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 214 байгаагаас 137 нь буюу  64 хувь нь төрийн терийн бус өмчийн хэлбэртэй. Энэ нэг талаас сайн боловч нөгөө талаас цөөн тооны сургуулиас бусад нь сургалтын орчин хангалтгүй, багшлах боловсон хүчний мэргэжил, мэдлэг, ур чадвар, шаардлагын хэмжээнд хүрэхгүй, сургалтын чанар стандартад нийцдэггүй гэж Л.Лхагва өгүүлжээ. Тиймээс иргэдийн эрх ашгийн үүднээс ийм хууль боловсруулах шаардлагатай үзсэн аж.

"Иргэний боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор боловсруулахаар болжээ. Өөр нэг асуудал бол гадаад, дотоодын хандивлагчдын санаачилгыг дэмжих замаар авъяас, сурлага сайтай ч төлбөрийн чадваргүй хүүхдийг суралцуулах "Ерөнхийлөгчийн сан" байгуулах хөдөлгөөнийг дэмжиж, дэлхийн жишигт дүйцэх загвар сургууль бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх юм байна. Тэрчлэн улсын төсвөөс шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхаарч, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн хамгааллын талаар хэлэлцүүлэг явуулахаар хөтөлбөрт тусгасан байна. Мөн "Монголын үндэсний нэвтэрхий толь", "Монголын үндэсний атлас" зэрэг эрдмийн томоохон суурь бүтээлүүдийг шинэчлэн туурвих ажлыг санаачлахын хамт Монголын түүх, соёл, археологийн олон улсын судалгааны төслүүдийг Ерөнхийлөгч ивээлдээ авах ажээ.

Сонгодог урлагийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, урлагийн уралдаан тэмцээнд уран бүтээлчдээс оролцохыг дэмжих, Монголын сонгодог урлагийн хөгжлийг сурталчлах арга хэмжээ авахаар хөтөлбөрт тусгасан гэж Ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгджээ. 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол туургатны урлагийн их наадам, Дэлхийн монголчуудын чуулга уулзалт, Дэлхийн яруу найрагчдын ХХҮ1 их хурлыг зохион байгуулах юм байна. Спортын чиглэлээр авах нэг томоохон арга хэмжээ нь Олимпийн цогцолборыг Улаанбаатар хотод барьж дуусгах ажлыг анхаарлынхаа төвд байлгах гэнэ.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, даатгалтай иргэдэд үзүүлэх урамшууллын талаар холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, өвчтөний эрх ашгийг хамгаалах хууль эрхзүйн орчин, Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, Цэргийн албан хаагчдыг нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, 1995 оноос өмнө, хойно тогтоосон тэтгэврийн зөрүүг багасгах, өндөр насны тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тогтоож байх, улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх, дайнд оролцсон ахмад дайчдын тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх талаар Засгийн газарт санал оруулах, Ерөнхийлөгчийн дэргэд ахмад настны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллуулах зэрэг асуудлыг бас тусгасан  байна.