Ц.Элбэгдорж: Уул уурхайгаас орж ирж байгаа орлогын зарцуулалт тодорхой байх ёстой (2005.09.15)
“Discover Mongolia 2005” чуулга уулзалтын хүрээнд 2005 оны есдүгээр сарын 15 нд Ашигт малтмал, Газрын тосны Хэрэг эрхлэх газар, Yйлдвэр худалдааны яамнаас хамтран зохион байгуулсан “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн асуудлууд” сэдэвт уулзалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг толилуулж байна.
Арваад жилийн өмнө Монголын уул уурхайн бүс нутгууд дэлхийн карт дээр тэмдэглэгдээгүй байсан бол одоо дэлхийд уул уурхай хөгжиж байгаа 10 улсын нэгд зүй ёсоор тооцогдон бүртгэгдээд байна.
Монгол Улсад уул уурхайн салбар хамгийн гол салбар болон хөгжиж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс ч энэ чиглэлд ихээхэн анхаарал тавьж байгаа юм. Одоо би та бүхэнд Засгийн газраас анхаарал тавьж байгаа гол салбаруудыг нэрлэх гэж байна. Yүнд уул уурхай, дэд бүтэц, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг хамруулж байгаа болно. Эдгээр таван салбарыг тэргүүлэх салбар хэмээн үзэж, гадаадын хөрөнгө оруулалтыг ч түлхүү чиглүүлэх болсон юм.
Монгол Улсын Засгийн газар гаднын хөрөнгө оруулагчдад нээлттэй, хууль эрхзүйн хувьд хамгийн боломжтой орчныг хадгалж ажиллах болно гэдгийг хэлмээр байна. Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах нь бидний гол зорилго болж байна. Ойрын үед хэрэгжүүлэх бодлогын хоёр гол асуудал төлөвлөгдөөд байгаа юм. Тухайлбал, татварын шинэчлэлтэй холбоо бүхий багц асуудлыг Засгийн газраас боловсруулан бэлтгэж, УИХ-д өргөн бариад байна.
Байгалийн баялаг ихтэй улс орны хөгжил сул байдаг гэсэн ойлголт дэлхий нийтэд түгээмэл байдаг. Монгол орны хувьд тийм орны тоог нэммээргүй байгаа болно. Байгалийн баялгаа сайн ашиглах, үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтад суурилах, түүнийг өөр рүүгээ татах боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Иймд бид Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тухайлбал, лиценз тойрсон асуудлууд дээр бусдын сайн туршлагаас судалж, боловсруулахаар зэхэж буйг дурдах хэрэгтэй юм.
Хамгийн гол нь уул уурхайгаас орж ирж байгаа орлогын зарцуулалт тодорхой байх ёстой гэдэг дээр бид анхаарлаа хандуулж байгааг хэлэх нь зүйтэй.
Энэ уулзалтад хүрэлцэн ирсэн Монголд хөрөнгө оруулагчид, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүд та бүхний хамтран хэлэлцэх асуудалд амжилт хүсье.