УИХ-ын дарга Ц.Нямдорж 24 дүгээр тойргийн асуудлаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид ханджээ (2005.09.16)
УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн асуудлаар гаргасан гомдолд хариу өгч 2005 оны намрын чуулганаас өмнө хэргийг эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатаас хүссэн албан бичгийг өчигдөр явуулсан байна.
Уг албан бичигт дурдснаар, УИХ-ыг сонгох дөрөв дэх удаагийн ээлжит сонгууль болоод нэг жил, хоёр сар гаруй хугацаа өнгөрч байхад 24 дүгээр тойрогт явагдсан санал хураалтын талаарх маргааныг шүүх өнөө хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байна. Хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхийн Захиргааны хэргийн хэргийн танхим 2005 оны гуравдугаар сарын 21-ны өдөр маргааныг хянаж 11 дүгээр тогтоол гаргасан. Холбогдох тал уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг 2005 оны тавдугаар сарын 16-ны өдөр Ерөнхий шүүгч Ч.Ганбатад өгчээ. Үүнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч байхад гомдолд хариу өгөөгүй, хэрхэх нь тодорхойгүй байна.