Алт олборлолтын хэмжээ өсчээ (2005.09.02)
2005 оны эхний наймдугаар сарын байдлаар алт олборлогч 116 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 9921.4 кг алт олборлон Монголбанкинд худалдсан нь өмнөх онтой харьцуулбал 2287.4 кг-аар өсчээ. Алт олборлолтын хэмжээгээр "Алтан дорнод Монгол", “Гачуурт", "Шижир алт", "Тосон алт", "Монгол газар", "Эрдэс холдинг", "Эм Жи Эйч" зэрэг компани тэргүүлжээ. Энэ оны долдугаар сарын байдлаар давхардсан тоогоор 500 гаруй иргэн 1402 кг алт тушаагаад байна. Иргэдийн тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үед 13.7 кг байсан гэж Монголбанкнаас мэдээлжээ.
Дотоодын алт олборлогч нараас худалдан авч байгаа алтны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулах, тэднийг урамшуулах, дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авч байгаа бохир алтыг хадгалах, тээвэрлэх, даатгуулах, цэвэршүүлэхтэй холбогдон гарсан зардлыг унц алт бүрт нэг ам.доллараар тогтоох тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч мөрдөж эхэлсэн байна. Өмнө нь дээрхтэй зардлыг нэг унц алтанд 1.5 ам.доллараар тооцон авч байжээ.