МАХН-ын дарга М.Энхболд: Ардчилсан намтай байгуулсан дөрвөн зүйлт гэрээнд өөрчлөлт орохгүй (2005.08.30)
Нөхөн сонгууль нь ард түмний МАХН-д өгсөн итгэл хэвээр байгааг, шинээр сонгогдсон намын дарга М.Энхболд намаасаа өгсөн анхны үүрэг даалгаврыг биелүүллээ гэдгийг илтгэн харууллаа гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр нөхөн сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа МАХН-ын удирдлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Өчигдөр болсон уг хэвлэлийн бага хуралд МАХН-ын дарга М.Энхболд, түүний сонгуулийн штабын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцсон байна. Тэдний хийсэн мэдээллээс үзвэл 65 дугаар тойрогт МАХН-ын гишүүнчлэл сайтай, 17 хүн тутмын нэг нь тус намын гишүүн байдаг аж.
М.Энхболд УИХ-ын гишүүн болмогцоо УИХ-ын дарга, эсвэл Ерөнхий сайд болох тухай яриа байгаа гэсэн сэтгүүлчийн асуултад М.Энхболд хариулахдаа, хууль дүрмийн дагуу сонгуулийн дүнг баталгаажуулж, тангаргаа өргөсний дараа УИХ-ын гишүүн болж ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Тангаргаа өргөөгүй байж, хэн байх талаар ярих нь эрт байна хэмээн мэдэгджээ. Одоогийн Засгийн газар хамтарсан гэрээнд заасанчлан хоёр жилийн хугацаанд одоогийн тэргүүнтэйгээ байх уу гэсэн асуултад тэрбээр нэг хүн УИХ-д орж ирээд нөлөөлнө гэж үгүй. Ардчилсан намтай байгуулсан дөрвөн зүйлт гэрээнд өөрчлөлт орох зүйл байхгүй биз хэмээн хариулжээ.
Түүний одоогийн хашиж буй хотын мэрийн албан тушаалыг хан залгамжлах тухайд М.Энхболд: -Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 40 төлөөлөгчийн 37 нь МАХН-ын төлөөлөл байгаагийн хувьд манай намын боловсон хүчнүүдийн нэг нь энэ ажлыг аваад явах байх. Нам, Удирдах зөвлөл, гишүүдийн хүрээнд санал бодлыг нь сонсч ардчиллын зарчмаар шийднэ гэжээ.