Шатлалыг өөрчилснөөр татвар буурч байна (2005.09.02)

A- A A+
Шатлалыг өөрчилснөөр татвар буурч байна  (2005.09.02)

Шатлалыг өөрчилснөөр татвар буурч байна  (2005.09.02)

Татварын албаны 2005 оны эхний найман сарын ажлын дүн гарч буйтай холбогдуулан өчигдөр сэтгуүлчдэд мэдээлэл хийхдээ Үндэсний татварын ерөнхий газар (ҮТЕГ)-ын дарга Л.Зориг ийнхүү мэдэгджээ.  Түүний мэдээлснээр энэ жил татварын байгууллага улсын төсөвт 289 тэрбум төгрөгийн орлого оруулахаас 150 орчим тэрбумыг оруулаад байгаа аж. Татварын төлөвлөгөө сард 20-25 тэрбум төгрөгийн орлого оруулж байж биелэгддэг тул дутуу байгаа 100 гаруй тэрбум төгрөгийн орлогыг он дуусахад гүйцээнэ гэж Л.Зоригт хэлжээ.

Татварын шатлал, хувь хэмжээг өөрчилснөөр татвар буурч байгаа юм байна. Жишээлбэл,  100 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжээс 15 хувийн орлогын татвар авдаг байсан бол энэ босгыг 500 сая төгрөг хүртэл болгосон. Тэрчлэн аж ахуйн нэгжүүдийн бараа, материалын хорогдол, зар сурталчилгаа, даатгал зэрэг зардлаас авах татварыг хасч тооцож байгаа аж. Энэ бүх хэмжээгээр татварын орлого 40 тэрбум төгрөгөөр буурахаар байна гэж Л.Зоригт мэдэгджээ. Мөн бага орлоготой хүмүүс болон тэтгэвэр, тэтгэмжээс авдаг татварыг чөлөөлжээ. НӨАТ-ын хувьд түүний хувь хэмжээг бууруулах эсэхийг УИХ-аас шийдэх юм байна.

Ноён Л.Зоригтын хэлснээс үзвэл жижиг татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж байгаа ажээ.  Жилд таван мянган аж ахуйн нэгж татварын албанд бүртгүүлэн нэмэгдэж буйн зэрэгцээ татвар төлөгч ТББ, иргэдийн тоо өсч байна. Татвар төлөгч 4015 иргэн байсан бол өнөөдөр энэ тоо 4445 болсон. Иргэдийн хувьд тээврийн хэрэгсэл, буу, үл хөдлөх хөрөнгөөс татвар төлдөг. НӨАТ төлөгч 5250 болж нэмэгджээ.