Мэргэжлийн хяналтын сайд Д.Дорлигжав: Зөрчлүүдийг арилгахгүй бол Тавантолгойн нүүрсний ордын лицензийг хураана (2005.09.09)
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас 100 орчим километр зайтай орших Тавантолгойн коксжсон нүүрсний орд газрыг эзэмшигчид Монгол Улсын төрийн оролцоог орхигдуулж дураараа авирлаж байна хэмээн Улсын мэргэжлийн хяналтын газар үзэж байна хэмээн «АЭ» сонины 117 дугаарт мэдээлжээ. Улсын мэргэжлийн хяналтын газраас 2005 оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 13-ны өдрүүдэд тус ордын ашиглалтын байдалд шалгалт хийсэн ажээ. Тус сонины мэдээлснээс үзвэл тус ордыг Монгол, Хятадын хамтарсан компани эзэмшиж байгаа бөгөөд хамтран эзэмшигч БНХАУ-ын "Пүү Шин" компани Өмнөговийн Дулааны цахилгаан станцыг засварлан өгч, дээр нь Хуримын ордон, гаалийн барилга барьж өгөхөөр тохиролцсон 1.7 тэрбум төгрөгийн өртөгтэй байна. Гэхдээ шалгалтын комиссынхон энэ явдлыг цэвэр хээл хахууль гэж үзэж байгаа аж. Тэрчлэн шалгалтын явцад хамтарсан компанийнхан зөвшөөрөлгүйгээр карьер ашиглаж байгаа, газрын баялаг ашигласны нөхөн төлбер төлөөгүй зэрэг ноцтой зөрчлүүд, авилгатай холбоотой баримт илэрсэн гэж тус сонинд бичжээ. Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Д.Дорлигжав Өмнөговь аймгийн "Таван толгой" ХК-ийн удирдлагуудтай уулзахдаа эдгээр зөрчлийг 2005 оны аравдугаар сарын 15 гэхэд арилгах үүрэг өгөөд эс биелүүлбэл лицензийг нь хураахаа мэдэгдсэн байна.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хянаптын газрын дарга Ж.Ганбаагийн «АЭ» сонинд өгсөн ярилцлагаас үзвэл "Тавантолгой"-н нүүрсний орд газрын 49 хувийг иргэд, 51 хувийг төрийн оролцоотойгоор ашиглах ёстой. Гэтэл төрийн төв байгууллагуудаар нэг ч шийдвэр гаргуулаагүй байна хэмээн мэдэгджээ.