Лу.Болд: Ашигт малтмалын лиценз наймаалан амьдардаг нэг хэсэг хүн бий болжээ (2005.09.07)

A- A A+
Лу.Болд: Ашигт малтмалын лиценз наймаалан амьдардаг нэг хэсэг хүн бий болжээ (2005.09.07)

Лу.Болд: Ашигт малтмалын лиценз наймаалан амьдардаг нэг хэсэг хүн бий болжээ (2005.09.07)

Ашигт малтмалын лицензийг шинэчлэн олгож буй ажлын талаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд өгүүлэл бичиж “Өдрийн сонинд /¹215/ нийтлүүлжээ. Тэрбээр өгүүлэхдээ,  төрөөс лиценз олгох, түүнд хяналт тавих журам горимыг өөрчлөх, төр засгийг улсынхаа баялагт жинхэнэ эзэмшигчийн байр сууринаас хандахыг олон нийт шаардаж байна гээд нэг нь лиценз олгосон, нөгөөх нь авсан болдог, аль аль нь тодорхой хариуцлага хүлээдэггүй арга барилаа шинэчилж, Монголын төр өөрийн өмчдөө эзэн шиг эзэн байхыг хүсч байна гэжээ.

Түүний өгүүлэлд дурдснаар Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 1997 оноос хойш 2005 оны 7 сарын 31-ний байдлаар нийт 69,0 сая га талбайг хамарсан хайгуулын 5006 лиценз, 181,1 мянган га талбайг хамарсан ашиглалтын 917 лиценз одоо хүчин төгөлдөр байна. Хуулиар хайгуулын лицензийг 3 жил, сунгалтыг 2 удаа 2 жилээр хийснээр ашиглалтын лицензийг 60 жилийн хугацаагаар олгож зохих сунгалт хийлгэснээр дээд тал нь 107 жилээр эзэмших боломжтой байгаа юм.
Гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай 258 компани 1538 лиценз, тод-руулбал 38,4 сая га талбай буюу нийт лицензтэй талбайн 60,3%-г эзэмшиж байна. Лиценз эзэмшигчид хууль гарснаас хойших онуудад улсын төсөвт лицензийн төлбөр, хайгуулын зардлын нөхөн төлбөрийн хэлбэрээр 24,7 тэрбум төгрөгийн орлого оруулаад байгаа хийгээд энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 4,1 тэрбум төгрөгийн лицензийн төлбөр оруулжээ.

1997 оноос өнөөг хүртэл олгож ирсэн ашигт малтмалын хайгуулийн болон ашиглалтын лицензүүд нь Ашигт малтмалын тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн шаардлагуудад нийцэж байгаа ч лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, лицензийн гэрчилгээг хуульд нийцүүлэн төгөлдөржүүлэх шаардлага амьдралаас урган гарч ирж байна.
Нэгэнт       лиценз эзэмших    эрхээ эдэлж байгаа бол лиценз эзэмшсэний төлбөр төлөхөөс     гадна     үүрэг, хариуцлагын асуудал зайлшгүй байх ёстой. Манай байгууллага өнөөг хүртэл үйлчилгээ бүртгэл, лицензийн төлберийг хугацаанд нь авч үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй шуурхай үйлчлэхэд гол хүчин чармайлтаа тавьж ирсэн. Одоо бол лиценз эзэмшигч нартай тулж ажиллах, тэдний үүрэг хариуцлагыг улам өндөржүүлэх асуудал зүй ёсоор тавигдаж байна гэж Лу.Болд мэдэгджээ.

Лу.Болд хэлэхдээ:
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын (хуучин нэрээр) 2004 оны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас тус тусын чиглэлээр хийсэн шалгалтаар лиценз эзэмшигч нартай хариуцлага тооцох талаар хангалтгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт өгсөн юм. Дараахан нь УИХ болон Засгийн газрын хэмжээнд эдгээр асуудлыг олон талаас нь авч үзэн зохих дүгнэлтийг гаргасан. Одоо УИХ-аас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн жилийн лиценз олголтын асуудлуудыг хянан шалгаж байна. Ашигт малтмалтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг өөрийн орны өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага болон гадаад орны туршлагыг нэгтгэн дүгнэх үндсэн дээр судалж байна. Эдгээр ажлуудын үр дүнд бидний цаг алдалгүй хурдан хийх зүйл бол ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын       лицензийг шинэчилсэн загварын дагуу олгох ажил мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Бид юуг иш үндэс болгосон бэ?
1. Лиценз олголт өнгөрсөн хугацаанд хатуухан хэлэхэд замбараа муутай явагдсан. Маш олон газрын лицензийг авч ямар ч хайгуул, ашиглалт хийхгүй дарж, зөвхөн түүнийгээ наймаалан амьдардаг нэг хэсэг хүн бий болсон байна. Энэ бол төрийн өмчийг ашиглах тусгай зөвшөөрлийн утга учрыг алдагдуулж буй хэрэг юм. Үүнийг цэгцлэх хэрэгтэй байна.
2.Лиценз эзэмшигчийн улсын болон нутгийн төсөвтэй хийх тооцоог нарийвчлан тодруулах хэрэгтэй байна. Зарим хүн лицензээ аваад ор сураггүй алга болдог, зарим нь хэдэн гар дамжуулаад зарчихсан, ямар ч бүртгэл хяналтгүй байдаг явдлыг эцэслэх шаардлагатай.
З.Зарим лиценз эзэмшигч нар тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын тайлан, үйлдвэрлэлийн аюулгүй ажлын тайлангаа хуульд заасан хугацаанд гаргаж өгөхгүй байна.
4.Ашигт малтмалын лицензийн гэрчилгээний бүрдүүлбэр дутуу, хуулиар заагдсан зайлшгүй байх ёстой мэдээлэл байхгүй байна. Өнөөг хүртэл олгож байгаа гэрчилгээнд лиценз эзэмшигчийн овог нэр, тухайн лицензээр олгогдсон талбайн солбилцлуудыг тэмдэглэхдээ солбилцлуудыг гэрчилгээний эх хувь дээр биш харин лицензтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралтад тэмдэглэдэг байсан. Түүнээс улбаалан солбилцол давхардах, зарим хуулийн этгээд санаатайгаар талбайн солбилцлийг будлиантуулж манай байгууллагын ажлыг хүндрүүлж зарим лиценз эзэмшигчдэд төвөг учруулах явдал гарч байна.
5. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5 дахь заалтаар ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа, 15.10.6 дахь заалтаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл (лиценз)- тэйгээр эрхлэхээр заасан байдаг хийгээд тус хуулийн 4.1.5 дахь заалтад тусгай зөвшөөрөл (лицензийн гэрчилгээ)-нд заавал тусгах ёстой. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй байсан нь лиценз  эзэмшигчийн төрийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой бус болгон, хуулийн дагуу лицензийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээг авч чадахгүйд хүрсэн байна.
6. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайн лицензийг үнэ төлбөргүйгээр олгох, эсхүл хийх төлбөрөө бүрэн хийхгүй хугацаа алдах, өөрийн нэрээр компанид хувь болгон нийлүүлэх зэрэг үзэгдлүүд гарсаар байна.


Лицензийн загварыг  яаж шинэчлэв?
1. Лицензийн гэрчилгээнд заавал тусгахаар хуульд заасан зүйлүүдийг бүрэн тусгасан. Одоо лицензийн загварын шинэчилсэн хувилбарыг хараад тухайн лицензээр олгогдсон талбай аль аймаг, сумын ямар нэртэй газар байрладаг, эзэмшиж байгаа иргэн, компани, хуулийн этгээдийн нэр, хаяг, лицензээр олгогдсон талбайн хэмжээ, талбайг эзэмшиж байгаа хугацаа, лицензийн сунгалт, лицензийн эзэмшилд орсон өөрчлөлт, талбайн солбилцлууд, талбайн булангийн цэгүүдийн солбилцлийн өөрчлөлтүүдийг шууд ойлгоно.
2. Зарим иргэн, аж ахуйн нэгж лиценз авч төлбөрөе төлчихөөд л цаашаа харчихдаг явдлыг зогсоож эргэх холбоо бий болгоход лиценз эзэмшигч бүртэй байгуулах гэрээ чухал ач холбогдолтой болох юм. Уг гэрээнд лицензийн дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулах, лиценз эзэмшигчийн хуулиар тавигдсан нөхцөл шаардлагыг тодорхой болгож энэ талаар түүний хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгч байна.
Лицензтэй холбоотой маргаан үүсч шүүхийн шатанд очиход олгосон лицензийн гэрчилгээнд лиценз эзэмшигчийн үүрэг хариуцлага дэлгэрэнгүй нарийн заагдаагүйн улмаас зарим хүндрэл учирдаг нь алга болж, одоо лиценз эзэмшигч бүртэй гэрээ байгуулснаар хоёр талын харилцан хүлээх үүрэг хариуцлага улам тодорхой болж манай байгууллагаас тэдэнд тавих шаардлага хяналтаа улам чангатгах боломж нэмэгдэж байна. Лиценз эзэмшигчийн гэрээнд лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаандаа удирдлага болгох нөхцөл шаардлага, тухайлбал, хайгуулийн болон ашиглалтын лиценз эзэмшигчдийн үүрэг, байгаль орчныг хамгаалах болон хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх, тухайн орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тайлан зэрэг холбогдох мэдээ тайлан төлөвлөгөөг хугацаанд нь чанартай гаргаж өгч байх болон холбогдох хуулиудын заалтуудыг биелүүлээгүй тохиолдолд ногдуулах арга хэмжээний тухай заасан байна.
Энэ утгаараа лиценз эзэмшигчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хангалтгүй биелүүлж байгаа болон бүрэн биелүүлэхгүй байгаа лиценз эзэмшигчидтэй хуулийн дагуу хариуцлага тооцох эрхзүйн орчин өргөжиж байна. Ялангуяа лицензийн эрхийг түдгэлзүүлэх, цаашилбал, цуцлах нөхцлийн тухай хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилан заасан нь лиценз эзэмшигчид байгаль орчноо нөхөн сэргээхгүй байна, хайгуул, олборлолт явуулж байгаа орон нутагтаа хамааралгүй байна, ажиллагсад болон оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хангах талаар болон орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ лиценз эзэмшигч хангалтгүй биелүүлж байна гэсэн шүүмжлэлийг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд лиценз солих ажиллагаа нааштай үр дүн өгнө гэж найдаж байна.

3. Лицензийг бие биедээ өндөр үнээр дамлах, лицензийн    ченж   гэгддэг хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох, ашигт малтмалын нөөц ихтэй талбайг билэгдлийн төдий үнээр нэг нэгэндээ шилжүүлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хойшид гаргуулахгүй байх зорилгоор манай агентлаг лицензээ шилжүүлж шилжүүлэн авч байгаа хүмүүсээс худалдах, худалдан авах гэрээ, тэрчлэн хамтран ажиллахаар шийдвэрлэсэн хүмүүсээс  үйл ажилллагааны гэрээг нь шаардан авч шалгадаг болсон. Цааших асуудал нь манай мэдлээс гарч байгаа учраас татварын болон мэргэжлийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага гарч байна. Лиценз шилжүүлэх үйл ажиллагааг ил тод хяналттай байлгах эрхзүйн орчинг бүрдүүлэх аваас улсын төсөвт татварын хэлбэрээр нэмэлт орлого олох боломж байгааг татварын холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах байх.

Лиценз  эзэмшигч   бүр лицензийн гэрчилгээг шинэчилсэн загвараар сольж байгаагийн ач холбогдлыг өндөрөөр ухамсарлаж хуучин гэрчилгээгээ шинээр солих ажилд хариуцлагатай хандаж энэ ондоо багтан гэрчилгээгээ шинээр сольж авч лиценз эзэмшигчийн хариуцлагын гэрээг байгуулсан байвал зохино. Энэ бол лиценз эзэмшигч ард түмний баялгийг тусгай зөвшөөрлөөр түр хугацаагаар эзэмшиж байгаагийн хувьд төрийн омнө хүлээж байгаа чухал үүрэг юм.
Л.БОЛД (АМГТХЭГ)