Ц.Элбэгдорж: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд орон нутгийн эрх мэдлийн асуудлыг тусгаагүй бол Засгийн газар авч хэлэлцэхгүй (2005.08.29)

A- A A+
Ц.Элбэгдорж: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд орон нутгийн эрх мэдлийн асуудлыг тусгаагүй бол Засгийн газар авч хэлэлцэхгүй (2005.08.29)

Ц.Элбэгдорж: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд орон нутгийн эрх мэдлийн асуудлыг тусгаагүй бол Засгийн газар авч хэлэлцэхгүй (2005.08.29)

Сүүлийн жилүүдэд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсэний үр дүнд алт олборлолтын хэмжээ өсчээ. Алтны ашиглалтын лиценз энэ оны эхний байдлаар 553 байгаагийн 34 нь үндсэн ордынх, 519 нь шороон ордынх байна. Одоогоор 120 алтны уурхай  ашиглалт явуулж байна гэж Үйлдвэр худалдааны сайд С.Батболд алт олборлолтын асуудлаар 2005 оны наймдугаар сарын 26-нд Засгийн газраас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ. Тэрбээр "Алт олборлолтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт танилцуулга хийжээ.

Түүний хэлснээс үзвэл  өнгөрсөн онд Бороо гоулд компанийн үндсэн ордыг ашиглалтад оруулснаар алтны үйлдвэрлэл огцом өсч, энэ нь манай улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн аж. Сүүлийн долоон жилд алтны үйлдвэрлэлээс улсын төсөвт оруулсан орлого 5,8-40,3 тэрбум төгрөг болж өсчээ. Олборлолтыг нэмэгдүүлэх тутам нөөц багасч байгаа нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна гэж сайд Сү.Батболд үзэж байна. Одоогийн байдлаар Монголын алтны нөөцийг 120,4 тонн гэж тодорхойлоод байгаа аж. Ерөнхийлөгч асан П.Очирбатын хэлснээр Монгол Улс алтны гурван тонн нөөцтэй гэж үзэж  "Алт" хөтөлбөрийг эхлүүлж байжээ. 2004 онд манай улс хайгуулд зарцуулсан хөрөнгөөр дэлхийн топ арван орны тоонд орсныг "Metals economics group" мэдээлжээ.

Алт олборлолтын салбарт тулгамдаж байгаа олон асуудлын нэг нь гар аргаар алт олборлогчдын бүхэл бүтэн давхарга бий болсонд оршиж байна. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хийсэн судалгаагаар өвөлд 10-20 мянга, зунд 30-50 мянган хүн гар аргаар алт олборлож байгаа аж. Харин гадаадын байгууллагуудын судалгаагаар энэ тоо хоёр дахин нэмэгдэж байгаа юм. 2005 оны эхний хагас жилд гар аргаар алт олборлогчид цэврээр 685,6 кг алт худалджээ. Хууль бусаар алт олборлогчид нөхөн сэргээсэн талбайг эвдрэлд оруулдаг бөгөөд Архангай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт нийт хоёроос гурван мянга гаруй га газар дахин эвдрэлд оржээ.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, БОЯ, Цагдаагийн ерөнхий газар, орон нутаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөгчид оролцож санал бодлоо илэрхийлжээ.

Гар аргаар алт олборлох нь нийгмийн тодорхой үзэгдэл боллоо гэж ХЗДХ-ийн дэд сайд Сүхбаатар хэлээд лиценз олгохдоо анхаарах зүйл их байгаа тул эргэж харах хэрэгтэй гэж мэдэгджээ. Засгийн газрын тогтоолоор цагдаагийн байгууллага алт олборлох, тээвэрлэх, цэвэршүүлэхэд хяналт тавьдаг байсныг 2003 онд зогсоожээ. Цаашид хувиараа алт олборлох явдлыг эрхзүйн зохицуулалтад оруулж, алтны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам сахиулах газрын дарга Д.Бумнанжид хэлжээ. Түүний хэлснээс үзвэл гар аргаар алт олборлож буй газарт 2005 он гарсаар 110 гэмт хэрэг гарсан байна.

Төв аймгийн Заамар суманд 1996-2000 онд 30 гаруй уурхай ажиллаж байсан бол одооо 19 уурхай байна. Нийт 112 лиценз олгосон нь орон нутгийн даацаас хэтэрсэн. Ийм олон уурхайтай мөртлөө манай суманд ганц тоосго ч нэмэгдээгүй хэмээн  тусын сумын Засаг дарга Д.Раах энэ хэлэлцүүлэг дээр хэлээд Ашигт малтмалын тухай хуульд лиценз шилжүүлэх талаар нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал хэлжээ. Тус суманд л гэхэд гар аргаар алт олборлодог хүний тоо өвөлдөө 3000, зундаа 8000 хүрдэг аж. Гар аргаар алт олборлох нь улирлын чанартай учир эрхзүйн үүднээс ажиллах боломжоор хангах асуудлыг өмнө шийдвэрлэх нь зүйтэй гэж оролцогсод үзэж байна.

Ашигт малтмал, алт олборлолтын талаар олон талаас нь авч хэлэлцэх зорилготой ийм  хэлэлцүүлгийг цаашид тогтмол зохион байгуулна гэж энэ хуралд оролцсон Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хэлжээ. Тэрбээр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гар аргаар алт олборлогчид, алтны компаниуд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг багтаана. Хэрэв шинэ хуулинд орон нутгийн эрх мэдлийн асуудлыг тусгаагүй бол Засгийн газар авч хэлэлцэхгүй гэж мэдэгдсэн байна.