Их Нүүдэл

A- A A+
Их Нүүдэл

 

Энэ сэдвээр ярилцах
Дэлгэрэнгүйгээр үзэх (PDF)

Их Нүүдэл 
“Буурай Орнуудын Тойм” сэтгүүл
2016 оны VIII сарын 31
Дугаарын тусгай сурвалжлага

Жемба Нкото

Гочоо намайг дагуулсаар Улаанбаатарын захад орших оршуулгын газар, үерийн далангийн дунд хашаагvй, салхи нөөлгөн дор ил барьсан гэртээ дагуулан орлоо. Уг нь Гочоо Өвөрхангай аймгийн Хархорин сумын хүн. Ар араасаа цуварсан байгалийн гамшигт хамаг малаа алдаж, ядуурсан тэднийх арга цөхрөхдөө хэдэн эд хогшлоо ачин амьдрал залгуулахаар Улаанбаатар хотод хэдэн жилийн өмнө ирж суурьшжээ. Гэтэл Зүүн-хойд Ази дахь Монголын нийслэл тус хот нийт хүн амын таван хүн тутмын дөрвийг багтааж ядсан, ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдсэн газар аль хэдийнээ болсон байлаа. “Ажил олдох нь бүү хэл амьдрах газар ч олдоогүй. Нутаггүй болсон бид оршуулгын газрын ойролцоо буусан нь энэ” гэж эхнэр, бага насын 3 хүүхдээ дагуулан ирсэн Гочоо дурсана. “Одоогоор амь зогоодог ганц зүйл гэвэл Казахстанд ажилладаг охин, хүргэн хоёроос маань хааяа ирдэг хэдэн төгрөг л байдаг” гэж Гочоогийн эхнэр Бумаа бидний ярианд оролцоно. Гочоогийнхны хотод ирээд хожсон ганц юм бол хүү, бага охин хоёр нь хотын захын нэгэн сургуульд орсон явдал байжээ.

Хөдөөнөөс нүүдэллэн ирж буй иргэд гэхгүй хотын оршин суугчид ч ялгарах зүйл бага буй заа. Монголын зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш даруй 25 жил болсон ч өнөөдөр бараг хоёр монгол хүний нэг нь ядуу, гурван хүний нэг нь ажилгүй байна. Нийт хүн амын 80 гаруй хувь нь Улаанбаатар, Дархан хотуудад болон төмөр замын дагуу төвлөрсөн бол албан бус мэдээгээр 500 мянга гаруй иргэд гадаадад гарсан байна. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэх түвшинд хүрээгүй, нэг хүнд ногдох ДНБ 1990 оноос хойш өсөх нь байтугай буурч, дэлхийн хамгийн буурай орнуудын ангилалд шилжээд хэдэн жилийн нүүр үзлээ. Монголд насанд хүрэгсдийн бичиг үсэгт тайлагдлын түвшин 90 хувь хол давж байсан үе ч нэгэнт түүх болон оджээ. Өнөөгийн Монголыг гадаадын зээл тусламжаар амиа зогоосон эдийн засагтай, авторитар дэглэмт улс төрийн тогтолцоотой Азийн Этиоп нэгэнт болжээ.

1990-ээд оны улс төр, эдийн засгийн шинэчлэл нь Монголыг “Азийн цээжин дэх эрх чөлөө, ардчилал, чөлөөт эдийн засгийн арал” хэмээн нэрлэхэд хүргэсэн билээ. Барууны улс төрчид Ази тив дэх ядуу буурай тус орныг хөрөнгөтний ардчилсан нийгмийг дэлхийн ямар ч алслагдмал өнцөг буланд цэцэглэн хөгжиж болохын жишээ болгон дурдах дуртай байв.

 

 

Уг нь улс төрийн хувьд монголчууд эхэндээ олон намт парламентын ардчилсан тогтолцоог харьцангуй амжилттай бүрдүүлж чадсан юм. 1990 оноос хойшхи хэд хэдэн сонгуульд ялсан улс төрийн хүчнүүд өөрсдийн үзэл баримтлалаас үл хамааран тус улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмыг ерөнхийд нь баримталсаар байлаа. Харин газар зүйн тааламжгүй байршилтай, хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн хуруу дарам цөөн хэдэн уламжлалт салбарт дулдуйдсан, байгаль цаг уур, дэлхийн зах зээлийн үнэ ханшны хэлбэлзэлд өртөмтгий Монголын эдийн засгийг бүхэлд нь шинэчилж, өөд татах тийм ч амаргүй гэдгийг хүн бүхэн ойлгож байлаа. 1990 оны байдлаар нэг монгол хүнд ногдох ДНБ 400 ам.доллараас доогуур, таван хүн тутмын нэг ажилгүй зэрэг үзүүлэлттэйгээр Монгол өөрчлөлт шинэчлэлтийн их аянд гарчээ. Монгол дахь дэлхийн зах зээлийн үнэ ханшийн давамгайллын жишээг зэсийн экспортоос харж болно. 1990-ээд онд дэлхий даяар сүлжээгээ бие биетэйгээ өрсөлдөн өргөтгөж байсан харилцаа холбооны том корпорацуудын эрэлтийг даган зэсийн үнэ тэнгэрт хадаж байсан үе бий. Харин харилцаа холбооны салбар удалгүй хямралд орж, эрэлтийг хэд дахин давсан нийлүүлэлт зэсийн үнийг 1997 он гэхэд 33 хувиар унасан гэдэг. Энэ нь зэс нийт экспортын 40 хувийг бүрдүүлдэг байсан Монгол шиг орны хувьд төсвийн орлогыг бараг 24 хувиар тасалдуулсан гэсэн үг. Үүнээс хойш 4 жилийн дараа бүсийн санхүүгийн хямралын үр дүнд Монголын экспортын гол бүтээгдэхүүний эрэлтэд дахин сөргөөр нөлөөлөхөд зэсийн үнэ 13 хувиар, алт, ноолуурын үнэ 40 хувиар буурч, төсвийг дахин хүндрүүлжээ.

Хөдөө аж ахуй ч хүнд байдалд байлаа. 1990 оноос өмнө Монгол гурил, төмс, малын тэжээл зэрэг үндсэн бүтээгдэхүүний дотоод хэрэгцээгээ өөрөө бүрэн хангадаг байсан бол 1990 оноос хойшхи хувьчлал, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан тус салбар эзгүйрсэн юм. 2000-2001 оны зуднаар 4,0 сая орчим мал буюу Монголын нийт малын 10 хувь үрэгдсэн бол ургац хураалт 1990 оноос өмнөх үеийн 40 хувийн түвшин хүртэл буурчээ. Уг нь өмнө нь иймэрхүү байгалийн гамшиг 5-7 жилд нэг удаа тохиолддог байсан гэх боловч дараалсан зуд, ган хөдөө аж ахуй төдийгүй нийт эдийн засагт том цохилт болсон билээ. Монголын хөдөө аж ахуйн бүтцийг үндсээр нь өөрчлөхгүй бол ар араасаа цувсан байгалийн гамшгууд нийтдээ 400 гаруй мянган хүнийг байнгын хүнсний гачигдалд оруулна гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан аж. Нэг талаас, төсвийн орлого талыг өсгөх боломж хомс, нөгөө талаас, зарлага талыг бууруулж чадаагүйн улмаас зээлийн нийт өр 2000 он гэхэд 1 тэрбум ам.доллар хүрсэн ажээ. Энэ нь үндсэндээ Монголын ДНБ-тэй дүйцсэн хэмжээний мөнгөн дүн юм. Нөгөө талаас, гадаадын өрийг төлж эхлэх хугацаа хаяанд тулж ирээд байлаа. Гэтэл үндэсний хуримтлал, хөрөнгө оруулалтын хэмжээ өрийн дарамтыг давж гарах түвшинд хүрэх яагаа ч үгүй байв. Банкны салбар ч том хэмжээний зээл олгох түвшинд очоогүй байлаа. Гадаадынхан Монголын эдийн засагт 1990-ээд оны туршид ердөө 500 сая ам.долларын л хөрөнгө оруулж, социалист тогтолцоог халснаас хойш 10 гаруй жил өнгөрөхөд 2 сая гаруйхан монголчуудын амьдрал төдийлөн дээшлээгүй л байлаа. Ийнхүү тус улс гадаадын зээл, тусламжаас хэт хараат, цөөн хэдэн салбарт суурилсан эдийн засагтайгаар шинэ зуунтай золгожээ.

Зарим түүхчид аливаа нийгэмд цочмог өөрчлөлт гарснаас хойш 10 орчим жилийн дараа уг өөрчлөлтийн үр дагаврыг даван туулж, зарим нэгэн хувиралтайгаар хуучин байдалдаа эргэн ордог гэж үздэг. Монголын хувьд энэхүү үйл явц арай удааширсан ч эцсийн дүндээ улс төр, эдийн засгийн хатуу хяналт бүхий орчинд эргэн оржээ гэж дүгнэж болно.

Монголчууд нээлттэй, олон талт, тогтвортой эдийн засгийг бий болгох зорилгыг тавьж XXI зуунд орсон ч гадаад хүчин зүйлс түүнд тийм ч ээлтэй байсангүй. 2002-2005 онд Европоос бусад дэлхийн томоохон гүрнүүдийн дотоод байдал хүндэрч, олон улсын геополитик ч орвонгоор эргэсэн билээ. 2002 онд Нью-Йорк хотод гарсан террорист халдлага, тухайн үеийн АНУ-ын засаг захиргааны алсын хараагүй эдийн засгийн болон нэг талт цэрэг дайны бодлого тус улсын нийгмийг бүхэлд нь донсолгосон билээ. 2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар илт давуу ялсан Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Родхэм-Клинтон олон улсын тавцан дахь АНУ-ын үүрэг оролцоог багасгах, дотоодын асуудлыг өөрийн тэргүүлэх чиглэлээ болгон өөрчилсөн юм.

2004 оны 12 дугаар сард Москвагийн Их театрт нэгэн гала концертын үеэр амиа золиослогч террористын тэсэлсэн бөмбөг 76 өндөр түвшний зочны аминд хүрч, тэдний дотор дахин сонгогдоод удаагүй байсан Ерөнхийлөгч В.Путины орлон тоглогч ч алагджээ. Уг дэлбэрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй ч улсын тэргүүнийг хөнөөж, Оросын төрийн тогтолцоог үндсээр нь хямралд оруулах сэдэлт илт байлаа. Ихэнх ажиглагчид 10 гаруй дахь жилдээ үргэлжилж, Орос дахь үндэсний эв нэгдэлд хамгийн том саад болж буй ОХУ-Чеченийн дайнтай холбоотойгоор Чеченийн алан хядагчдын үйлдэл гэж үзэж байсан юм. Харин албан ёсны мөрдөн байцаалт тус аллагыг Ерөнхийлөгч асан Ельцины үед эмх замбараагүй явагдсан гэх их хувьчлалаар асар их баяжсан, “олигархууд” хэмээх хамгийн том хэдэн бизнесменүүдийн бүлэглэлтэй холбоотой гэж зарлав. Үүний өмнөхөн ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс олигархуудын төрийн эргэлт хийх төлөвлөгөөний тухай нууц баримт бичгийг 2003 онд эрх баригчдад хүргүүлсэн гэдэг. Үүний хариуд эрх баригчид олигархуудыг шахан зайлуулах кампанит ажлыг зохион байгуулсан гэж олон хүн үздэг.

Нэг талаас, Оросын эрх баригчид, нөгөө талаас, хүчирхэг олигархуудын бүлэглэл хоорондын сөргөлдөөн аварга том “Юкос” компанийн эзэн М.Ходорковскийг баривчилж, Ерөнхийлөгч В.Путины тус компанийг нийгэмчлэх шийдвэр гарснаар эрх баригчдын ялалтаар төгссөн юм. Хүчинд автагдсан толгой баячуудын ихэнхи нь Оросын улс төр, эдийн засгийн амьдралаас хөндийрөхөд хүрсэн бол зарим нэг нь өөрийн компанийг бусдад худалдаж, гадаадын хөл бөмбөгийн баг худалдаж авах зэргээр хөрөнгөө гадаадад гаргаж, тэндээ амьдрах болсон юм. Энэ бүх үйл явдлын үр дүнд Ерөнхийлөгч В.Путины 2 дахь сонгуульт хугацааны үеийн гол зорилго нь аллагын дараахь нийгэмд тогтвортой байдлыг эргэн тогтоох, төрийн хяналтыг бэхжүүлэх явдал байв. Үүний тулд улс төрийн хувьд хатуу байр суурь баримталж, эдийн засагт төрийн хяналтыг бэхжүүлж эхлэв. Ийм нөхцөлд Оросын ДХБ-д элсэх асуудал ч тодорхой бус хугацаагаар хойшлогдсон нь мэдээж. Улс төрийн хүндхэн нөхцөл, хувийн өмчийн нийгэмчлэл нь Оросоос гадаадын хөрөнгө оруулалтыг ч үргээв. Чеченийн дайнд жил бүр 6 тэрбум ам.долларыг зарцуулж байснаас гадна гай газар дороос гэгчээр Иракийн газрын тосны нийлүүлэлт сэргэснээр холбоотойгоор дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнэ буурч эхэллээ (2006 онд 1 баррель 15 ам.доллар болтол буурсан билээ). Энэ нь Оросын эдийн засагт асар том цохилт байлаа, учир нь газрын тосны үнэ 1 ам.доллараар буурахад Оросын төсөвт газрын тосноос олох нийт орлого 1 тэрбум ам.доллараар буурдаг аж. Орос дахь үйл явдлын энэхүү өрнөл Монголд сайнаар нөлөөлсөнгүй. Орос эрчим хүч зэрэг Монголд экспортолдог бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой байлгасан ч Монголын экспортын бараанд ногдуулдаг татварыг бууруулахаас эрс татгалзав. 2007 онд гэхэд Монголоос Орост төлөх 10 тэрбум шилжих рублийн өрийн асуудал дахин хоёр орны хоорондын харилцааны хүндийн төв болжээ. Уг нь Монголын тал өрийн үүссэн түүхэн нөхцөл байдлыг харгалзаж, Парисын клубын зарчмуудыг удирдлага болгон ихээхэн бууруулж чадна гэж найдаж байсан ч энэ нь Оросын дотоод нөхцөл байдлын улмаас талаар болов. Оросын тал өмнөх байр сууриа өөрчлөн буулт хийхээс эрс татгалзаж, улмаар 2007 онд хоёр орны сунжирсан ярвигтай яриа хэлэлцээрийн үр дүнд нийт өрийн хэмжээг 850 сая ам.доллараар тогтоон, дээрээс нь Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын оролцоог Оросын талд шилжүүлэхээр болжээ. 850 сая ам.доллар нь Монголын ДНБ-ийн бараг 80 хувьтай тэнцэхээс гадна Эрдэнэт нь Монголын нийт экспортын бараг 40 хувийг эзэлдэг стратегийн ач холбогдолтой объект байсан юм.

2016 оны босгоос эргэн харахад Монголын өнөөгийн дүр төрхийг тодорхойлсон гол үйл явдлууд 2005-2008 оны хооронд болсон аж. 2005 он гэхэд нийгэм, эдийн засгийн олон асуудал хуримтлагдсаар, болгоомжилбол зохих түвшинд нэгэнт хүрээд байлаа. Хөдөөгийн хүн амын тэвчээр барагдаж, хот айл, баг, сумаараа хот суурин газрыг бараадаж эхэлснээр хотод эмх замбараагүй байдлын эхлэл тавигдсан юм. Нийслэл Улаанбаатарт гэхэд сард дунджаар 20 мянган хүн шилжин ирж байсан үе. Хотын дэд бүтэц, эдийн засаг ч ачааллаа даахаа больж, 2007 он гэхэд Улаанбаатар, Дарханд хүн амын ядуурал, бухимдал туйлдаа хүрч, тэсрэх шалтагийг л хүлээж байлаа. Ийм шалтаг нь Орост төлөх өрийг шийдвэрлэсэн тухай мэдээлэл байлаа. Бараг 20 жилийн турш амьдрал нь дээшлэхийг тэвчээртэй хүлээсэн монголчуудын хувьд 850 сая ам.доллар, дээрээс нь Эрдэнэт үйлдвэрийг Орост шилжүүлсэн тухай мэдээ чих дэлссэн нь Гочоогийн хэлснээр монголчуудыг “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” байдалд оруулжээ.

УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн 2008 оны 5 дугаар сарын 3-нд нийслэл Улаанбаатарын төв талбай дээр улс төрийн сөрөг хүчин, үйлдвэрчний эвлэлүүдээс зохион байгуулж байсан эсэргүүцлийн жагсаалын үеэр гарсан мөргөлдөөний үеэр 12 жагсагч, 2 цагдаа амь үрэгдэж, Монголын түүхэнд хар хуудас болон үлдсэн юм. Улаанбаатар болон бусад ихэнх суурин газарт дэг журам бүрмөсөн алдагдаж, эмх замбараагүй байдал нийгмийг бүхэлд нь хамрав. Чухамхүү энэ үед ард түмэн ардчилал, тухайн үеийн эдийн засгийн бодлогод итгэх итгэлд алдагдсан гэж ажиглагчид үздэг. Нийгмийн уур амьсгал хүчтэй засаглалыг хүсч буйг мэдэрсэн улс төрийн хүчнүүд Үндсэн хуульдаа шуурхай өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоосон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуулиар тухайн үед Сэлэнгэ аймгийн Засаг дарга байсан Молцогийн Ууганхүү сонгогдсон юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн нэн тэргүүний зорилт нь нийгэмд тогтвортой байдлыг сэргээн тогтоох, Орост төлөх төлбөрийн үр дагавар зэрэг нийгэм-эдийн засгийн тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэх явдал байлаа. Тухайлбал, тэрбээр сонгогдсоныхоо дараахан жагсаал цуглааныг тодорхой бус хугацаагаар хориглосон аж. Үүнтэй холбоотойгоор улс төрийн зарим сөрөг хүчин, хүний эрхийн болоод олон улсын байгууллагуудын зүгээс М.Ууганхүүг Төв Азийн зарим орнуудын “сонгуульт” Ерөнхийлөгчийн дарангуйллыг Монголд загварчлан бий болгох гэж байна гэж буруушааж байсан юм. Үнэхээр шинэ засаг захиргаа сонгогдсоноосоо хойш сонгуулийг хуульд заасан хугацаанд зарлан явуулдаг байсан ч сонгуулийн дүнг урьдаас тодорхойлох, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах зэрэг олон ноцтой асуудалд хутгалдсан тухай шүүмжлэлд ихээхэн өртөж байжээ. Гэвч их өрийн талаархи тохиролцоог хурцаар шүүмжилдэг, гэмт хэрэг, авилгал, хээл хахуулийн эсрэг хатуу тэмцэхийг амласан М.Ууганхүүг олон нийт дэмжиж байлаа. Гочоо, Бумаа хоёр ч гэсэн Ерөнхийлөгчийг дэмждэг нэгэн ба түүний сонингийн хайчилбар зургийг гэрийн хоймор дахь толинд наасан харагдана. “Өмнө нь улс төрийн нам хүчнүүд ээлж дараалан улс орныг удирдаж байна гээд л авилгал аваад л, хувийн сонирхлыг л хөөдөг байдаг байсан. Харин Ерөнхийлөгч Ууганхүү л төр төмөр нүүртэйг харуулж, нийгэмд дэг журмыг тогтоож чадсан юм” гэнэ. Ийнхүү Монголын түүхэнд нэгэн шинэ хуудас эхэллээ.

Ерөнхийлөгч Молцогийн Ууганхүү нийгмийн дэг журмыг хангаж чадсан бол эдийн засгийн хувьд асуудал тийм ч амархан шийдэгдэхээргүй байсан нь мэдээж. Гадаадын зээл, тусламж Ерөнхийлөгчийн хатуу бодлогын улмаас зогсож, гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхай, газрын тосноос бусад салбарт орж ирэхгүйтэй адил болсон байлаа. М.Ууганхүүгийн өөр нэг зорилт нь өрийн асуудлыг шийдвэрлэсний улмаас төсөвт учирсан цоорхойг нөхөх явдал байлаа. Иймд түүний эдийн засгийн анхны арга хэмжээнүүд нь газрын тос, ашигт малтмал, ялангуяа алт, зэсийн олборлолтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн юм. Аль 1990-ээд оны үеэр судлагдаж байсан боловч ашиглаж чадаагүй байсан Цагаан суварга, Цайрын орд зэрэг томоохон орд газруудыг олборлоход хөрөнгө оруулагчдыг татахад нэлээд анхаарчээ. Тухайн үед дэлхийн зах зээл дээр 1 тонн зэс 2000 ам.доллар хүрч тогтворжсон, дотоодын татвар, лицензийн уян хатан бодлого нь Канад, Хятад, Японы хөрөнгө оруулалтыг татахад тодорхой амжилтад хүргэсэн гэж хэлж болно. Тухайлбал, Өмнөд Африк-Японы хамтарсан консорциум Цагаан суваргын орд газрыг ашиглахаар 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь хамгийн том хөрөнгө оруулалт болсон юм. Алтны хувьд Засгийн газраас түүний олборлолтыг жилд 30 тонн болгон нэмэгдүүлэх зорилгоор 150 тонн орд газрыг судлах хөрөнгийг төсөвлөжээ.

Харин газрын тосны хувьд асуудал өөрөөр эргэсэн билээ. Уг нь Дорнод аймагт 1,2 тэрбум баррелийн газрын тосны нөөцтэй хэмээн тооцсон ордыг 2009 онд нээж боловсруулахаар болсон юм. Бас Засгийн газар 1,5 тэрбум баррелийн нөөцтэй гэж тооцогддог байсан Тамсагийн сав газрын ордод нэмэлт хөрөнгө оруулалт хийж, 2010 онд гэхэд жилд 130 мянган тонн газрын тос олборлож боловсруулаад зогсохгүй, дамжуулах хоолойгоор Хятад руу бага хэмжээгээр экспортолж эхэлсэн билээ. Гэвч 2010-аад оны эхээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаар бохирдуулагч хорт бодисуудын үр нөлөө дэлхийн хамтын нийгэмлэгийг газрын тосонд хандах хандлагыг эрс өөрчилж эхэллээ. Өнгөрсөн зууны сүүл үеэс хойш байгалийн гамшигт үзэгдлүүд бараг тогтмолжиж, дэлхийн олон орныг улам ч их нэрвэх болсон билээ. 2003 онд хэдэн сарын турш Европ тивийг харангадуулсан ган хэдэн арван мянган хүний аминд хүрч, олон мянган тэрбум еврогоор хэмжигдэх хохирлыг Европын эдийн засагт учруулсан нь дэлхийг цочроож, дэлхийн дулаарлын тухай хүмүүсийн ухамсарт эргэлт гаргасан үйл явдал байлаа. Дэлхийн олон орны энгийн иргэдээс төр засгийн удирдлага, бизнесын хүрээнийхэн бүгд дэлхийн дулаарлын аюул, түүний цар хүрээг хүлээн зөвшөөрч, улмаар Киотогийн Протоколыг шинэ нөхцөл байдалд нийцүүлэхээр дэлхийн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар утаа ялгаралтыг 2012 оноос эхлэн шат дараалан бууруулахаар 2006 онд тохиролцсон билээ. Энэхүү тохиролцоогоор нүүрс төрөгчийн гаралтай түлшээс татгалзах, өөр гаралтай эрчим хүчийг эрж хайх, боловсруулах үүргийг оролцогч улсууд хүлээж, энэ чиглэлийн судалгаа туршилтад үлэмж хөрөнгө оруулж эхлэв.

Орчин үед байгалийн хий эрчим хүчний үндсэн эх сурвалж болж, цаашид ус төрөгч, цөмийн эрчим хүч хүн төрөлхтөний ирээдүй болох нь тодорхой болсон билээ. Ийнхүү дэлхий даяар газрын тосны хэрэглээнээс аажмаар татгалзсан нь газрын тосонд ихээхэн хөрөнгө оруулсан, уул уурхай, газрын тосны салбар нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 75, экспортын орлогын 65 орчим хувийг нь тус тус бүрдүүлдэг Монголын хувьд нэгэн эмгэнэл болсон юм.


Уул уурхайн нэгэн адил хөдөө аж ахуй ч Монголын эдийн засаг дахь байр сууриа хэвээр хадгалжээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш ДНБ-ий 30-35 хувийг тогтмол эзэлж байсан ч дотоодын нийт хэрэгцээний дөнгөж 30 хувийг л хангаж байна. Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний бараг 90 хувийг хангадаг байсан мал аж ахуй өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв гэсэн тоотой хэдэн аймагт л төвлөрч үлджээ.
Жилээс жилд агшиж буй бэлчээрийн даац мал аж ахуйн бүтээгдэхүүний өсөлтийг хангах ямар ч боломжгүй болж малчид хагас суурин хэв маягт шилжиж, ургац, ногоо тариалдаг болжээ. Гэсэн хэдий ч эрчимжсэн, орчин үеийн мал аж ахуйд шилжих ажил бараг орхигдож, малын сүрэг ч байгалийн эрхшээлд байсаар. Хоёр зууны зааг дээр хэдэн жил дараалан тохиолдсон зуд шинэ эрч хүчтэйгээр дахин 2007-2010 оны турш давтагдаж, Монголын төв ба зүүн аймгуудын нийт 40 гаруй мянган малчин өрхийн бүх малыг устгасан аж. Энэхүү сүйрлийн үр дагаврыг монголчууд одоо хэр давж гарч чадаагүй л байна. Нийт малчин өрхийн 85 гаруй хувьд мал аж ахуй нь амьжиргааны цорын ганц эх үүсвэр болж байна. Бас тус ган зудын үр дүнд 2012 он гэхэд Монголын нийт газар нутгийн бараг гуравны хоёр нь цөлжиж, хөдөө аж ахуйн салбар томоохон нуур, гол мөрний сав газраар л орогнож байна. Саяхан хийсэн судалгаагаар Монголын өнөөгийн бэлчээрийн оновчтой даацын хэмжээг 17 сая толгой малаар тогтоожээ. Харин хандивлагчдын тусламжтайгаар мал эмнэлэг, нядалгаа, махны чанарын хяналтыг эрс сайжруулж чадсанаар Оросын Сибирь, Алс Дорнодод гаргах махны экспорт ялимгүй өссөнийг дурдах нь зүйтэй. Ноолуур ч Монголын эдийн засагт тогтвортой орлого оруулагч хэвээр үлджээ. 2007-2010 оны зуднаас хойш тооны хувьд ганцаараа өссөн  ямаан сүргийн тоо толгой бараг 12 сая хүрч, Монгол 2013 он гэхэд түүхий (боловсруулаагүй) ноолуурын дэлхийн хамгийн том нийлүүлэгч болсон юм.

Мэдээж, төсөв санхүүгийн хатуу хэмнэлтийн горимын нөхцөлд дэд бүтцийн ихэнх томоохон төслүүд зогсоход хүрсэн. Төсвийн нэлээд хөрөнгийг олон жилийн турш залгидаг байсан Мянганы Замын зөвхөн төв хэсгийг л дөнгөж өнгөрсөн жил алдаг оног гүйцээж, ачаа тээвэрлэлтийн бууралт, бензиний хомсдол зэрэг нь түүнийг цаашид үргэлжлүүлэн барих боломжгүй болгожээ.

Олон улсын хэмжээнд монголчуудын ихээхэн найдлага тавьж байсан Зүүн хойд Азийн бүсийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын ойртон нягтрал үл биелж, Ази-Номхон далайн Эдийн засгийн зөвлөл, Ази-Европын Уулзалтад элсэх оролдлого ч одоо хэр амжилт олсонгүй. Өрийн асуудлаас болж Монгол, Оросын харилцаа зогсонги байдалд орсон бол гадаад худалдааны ихэнх хувийг эзэлдэг Хятад Монголын эдийн засагт шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх түвшинд хүрсэнгүй. Хятад дахь экологийн сүйрэл, санхүүгийн хямрал, авилгал, ядуурал, ДОХ зэрэг халдварт өвчний тархалт, нийгэм дэх үймээн, салан тусгаарлагчдын идэвхжилт зэрэг нь аажмаар Хятад дахь эдийн засгийн таатай орчинг үгүй хийж, судлаачдын үзэж байгаагаар Хятад задран унах магадлал бодитой боллоо. Энэ нь Хятадтай 4,677 км хил залгасан Монголын хувьд тэртээ тэргүй ашиггүйгээр эргээд байсан гадаад орчинг улам хүндрүүлэх нь ойлгомжтой. 2010 онд Монгол НҮБ-ын оролцоотойгоор Хятадын баруун болон хойд нутгаас дайжин зугтсан бараг 100 мянган дүрвэгсдийг хүлээн авч, түр хуаранд байршуулж байсан билээ.

Харин Ази-Номхон Далайн бүсэд өөрийн байр сууриа бэхжүүлж, Зүүн Хойд Ази дахь нөлөөний хүрээгээ цаашид тэлэх бодлогыг тууштай явуулж буй Япон Монгол дахь сонирхол нь буураагүй бараг цорын ганц орон болж үлдсэн юм. Аль өнгөрсөн зууны 70-аад оны үеэс хойш Монголд албан ёсны тусламж үзүүлж байгаа Японы хувьд Монгол геополитикийн чухал түшиц газар бололтой. Уул уурхайн үр нөлөөг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр Ерөнхийлөгч Молцогийн Ууганхүүтэй анхнаас нь хамтран ажилласан юм. Үүнээс баруун болон өмнөд Монголд илэрсэн зэс, цайр, хар тугалгын томоохон нөөцийг боловсруулахаар харилцан тохиролцсон явдлыг дурдах нь зүйтэй. Ерөнхийлөгч М.Ууганхүү ч 2008 онд сонгогдсон даруйдаа хамгийн түрүүнд Японд албан ёсоор айлчилсан нь түүний гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн илэрхийлэл байлаа. Эдүгээ Япон бусад хандивлагчдын Монголыг орхиж явснаас үүссэн хоосон орон зайнд ганцаар үлдэж, Монголын хамгийн том хандивлагч, зээлдэгчийн байр сууриа улам бэхжүүлжээ. 2009 оны аймшигт зудын үр дагаврыг арилгахад Японы Засгийн газрын 3 тэрбум иений яаралтай буцалтгүй тусламж олгосон нь сонгогдоод удаагүй байсан Ерөнхийлөгчийн нэр хүндийг нь өсгөж, байр суурийг бэхжүүлсэн аж. Нийслэл Улаанбаатарын дэд бүтэц эргэлт буцалтгүйгээр үеэ өнгөрөөж, байдал туйлдаа хүрээд байгаа өнөөгийн нөхцөлд Ерөнхийлөгч М.Ууганхүү Японы Засгийн газрын тусламжтайгаар 2017 оноос Хөвсгөл нуурын ойролцоо Монгол Улсын орчин үеийн захиргааны нийслэлийг 2018 оноос барьж эхлэх асуудал яригдаж байгаа гэнэ. Харин үүний хариуд 6 жилийн өмнө худалдааны чөлөөт бүс болсон Дорнод аймгийн ихэнх нутаг дэвсгэрийг 99 жилийн хугацаатай концессын гэрээгээр Японд шилжүүлэх сурагтай.

Улс төр, эдийн засаг, байгаль орчны өөрчлөлт нь хүн амын бүтэц, шилжилт хөдөлгөөнд ч нөлөөлжээ. Төрөлт огцом буурахын зэрэгцээ хөдөөнөөс хот руу чиглэсэн тасралтгүй нүүдлийн үр дүнд 2014 оны эцсээр хот суурин газарт нийт хүн амын 80 хувь буюу 1,6 сая гаруй хүн амьдарч байна. Энэхүү их нүүдэл нь сум дотор (сумын төв рүү чиглэсэн), аймаг дотор (аймгийн төв рүү), улсын хэмжээнд (орон нутгаас Улаанбаатар рүү) гэх зэргээр улс орныг бүхэлд нь хамарчээ. Баруун таван аймгийн нийт сумдын гуравны хоёрт нийт хүн амын 40 буюу түүнээс доош хувь нь л үлдээд байна. Малчдын тоо 300 мянга болтол буурч, тэдний дийлэнх олонхи нь төвийн хэдэн аймгийн бэлчээр газарт шахцалдаж, амь зууж буй гэнэ. 2014 оны байдлаар эдгээр малчдын 85 хувь нь 100-гаас доош толгой малтай гэх ба ихэнх нь ядуу иргэдийн тоонд ордог гэнэ. Ядууралд өртсөн хэдэн зуун мянган хүн мод огтлох, ан агнах зэргээр байгаль орчныг улам сүйтгэж, ядуурал, экологийн доройтол хоёрын хоорондын “чөтгөрийн тойргийг” улам хурдтай эргүүлсээр. Говьд заг мод 2011 оноос хойш ургахаа байсан гэнэ. Монголын үзэсгэлэнт онгон байгаль ихэнх нутагт бүрмөсөн одож, гагцхүү зургийн хальсан дээр л үлджээ.

Орон нутагт ЕБС-иуд олноор хаагдаж, бага ангийг дүүргэсэн эрэгтэй хүүхэд бараг байхгүй болж, баруун таван аймгийн дунд ердөө 10 гаруйхан сургууль ажиллаж байгаа гэнэ. Ихэнх сумдад ажлын байр бүхий хүмүүс нь сумын Засаг дарга ба түүний Тамгын газрын хэдэн ажилтнууд л байдаг гэнэ. Уг нь 1990 оноос өмнө Монголын бараг сум бүр өөрийн сургууль, холбооны газар, соёлын төв зэрэгтэй байсан үе бий.

 

 

Хүн амын ихэнх нь Ерөнхийлөгч М.Ууганхүүгийн улс төрийн дэглэмийг нааштай хүлээж авч байгаа боловч сөрөг хүчин ч тодорхой хэмжээнд оршиж иржээ. Харин үзэл бодлын зөрүү, улс төрийн хаалттай орчны улмаас тэд амьжиргаагаа дээшлүүлэхээр гадаадад гарч буй ажилчидтай мөр зэрэгцэн Монголоос гарч явахад хүрч байна. 2008 оноос хойш залуучууд, ажилчид, сэхээтнүүд, улс төрийн тэрс үзэлтэн нийлээд нийт 300 гаруй мянган хүн гадаадад байнга амьдрахаар гарч, гадаадад байгаа нийт монголчуудын тоо 500 мянга даваад байгаа гэнэ. Эдгээр монголчуудыг заримдаа “Гадаад Монгол” гэж хошигнон нэрлэх нь бий. Гочоо IX ангид сурдаг 17 настай хүүгээ Чехэд уурхайд ажиллуулахаар явуулах тухай ярьж байна. “Ажил их л хайлаа, даанч олдохгүй байна. Уг нь ганц хүүгээ их сургуульд суралцуулах санаатай байсан юм” хэмээн Бумаа шүүрс алдана. Улаанбаатарт гадаадад цагаачлах, ажиллахад зуучлах явдал хамгийн ашиг орлоготой бизнес болоод байна. Тус улсын Төв Банкны мэдээлснээр “Гадаад Монгол” жилд 1 тэрбум ам.долларыг эх Монгол дахь нутаг нэгтнүүддээ гуйвуулдаг гэнэ. Тэд зөвхөн мөнгөний эх сурвалж болоод зогсохгүй “сонгуульт” дарангуйллын эсрэг улс төрийн тэмцлийн талбар болоод байна.

Хот суурин газрууд хүн ам, мал сүргийн их нүүдлийн хөлд аль хэдийнээ дарагдаж, ядуурал, байгаль орчны бохирдол, эрүүгийн нөхцөл байдал улам хүндэрсээр. Эдийн засгийн албан бус сектороос бусад салбарт амьжиргааны өөр эх үүсвэрийн тоо улам цөөрч байна гэж ажиглагчид үзэж байна. Хот газарт залуучуудын 60 гаруй хувь нь ажилгүй ба нийт ажилгүйдэл 30 хувь хүрээд байгаа гэнэ. Улаанбаатарын эргэн тойроны ихэнх гол ширгээд хэдэн жилийн нүүр үзээд байгаа нь улсын нийслэлийг Хөвсгөл аймагт нүүлгэх тухай яриа ор үндэслэлтэй болгох мэт. Өдөр ирэх тутам өргөжин тэлж буй цөлжилт Улаанбаатарын хаяанд тулж ирээд байгаа ба Улаанбаатарчууд хаврын хавсаргын зэрэгцээ элсэн шуурганд хучигдах болов. Монголчуудын нүүдэл хөдөөнөөс хот руу, дотоодоос гадаад руу, бүр нийслэл хот нь хүртэл цөлжилтөөс зугтаж нүүхэд бэлтгэж байгаа төрх байдал нь “нүүдэл” гэсэн үг XXI зууны монголчуудыг хамгийн оновчтой тодорхойлох мэт.

Юутай ч Монголчуудын “Их Нүүдэл” үргэлжилсээр...

Энэ сэдвээр ярилцах
Дэлгэрэнгүйгээр үзэх (PDF)