Төсвийн хөрөнгөөр илрүүлсэн хайгуулын талбайн лицензийг дуудлага худалдаагаар олгох журам батлагджээ (2005.09.02)

A- A A+
Төсвийн хөрөнгөөр илрүүлсэн хайгуулын талбайн лицензийг дуудлага худалдаагаар олгох  журам батлагджээ  (2005.09.02)

Төсвийн хөрөнгөөр илрүүлсэн хайгуулын талбайн лицензийг дуудлага худалдаагаар олгох  журам батлагджээ  (2005.09.02)

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд  улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хуримтлал, эрлийн шинж бүхий талбайд хайгуул хийх эрх олгох ажиллагааг дан ганц дуудлага худалдаагаар олгоно хэмээн мэдэгдэж байсан. Чингэхдээ Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар баталсан "Төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий хайгуулын талбайн лицензийг дуудлага худалдаагаар олгох тухай журам"-ын дагуу ажиллах юм байна. Л.Болдын “Өдрийн сонинд” /¹211/ хэлснээс үзвэл 2005 оны наймдугаар сарын 1-ний байдлаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)-ын Геологийн газрын нэр дээр хүчин төгөлдөр байгаа ашигг малтмалын хайгуулын лиценз болон уг тушаал хүчин төгөлдөр болсноос хойш улсын төсвөөр хайгуул хийсэн геологийн судалгааны талбайг энэ журмын дагуу зохион байгуулж дуудлага худалдаанд оруулна. 

Дуудлага худалдааг АМГТХЭГ зохион байгуулах бөгөөд дуудлагыг зарлахаас өмнө хайгуулын лиценз олгох талбайн талаар орон нутгийн саналыг урьдчилан авахын зэрэгцээ хайгуулын талбайн хэмжээ, судалгааны төвшин, геологийн судалгаанд гарсан зардал, эрдсийн төрөл байдал, зах зээлийн үнийн төвшин, дэд бүтцийн байдлыг үнэлж,  талбай бүрийг дуудлага худалдаанд зарлах доод үнийг тогтоох ажээ. Үүнийг хариуцсан үнэлгээний зөвлөл ажиллах  юм байна. Дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Дуудлага худалдаанд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, гадаадын иргэн чөлөөтэй оролцож болно гэж АМГТХЭГ-ын дарга Л.Болд мэдэгджээ.  Нээлттэйгээр, нийтийн дуудлага хэлбэрээр зохион байгуулах дуудлага худалдаанд оролцогч Монгол улсын иргэн 50,0 мянган төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн 100,0 мянган төгрөг, ажиглагчаар оролцогч иргэн 5,0 мянган төгрөгийи хураамж төлөх аж. Дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнө дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдаа эхлэхээс нэг цагийн өмнө  зогсоох гэнэ. Дуудлага худалдаанд оролцогч нь "дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт"-ыг бөглөж татвар, банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолт, АМГТХЭГ-тай байгуулах гэрээний нөхцлийг зөвшөөрсөн гарын үсэг зурсан хувь гээд зохих бичиг баримтыг бүрдүүлсэн байх учиртай. Оролцогчид үнийн саналаа биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулан ээлж дараалан өсгөн хэлж үнэ хаялцсны эцэст хамгийн өндөр үнэ өгсөн нь ялагч болох юм байна.  Ялагч нь худалдан авсан "Хайгуулын талбайн лиценз олгох гэрээ"-г ажлын гурван өдөрт багтан байгуулж  үнийг 14 хоногт багтаан төлнө.

Дуудлага худалдаа зохион байгуулж, явуулах комиссийг дуудлага худалдаа явагдахаас гурваас доошгүй хоногийн өмнө АМГТХЭГ-ын даргын тушаалаар байгуулах бөгөөд комисс нь дарга, хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Дуудлага худалдаа эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд Сангийн яам, Үйлдвэр худалдааны яам, Улсын мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгч байлцаж хяналт тавина.

Харин дуудлага худалдааг  хэзээ явуулж эхлэх тухайд Л.Болд хэлэхдээ, 2004 онд төсвийн хөрөнгөөр хийх геологи хайгуулын ажлыг гүйцэтгэх тендерт ялсан компаниудын гүйцэтгэсэн ажлын тайлан хамгаалалт есдүгээр сараас эхэлж тусгай хуваариар явагдана. Тэр ажил бүрэн дууссаны дараа л дуудлага худалдаа хийх хугацаа тодорно гэжээ.

Монгол Улсын түүхэнд улсаас ихээхэн хөрөнгө гаргаж геологийн судалгааны ажил маш эрчтэй явагдаж байсан үе нь 1980-1990 оныг хамардаг байна. Энэ үед жилд 20 сая ам.долларын геологийн судалгааны ажил гүйцэтгэж байжээ.  1999-2000 онуудад геологийн судалгааны ажилд УИХ-аас жилд 1,0 тэрбум гаруй төгрөг олгожээ.  2005 онд 1,9 тэрбум төгрөг буюу энэ ажилд зарцуулсан  төсвийн хөрөнгийн санхүүжилт 21 хувь байна. 1997 онд "Ашигт малтмалын тухай хууль" батлагдсанаас хойш геологийн судалгаанд хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө гаргах нь мэдэгдэхүйц ихэсч, 2004 оны дүнгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 62,0 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн дүн гарсан. 2003 онд дээрх үзүүлэлт 42,8 тэрбум төгрөг байсан аж.

2004 онд геологи хайгуулийн ажлыг үнэт (алт, мөнгө), өнгөт металл (зэс, хар тугалга, цайр, полиметалл), шатах ашигт малтмал (нүүрс), ховор металл (гянт болд, молибден) зэрэг ашигт малтмалуудын чиглэлээр явуулж Оюу Толгой, Мандалын амны шороон орд, Таван Толгой болон Түмэн хоньтийн шороон ордод нийт 743,8 тонн алт, Оюу Толгойн ордод 20,8 сая тонн зэс, Цагаан толгойн ордод 51,9 сая тонн нүүрсний нөөц илрүүлж тогтоогоод байна гэж Л.Болд ярьжээ. Тэрчлэн 2004 онд манай орны нутаг дэвсгэрийн хэжээнд 280,0 мянган метр тууш өрөмдлөгийн ажил гүйцэтгэж 36,0 тэрбум төгрөг зарцуулсан нь 2003 оны үзүүлэлттэй харьцуулбал өрөмдлөгийн ажил 56,0 мянган тууш метрээр өсч хөрөнгийн хэмжээ 8,6 хувиар нэмэгдсэн баримт байгаа ажээ.