Хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг чухалчилж байна (2005.09.16)
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын " Discover Mongolia -2005" чуулга уулзалтын хүрээнд "Эрдэс баялгийн салбарын хөгжлийн асуудлууд" сэдэвт уулзалт ярилцлага өчигдөр Төрийн ордонд болжээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн хэлснээс үзвэл, манай улсын уул уурхайн салбарт сүүлийн зургаан жилд гадаадынхны оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 950 сая америк долларт хүрчээ. Харин ҮНБ-ий тавны нэгийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг байна гэж “ЗМ” сонинд мэдээлэв.
Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдын илтгэлд дурдснаар, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улсын уул уурхайн салбарт 391 гаруй сая ам.доллар, үүнээс сүүлийн нэг жилд 147.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. 2004 онд геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл өмнөх оныхоос 30 гаруй хувиар өсч, улсын эдийн засгийн 40 орчим хувийг дангаараа хангажээ. 2004 онд геологи, уул уурхай, газрын тосны салбарынхан улсын төсөвт 270 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нь төсвийн нийт орлогын 17 шахам хувийг эзэлж байгаа аж. Манай улсын нийт экспортын 70 орчим хувийг уул уурхайн салбарын экспорт эзэлж байна. 2005 онд гурван ч хамтарсан үйлдвэр ашиглалтад орсон болохоор тус салбарын үйлдвэрлэл, экспортын хэмжээ 60 орчим сая ам.доллараар нэмэгдэх боломжтойг Үйлдвэр худалдааны сайд сайд тэмдэглэн хэлжээ.
“ЗМ” сонинд /¹220/ мэдээлснээр одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг батлаад найман жилийн хугацаа өнгөрсөн тул хуулийг боловсронгуй болгох, зарим зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай. Лиценз олголтоор хувьдаа ашиг олох, зарим аж ахуйн нэгж лицензийг олноор эзэмшдэг гэх шүүмжлэл олон нийтийн дунд хүчтэй өрнөж байгааг сайд хэлжээ. Дэлхийн олон, орон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг элдэв хөнгөлөлт, чөлөөлөлтөөс татгалзаж, төлбөрийг бууруулах, түүнийгээ тогтвортой хадгалахыг эрмэлздэг тогтолцоог чухалчилдаг болсон гэдгийг уулзалтад оролцсон хүмүүс хэлж байлаа.
Харин уулзалтад оролцсон гадаадын томоохон хөрөнгө оруулагчид одоогийн мөрдөж байгаа зарим хуулийг боловсронгуй болгох ажлыг цаг алдалгүй хийх хэрэгтэй байгааг онцолж, гэхдээ тэдний хувьд Монголын төр тус салбарт явагдаж буй үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь туйлын чухал хэмээн үзэж байна.